“Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр байна” | News.MN

“Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр байна”

“Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр байна”

“Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр байна”

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаатай Covid-19-ийн нөхцөл байдал, дараагийн давлагаа болон сармагчны цэцэг өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.


-Цар тахлын аюул намжаагүй ч Монгол Улсад Covid-19-ийн үед авч хэрэгжүүлж байсан хоригийг бүрэн цуцалсан. Энэ зөв үү, цар тахлын давлагаа дотоодод дахин үүсвэл эрүүл мэндийн салбар бэлэн байгаа юу?

-Covid-19-ийн нөхцөл байдал энэ оны гуравдугаар сараас эхлэн харьцангуй намжиж, хяналтад орсон. Харин сүүлийн хоёр долоо хоногт дараалан тус бүр 900 гаруй тохиолдол батлагдаад байна. Одоогоос сарын өмнөх нөхцөл байдалтай харьцуулж үзэхэд энэ батлагдаж буй тохиолдол нэмэгдэж байгаа нь таатай үзүүлэлт биш. Улсын хэмжээнд халдварын тархалтыг хяналтад авсан гэж үзэж байгаа ч орон нутгийн тухайд авч үзвэл шар болон улбар шар түвшинд шилжсэн аймгууд хэвээр байна. ДЭМБ-аас юу зөвлөж байна вэ гэхээр цаашид ч Covid-19 бүрэн арилахгүй, устахгүй бөгөөд хүн амын дунд тодорхой хэмжээгээр бүртгэгдэж, нутагшмал байдалтай байна. Иймд улс орнууд хяналтад авах боломжтой хэмжээнд батлагдах тоог барих нь чухал. Энэ тохиолдолд заавал цар тахлын үеийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж яарахгүй.

-Иргэдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна. ХӨСҮТ-ийн ачаалал буурсан уу, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хүртээмж ямар байна вэ?

-Улс орны хэмжээнд халдварын ногоон түвшинд шилжсэнтэй холбоотойгоор Covid-19-өөр өвдсөн иргэдийг хэвтүүлэх орыг буулгасан. Улаанбаатар хотод зайлшгүй хэвтэх шаардлагатай, биеийн байдал нь хүндэвтэр, хүнд болон нэн хүнд хүмүүс ХӨСҮТ-д хэвтэж байна. Сүүлийн нэг сар Covid-19-ийн тасгийн орны дүүргэлт ихэссэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар тус тасагт 200 гаруй хүн Covid-19-өөс шалтгаалж хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийг авч үзвэл 60-70 хувь нь вакцины тунд хамрагдсан бөгөөд архаг, суурь өвчтэй байгаа юм. Вакцингүй бүлгийн хүндрэх эрсдэл их байна гэж ойлгож болно. Ачааллын үед ХӨСҮТ хоногт 300-400 хүн хүлээж авч байсан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг тооцоолол хийж хангадаг. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын үед хамгийн багадаа гурван сарын нөөцтэй байх хэрэгтэй гэж шаардаж байгаа.

Одоогийн байдлаар тархалтын хувьд хяналтад авах боломжтой гэж харж байгаа учраас тусгаарлах эмнэлэг гаргах, ор нэмэх шаардлагагүй. Тэр утгаар бусад бүх эмнэлэг үндсэн үйл ажиллагааны хэлбэрт шилжсэн. Хэрэв халдварын тархалт цаашид дахин оргилдоо хүрвэл тухай бүрд нь зохицуулалт хийж ажиллана. Харин томуугийн тухайд энэ жилийнх онцлогтой. Томуугийн тархалт 10-12, 3-4 дүгээр сард явагддаг. Энэ жилийн хаврын дэгдэлт хожуу эхэлсэн. Аймгуудад ч томуугийн тархалт өөр өөр түвшинд ангилагдаж байна.

Дэлхий нийтээр ажиглавал Covid-19-ийн дараах томуугийн өвчлөлийн дүр зураг А хүрээний H3N2 илүү давамгай тархалттай байна. Монгол Улсын хувьд ч ялгаагүй адил.

Мөн амьсгалын замын вирусийн өвчлөл бүртгэгдсэн. Тиймээс цар тахлын дараа өвөрмөц онцлогтой томуугийн улирал үргэлжилж буйг анхааруулж байна. Олон улсын эрдэмтдийн судалгаанаас үзвэл Covid-19-ийн дараа томуугийн тархалтын динамикт тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Одоо омикрон хувилбарын дэд хувилбарын өвчлөл явагдаж байгаа гэсэн үг. Омикрон дотор B1, B2, B3, XA гэхчилэн олон дэд хувилбартай. Дотоодод бүртгэгдэж байгаа тохиолдлыг шинжилж үзвэл 80-90 хувь нь B2 хувилбараар үүсгэгдсэн өвчлөл түгээмэл байна.

"МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХӨДӨЛГӨӨН 200 ГАРУЙ ХУВЬ НЭМЭГДЭЖ БАЙГАА НЬ ЭРСДЭЛ"

-Удахгүй хүүхдийн баяр, улсын баяр наадам болно. Олон нийтийн хөдөлгөөн нэмэгдэх нь халдвар дахин тархах эрсдэл болох уу, үүнтэй холбоотой судалгаа шинжилгээ хийж байгаа юу?

-Хүн амын хөл хөдөлгөөнийг хянаж байна. Сүүлийн долоо хоногийн статистикаас харвал Монгол Улсын хүн амын хөдөлгөөн 200 гаруй хувьтай болсон. Энэ бол цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хамгийн өндөр түвшинд хүрсэн хэлбэр. Удахгүй болох баяруудад хүний хөдөлгөөн бүр ч өснө. Тиймээс Covid-19-тархалт ч дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Цар тахлын тархалтад нийтээр хамрагдаж буй үйл ажиллагаа хамгийн их хамааралтай. Тиймээс иргэд хувь, хувьдаа ухамсартай байж халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Дээр хэлсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Covid-19 арилахгүй. Хүн амын дунд нутагшаад байгаад л байна. Иймд иргэд амны хаалт тогтмол зүүж, дархлаажуулалтад заавал хамрагдах нь зөв.

Халдварын тархалт ихэсвэл түвшнээс хамаарч нийгмийн эрүүл мэндийн бусад хориг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

-Цар тахлын үеийн хоригийг цуцалсан ч хууль хэвийн хэрэгжиж байна. Үүнд ХӨСҮТ-өөс ямар нэгэн байр суурь илэрхийлсэн үү?

-Өвчлөлийн тархалт өндөр байсан үе буюу 2021 онд өдөрт 9-10 мянган тохиолдол батлагдаж байсан. Энэ үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Хөл хорио тогтоох, үйлчилгээний байгууллагад цагийн хязгаарлалт хийх зэрэг. Харин одоо өвчлөл харьцангуй тогтвортой байгаа учраас хоригийг сэргээх шаардлагагүй.

Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан. Мөн өвдөөд эдгэсэн хүмүүс байна. Үүнийг сүргийн дархлаа тогтсон гэж үзэх учраас хөл хорио, хязгаарлалт тогтоох шаардлагагүйг ДЭМБ-аас мэдэгдсэн.

Иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг сайн авч чадвал Covid-19 болон томуугийн халдвар авахгүй байх боломжтой. Гол нь эрт тайвширч болохгүй.

"САРМАГЧИН ЦЭЦЭГ ӨВЧИН АВСТРАЛИ, ЕВРОПТ БҮРТГЭГДСЭН НЬ ӨВӨРМӨЦ ТОХИОЛДОЛ"

Covid-19 намжаагүй байхад сармагчны цэцэг өвчний тохиолдол 13 улсад гарлаа. Үүнээс Монгол Улс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргасан уу?

-Сармагчин цэцэг өвчин олон улсад гэнэт бүртгэгдэж эхэллээ. Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд энэ төрлийн халдварт өвчнийг түрүүлж оношилж, мэдээлээд явж байна. ДЭМБ-ын энэ сарын 21-ний тоон мэдээгээр нийт 90 гаруй тохиолдол батлагдаж, 30 гаруй сэжигтэй тохиолдлыг тусгаарласан байна. Монгол Улс бол Номхон далайн баруун бүсэд харъяалагддаг. Энэ бүс нутгийн 30 улсаас нэг улсад буюу одоогийн байдлаар Австралид тус халдварт өвчин бүртгэгдсэн.

Сармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдэлийн үнэлгээ хийсэн.

Дотоодод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна.

Эрсдэл байгаа учраас хариу арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох албадтай хамтарч ойрын хугацаанд гаргахаар ажиллаж эхэлсэн.

-ХӨСҮТ дээрх өвчний халдварлах хэлбэр, өвчлөлийн онцлог, илрэх шинж тэмдэгт судалгаа хийх үү?

-Эмнэлзүйн явцыг мэдээлэл солилцох хүрээнд хэлэлцсэн байна. Лабораторийн түвшинд энэ төрлийн өвчнийг хэрхэн илрүүлэх зэргийг судална. Халдвар тархах тухайд ерөөсөө хүн хоорондын контакт буюу шүргэлцэх, хүрэлцэх. Өөрөөр хэлбэл сармагчны цэцэг өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болж, ямар нэгэн байдлаар гар барих, хүрэлцэх, мөн агаар дуслын замаар ч халдвар дамжиж болно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Энэ өвчний үед илэрч байгаа эхний шинж тэмдэг бол тууралт. Тууралт нь цэврүүт, гүвдрүүт шинжтэй, нүүрнээс эхлэн мөч рүү тархсан хэлбэртэй илэрнэ.

Монгол Улсын хүн амын дунд энэ төрлийн тууралттай өвчлөл их байдаг. Тухайлбал, салхин цэцэг, бэлгийн замаар дамжих халдварт өвчний үеийн тууралт буюу заг хүйтэн, тэмбүү, шарх зэрэг. Эдгээр өвчлөлийн тууралтаас ялгахын тулд иргэд хэд хэдэн зүйлийг мэдэх хэрэгтэй. Хэрэв шалтгаангүйгээр өвөрмөц тууралт гарах л юм бол иргэд эрүүл мэндийн байгууллагад хандаж ялган оношлуулах нь зөв.

Бэлгийн замын халдварт өвчний үед яр, шарх гардаг учир үүнээс ялгахын тулд эмэгтэйчүүдийн кабинет, БЗХӨ-ий тасаг, жирэмсэн эхчүүдийн үзлэгийн эмч нар маш сайн мэдээлэлтэй байх шаардлагатай болж байна.

-Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, энэ өвчний үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг шинээр боловсруулах хэрэгтэй юу?

-Тийм. Хууль эрхзүйн хувьд тандалт, оношилгоо, эмнэлзүйн түр зааврыг яаралтай гаргах шаардлагатай болсон. Түр заавар гаргаж, бүх аймаг, дүүргийн эрүүл мэндийн газар, БЗХӨ-ий кабинетын эмч нарыг цуглуулж мэдээлэл өгөх гэж байна. Өвчний үед дараах шинж тэмдгүүд илэрнэ гэдгийг эмч нарт танилцуулж, тус шинж тэмдэгтэй өвчтөн ирвэл яаралтай ХӨСҮТ рүү шилжүүлэх зохицуулалт хийхээр төлөвлөөд явж байна.

Олон улсад тархсан сармагчны цэцэг өвчний тархалт зөөвөрлөгдөж орж ирэх магадлал өндөр. Дотоодод тархах тухайд нууц үедээ мэдэгдэхгүй гадаадаас ирсэн хүнээс халдвар тархах эрсдэл их гэж тооцоолж байна.

Учир нь энэ өвчний нууц үе урт хугацаанд үргэлжилнэ. Нууц үеийг авч үзвэл 4-21 хоног дунджаар 5-11 хоногт эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлнэ. Үүнээс харахад гадаадаас халдвартай ирсэн хүн өөрийгөө мэдэхгүйгээс болж хүн амын дунд халдвар тархаах эрсдэл их байгаа юм.

"ХАЛДВАРТАЙ БҮСЭЭС ИРЭХ ИРГЭДИЙГ ТУСГААРЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ"

-Гадаадаас ирэх жуулчдыг тусгаарлах зохицуулалтыг дахин хийх үү, ямар нэгэн санал ЭМЯ-нд гаргасан уу?

-Батлагдсан тохиолдол бүртгэгдсэн улс орны хувьд тухайн хүнийг тусгаарлаж байна. Австралид өнөөдрийн байдлаар хоёр тохиолдол батлагдсан бөгөөд эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, тусгаарлаж байна. ХӨСҮТ-өөс одоогоор ямар нэгэн санал ЭМЯ руу хүргүүлээгүй. Харин хилийн хяналтыг чангатгаж, нэмэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

Тиймээс гадаадаас ирж байгаа өвөрмөц тууралттай, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудаст халуурсан, тууралт үүсч байгаа гэж бөглөсөн хүмүүсийг тусгаарлах талаар өнөөдөр санал нэгдсэн. Гэхдээ хаана, хэд хоног, яаж тусгаарлах зааврыг нарийн гаргаагүй байна.

Энэ төрлийн халдварт өвчнийг илрүүлэхэд лабораторийн оношлох боломж Монголд бага. Харин АНУ, Австрали зэрэг өндөр хөгжилтэй улс оронд бол боломжтой. Оношилгооны хувьд Монгол Улсад нэмэлт тусламж шаардлагатайг ДЭМБ-д мэдэгдсэн.

-ХӨСҮТ-ийн засвар, орчин нөхцөл өнгөрсөн хугацаанд багагүй шүүмжлэл дагуулсан. Түүнээс хойш эмнэлгийн орчныг сайжруулах хүрээнд ямар ажлууд хийсэн бэ?

-Covid-19-тэй холбоотойгоор эмнэлгийн, оношилгооны бэлэн байдлын хүндрэлтэй үеийг даваад гарлаа. Тухайн үед ЭМЯ, бодлого шийдвэр гаргах түвшинд удаа дараа мэдэгдэж, хүсэлт тавьсны үр дүнд ажлууд хийгдсэн байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн эмнэлзүй, клиникийн хэсгийн барилга байгууламжуудад засвар шинэчлэлт  хийгдсэн. Ингэснээр үйлчлүүлэгч, өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэхэд ээлтэй болсон.

Энэ жил үргэлжлүүлж засварын ажлуудыг хийнэ. Нийт нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн дагуу засвар хийгдэхээр байна. Мөн дээрээс нь өөрийн хөрөнгийг ашиглаж эмнэлгийн орчныг сайжруулна.

Халдварт өвчин судлалын үндэсний төв улсад цор ганц байдаг эмнэлэг. Ачааллын хувьд харсан ч орон нутагт ямар байна вэ?

-Халдварт өвчин бол нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөл. Ийм бүсэд хариу арга хэмжээ авах, тандалт хийх бүхэл бүтэн тогтолцоотой. АНУ, Өмнөд Солонгост өвчний хяналт сэргийлэлтийн төв гэж байдаг. Бодлого, шийдвэр, хариу арга хэмжээний үйл ажиллагааны үед Монголд ХӨСҮТ энэ үүргийг цар тахлын хугацаанд тодорхой хэмжээнд үүрч, гол ачааллыг хүлээсэн. ЭМЯ дээр өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулах асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Иймд энэ чиглэлээр цаашид зохицуулалт хийж,9 тушаал, шийдвэр гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-25 103.80.210.183

шинэ ДОХ юм биш биз? халдсан хвьтсан нь дандаа г*** нар байх гэж.

Avatar

Зочин 2022-05-25 213.87.136.97

))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Энхийг сахиулагчдаа сайн шалга 2022-05-25 202.9.40.103

Ян.хан’г омо-нууд энхийг сххиулагч нэртэй Африк; Суданаар тэнүүчлэгчид нар чирээд ирчихсэн бгаа ч юм билүү. Манайх энэ байтугай эгэл өвчин илэрүүлэх чадваргүй юм чинь .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж