Fashion: Хамгийн эртний логонуудын сонирхолтой түүх

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Fashion: Хамгийн эртний логонуудын сонирхолтой түүх

Fashion: Хамгийн эртний логонуудын сонирхолтой түүх

АНУ-д бүртгэгдсэн хамгийн эртний барааны тэмдэг буюу бидний нэрлэж заншсанаар лого нь будаг үйлдвэрлэгч “Averill” компанийнх юм. Чикаго хотын зурган дээр хошуундаа будгийн сойз зуусан бүргэдийг дүрсэлсэн уг лого 1870 онд бүртгэгджээ. Харин намирч буй туузан дээр нь “Удаан эдэлгээтэй, үзэсгэлэнтэй, хэмнэлттэй” гэж бичсэн байдаг. Энэ нь орчин үеийн хүмүүсийн нүдэнд дасал болоогүй дүр зураг юм.

Үүнээс таван жилийн дараа Английн “Bass” шар айрагны үйлдвэр логогоо бүртгүүлжээ. Энэ нь Европын хамгийн анхны барааны тэмдэг болсон юм. Энгийн улаан гурвалжинг дүрсэлсэн уг лого одоо хэр нь тус компанийг илэрхийлсээр байна. Тухайн үеийн алдартай зураачид болох Эдуард Мане, Пабло Пикассо нарын зурсан шар айрагны лонхон дээр “Bass”-ын лого дүрслэгдсэн нь бий.

Хоорондоо хэдхэн жилийн зөрүүтэй энэ хоёр лого тэс өөр боловч дизайны өргөн цар хүрээг илэрхийлжээ. Логоны гарал үүслийн түүхийг бичсэн “Logo beginnings” номд орчин үеийн барааны тэмдэгтийн дизайн 19 дүгээр зууны дунд үеэс эхлэлтэй гэсэн байдаг. Харин эртний Грекийн вааран дээр дүрслэгдсэн энгийн лого олон мянган жилийн турш оршин тогтносоор ирсэн.

Лого нь аливаа бүтээгдэхүүнийг өрсөлдөгчөөс нь ялгах, өргөмжлөх, түүх, гарал үүслийг нь онцлон тэмдэглэх зайлшгүй шаардлагаар үүсчээ. Брэнд болон тэдгээрийг төлөөлөх барааны тэмдэгт гарч ирснээр дуураймал бүтээгдэхүүнээс хамгаалах шаардлага мөн гарч ирэв.

Дээр дурдсан Америк, Европын хамгийн эртний барааны тэмдэгтүүд нь дүрслэлийн болон хийсвэр гэсэн хоёр үндсэн төрлийг төлөөлдөг. “Logo beginnings” номд бичсэнээр лого бүрийг энэ хоёр ангиллын аль нэгэнд хамруулж болох авч дэд ангилал нь түүнээс ч олон байдаг гэв. Зөвхөн компанийн нэр, эсвэл монограм бичээс гэх мэтээс бүрдэх үгэн логоны төрөл байдаг. Бусад төрлийн лого нь зураг, текст бүхий дугуй тамга хэлбэрийн байх нь элбэг. Үүнд, “BMW”, “KFC” гэх мэт брэндийн логонууд хамаарна. Мөн “Apple” гэх мэт нэртэйгээ ижил төстэй график элемент дээр суурилсан логонууд байдаг.

Ерөнхийдөө 1870 оноос хойш өнөөг хүртэлх бүх логог 25-30 ангилалд хувааж ойлгож болно гэж “Logo beginnings” номын зохиолч Мюллер хэлжээ. Энэ дүгнэлтийг гаргахын тулд Мюллер бараг 10 мянган логог судалсан байна. Судалгааны явцад түүний огт төсөөлж байгаагүй логоноос гадна компанийг үүсгэн байгуулагчийн гарын үсэгтэй лого хүртэл байжээ. Гараар бичсэн үгтэй логонууд ч мөн цөөнгүй байснаас “Ford”, “Kellogg” зэрэг нь одоо хүртэл анхны хэлбэрээрээ ашиглагдаж байна.

Энэ төрөлдөө хамгийн алдартай нь 1886 онд танилцуулагдсан “Coca-Cola” лого юм. “Coca-Cola” гэх үгийг тухайн үеийн алдартай бичгийн хэв болох Спенсерийн бичээсээр бичжээ. Харин гараар бичсэн хүнийг нь Фрэнк М.Робинсон гэдэг. Робинсон уг ундааг зохион бүтээсэн Жон С.Пембертоны нягтлан, бизнесийн түнш байсан аж. Энэ лого анхны хувилбараасаа бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 1893 онд хамгийн эхний “С” үсгийн сүүлэнд “trade mark” гэсэн бичиг нэмэгджээ.

“Coca-Cola”-гийн логог даган дуурайсан компаниуд олноор гарч ирсээр 1923 онд тэдгээрийг нийлүүлээд шүүхэд хандаж байв. Энэ нь бүхэл бүтэн 700 хуудастай материал болж байжээ. Брэнд, лого гэдэг зүйлийн ач холбогдлыг энэ үеэс л хүмүүс илүү ойлгож эхэлсэн гэхэд болно.

Логог бүтээхэд гоё сайхан гэхээсээ илүү зориудаар товчилж, оновчтой бөгөөд гоо зүйтэйгээр илэрхийлэх нь чухал байдаг. Гэхдээ энэ нь 1900-гаад оны үеэс бодитоор хэрэгжиж эхэлсэн. Энэхүү сайжруулалтын сонгодог жишээ бол “3M” компанийн лого юм. “3M” нь төрөл бүрийн наалддаг тууз үйлдвэрлэдэг, Америкийн үндэстэн дамнасан компани бөгөөд бизнесийн үндсэн нэр нь “Minnesota Mining & Manufacturing Company” ажээ. Үүний дараа 1977 онд Нью-Йоркийн “Siegel+Gale” агентлаг мөн энгийн, оновчтой логог бүтээсэн байна. “Siegel+Gale” компани логоны хамгийн алдартай фонт болох “Helvetica”-г ашигласан ба энэ нь өнөөг хүртэл ашиглагдаж байгаа аж.

Үгээр логог илэрхийлэх нь өнөөдөр ч гэсэн алдартай хэвээр байна. Энэ нь хэт олон логон дунд төөрөгдөл үүсэхээс сэргийлдэг. Өдгөө олон компани хийсвэр загвар гэхээсээ илүү өөрийн нэрээ брэнд болгон ашиглахыг илүүд үзэх болсон гэж Мюллер онцолжээ.

х сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж