Тэрслүү үг: МАН-ын дарга нарыг шоолохыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: МАН-ын дарга нарыг шоолохыг хориглоно

Тэрслүү үг: МАН-ын дарга нарыг шоолохыг хориглоно

Ардчилсан нам гүтгэх, хараах эрх чөлөөг иргэдэд өгсөн. Атал Ардын нам “амьтан хүнд доромжлуулах” дургүй. Тиймээс тэд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “доромжлох” заалтыг суулгаж өгсний цаад санаа нь иргэдийнхээ амыг барих гэсэн зорилготой. Тэр тусмаа Х.Нямбаатар “энэ заалт сэтгүүлч, комедиан нарт үйлчлэхгүй” гэсэн биш иргэдээ ялгаварлан гадуурхсан, жинхэнээсээ доромжилж, тохуурхсан үг, үйлдэл болов.Хуульд сэтгүүлч, комедиан нар хүн доромжилж болно гэж зааж өгөөгүй л бол Эрүүгийн хуулийн зүйлчлэл иргэн бүрт адилхан үйлчилнэ гэсэн үг.

Эрүүгийн хуулиар биш, иргэний маргаанаар зохицуулагдаад ирсэн асуудлыг ингэж хүндрүүлэх ямар шаардлага байна аа. Тэгэхээр нэг ёсондоо “доромжлох” заалтыг Эрүүгийн хуульд суулгаж өгсөн нь эрх баригчид иргэдийнхээ шүүмжлэлээс ихэд айж, ичиж байна гэсэн үг. Гээд МАН дандаа засгийн эрхэнд мандаж явахгүй нь лав. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг.

Хуулийн төслийн 13.15-д зааснаар “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240  цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаатайгаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” аж. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг доромжилсон гэж шүүхээс тогтоогдвол дор хаяж 450 мянган төгрөгөөр торгуулна гэсэн үг.

Дээр нь намтартаа эрүүгийн ял шийтгэл эдэлж байсан гэх өгүүлбэртэй үлдэнэ. Тэр тусмаа доромжилсон, гүтгэсэн гэж цагдаа тогтооно гэвэл иргэдийн эрх зөрчигдөх нь дамжиггүй.  Хэзээ байтлаа манай цагдаа нар манийг хамгаалдаг байлаа даа. Миний цагдаа МАН-ыг л хамгаалж ирсэн шүү дээ.

Жишээ нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг өндөр, сайхан залуу гэвэл үүнийг доромжлол гэх үү, магтаал гэх үү. Эсрэгээрээ намхан гэх нь доромжлолд тооцогдох уу? Тэрчлэн Н.Учралын боов тарааж байгаа зургийг хараад иргэд инээвэл яах вэ. Мөн л доромжилсон болох уу. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг боов идэж байгаа зургийг нь шэйрлэвэл гүтгэсэн, доромжилсон хэргээр ял шийтгэл хүлээх үү. “Бидон”  Ганбаа гэж дуудвал ямар торгууль ногдуулах вэ. Цаашлаад 76 мал гэвэл мал доромжилсон болох уу, хүн доромжилсонд орох уу гэх мэтчилэн олон асуулт тавигдаж байна.

Хуульч Г.Эрдэнэбат Даваа гаригт Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр тогосны өд, хүний нэр төрийг төр хамгаалах боломжгүй гэсэн. Үнэн л дээ, төр хоёр хүний хэрүүлд оролцож, бусдын нэр төрийг хамгаалдаг “баатар” болдог юм аа гэвэл тэнд жинхэнэ хэлмэгдүүлэлт явагдана. Тэгээд ч монголчууд хүн нэрээ, тогос өдөө гэж ярьдаг.  Тэгж их нэрээ бодож  байвал боов, бохь, данх, сав тараахаа больчих л доо. Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан гэгчээр улстөрчид өөрсдийнхөө үг, үйлдлээс болж нэг нэр, хоёр хочтой үлддэг нь худлаа биш. Тэгээд ч иргэдийн шүүмжлэлд эмзэглээд байгаа юм бол шүүмжлэл дааж сурах хэрэгтэй. Үгүй бол улстөрөөс явсан нь дээр.

Хил хязгааргүй сурвалжлагчид /RSF/ олон улсын байгууллагаас гаргасан 2022 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 22 байр ухарсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө улам бүр хумигдсаар байгаа нэг үзүүлэлт.

Жишээ нь, “Энхсаран” сувиллаас covid-19 тарсан гэж бодит үнэнийг дэлгэсэн иргэн Д.Мөнхбатыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчсөн/ 500 мянган төгрөгөөр торгосон байдаг.

Ийм байтал “доромжлох, гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд суулгаж өгөх юм бол хэвлэлийн эрх чөлөө дуусгавар болно.  Цаашлаад ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө алдана. Иймээс Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж буй “гүтгэх, доромжлох” заалтыг иргэд эсэргүүцэх хэрэгтэй. Дурын дарга намайг доромжилсон гэж хэн нэгнийг эрүүгийн хэрэгтэн болгодог болно гэсэн үг.

АН-ын үед буюу 2015 онд “гүтгэх” заалтыг Эрүүгийн хуулиас хасч, Зөрчлийн хуулиар шийдвэрлүүлдэг болсныг МАН засгийн эрхэнд гарсныхаа дараа дахин Эрүүгийн хуульд оруулж өгсөн байдаг. Гэтэл нэмээд “доромжлох”  заалтыг  Эрүүгийн хуульд оруулж иргэдээ яллах юм гэнэ дээ. Ингэж байхаар нэг мөр иргэд эрх баригчдыг шоолж инээхийг ч хориглоно гээд Эрүүгийн хуульд суулгачихвал яасан юм бэ?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж