Зэрлэг амьтдыг "АМЬДРУУЛАГЧ"

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Зэрлэг амьтдыг "АМЬДРУУЛАГЧ"

Зэрлэг амьтдыг "АМЬДРУУЛАГЧ"

Ойн чөлөөнд дөнгөж төрсөн нялх янзага хэвтэнэ.  Хажууханд нь эх зээр нь идээшлэн зогсож байна. Ойн гүн рүү "орвол" сагсгар хэрэм самар цөмж харагдав. Цаашлаад "алхвал" загасчилж буй ойн эзэн хүрэн баавгайтай ч таарлаа.  Өглөөний шүүдрээр гоёсон бүжин туулай өөдөөс минь ширтэнэ. Түүний дэргэдэх модон дээр шар шувуу сууж байлаа. Ойн хаяанд гарвал тээр тэнд хот айл үзэгдэнэ. Хотын айлын ноход модны чөлөөнд гүйж байна.

Түүний үзэсгэлэнг сонирхсон олон хүнд ойд алхаж, зугаалж яваа мэт мэдрэмж төрсөн байх. Аль эсвэл орчин цагийн 3D кино үзэж байгаа мэт. Ан амьтад бодит мэт, яаж ийм төгс зураа вэ гэж дуу алдмаар. Үзэсгэлэнг үзэж сонирхож явсан хүмүүс “Амьтдыг яг бодит юм шиг зурсан байна. Харандаагаар яаж ийм бүтээл зурдаг юм бол” гэж өөр хоорондоо шивнэлдэх нь чих шүргэв.

Түүнийг зураачид реалист Баяр гэдэг. Х.Баярмагнай Монгол орны “Улаан ном”-нд бүртгэлтэй ирвэс, буга, шонхор, шилүүс, цоохор ирвэс зэрэг зэрлэг ан амьтдыг эх орныхоо үзэсгэлэнт байгальтай хослуулж, төгс "амилуулжээ".

Зураач Х.Баярмагнай

Тэрбээр хайпер реализм чиглэлээр зурдаг,  сүүлийн жилүүдэд өнгийн харандаагаар бүтээл туурвиж буй цөөн уран бүтээлчийн нэг юм. Реалист Баяр энэ удаад “Байгаль эхийн дуулал” нэртэй өөрийн бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ Монголын театрын музейд /2022.05.24/ дэлгэжээ.

Түүний үзэсгэлэнд өнгийн харандаагаар зурсан 40 орчим бүтээл тавигджээ. Тэр дундаа дархан цаазат, шилүүс, цоохор ирвэсийн зураг ноёлох аж.

“Муурны овгийн зэрлэг ан амьтад их хээнцэр, гоёмсог байдаг. Дахин давтагдашгүй тод цоохор толботой шүү дээ. Мөн энэ жил бар жил гэдэг утгаараа бар зурсан байгаа. Дархан цаазтай зэрлэг ан амьтдыг уран сайхны аргаар хүмүүст хүргэж, урлагийг бишрүүлэхээс гадна хүмүүст ан амьтныг хайрлах сэтгэл төрүүлэхийг хичээсэн” тухайгаа ярив.

Зураач болгон өөр өөрийн ертөнц, арга барилтай. Өнгийн харандаагаар бүтээл хийхэд цэвэр нарийн үзүүрээр ажилладаг. Харандаагаа маш урт үзүүрлэнэ. Үзүүр нь жаахан сарнивал дахин үзүүрлэнэ. Тийм учраас харандаа маш хурдан дуусдаг аж.

Хүмүүс харандаагаар зурдаг гэхээр амархан зурчихдаг юм шиг ойлгодог. Гэтэл амьтны үсний ширхэг бүрийг нарийвчлан зурахаас эхлүүлээд технологи нь их хүнд гэдгийг зураач онцолсон юм. Жижгэвтэр зураг л гэхэд хоёр долоо хоногийн хугацаа шаарддаг гэнэ. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ зурахын тулд 1000 гаруй харандаа дуусгасан тухайгаа хэлж байв.

Зураач Х.Баяр Дүрслэх урлагийн сургуулийг 1994 онд зураач, дизайн чиглэлээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ сургууль төгссөнөөс хойш тууштай 20-иод жил зургаа зурж буй уран бүтээлч юм.

Тэрбээр Оросын алдарт зураач Иван Шишкиний бүтээлийг хуулж зурахаас гадна байгалийн зургийг хуулж зурдаг байсан нь одоогийн реалист урсгалаар зурахад их нөлөөлжээ. Тэр дундаа хайпер реализм чиглэл нь бодит байгалийн зураг дээр илүү нарийн ажиллана гэсэн үг. Зарим зураач амьтан эсвэл хөргөө зурчихаад бусад хэсгийг нь уусгаад орхичихдог бол хайпер реализм нь зургийн бүх талбай дээр ажиллаж, нарийн ажиллагаа шаарддаг төрөл гэдгээрээ онцлог.

Зураач Х.Баяр “Заавал үнэтэй брэндийн будаг, эд хэрэгсэл хэрэглэж гоё бүтээл төрдөггүй юм. Энгийн харандаагаар маш сайн бүтээл хийж болно” гэдгийг хүүхэд, залууст харуулахыг зорьж буй уран бүтээлч билээ.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж