"Репиний академийн шадар-3"-ын уран бүтээлээс дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

"Репиний академийн шадар-3"-ын уран бүтээлээс дэлгэнэ

"Репиний академийн шадар-3"-ын уран бүтээлээс дэлгэнэ

"Монгол арт" галерейгаас санаачлан Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан “Репиний академийн шадар 3” буюу Монголын дүрслэх урлагт тэр дундаа уран зургийн хөгжилд тод томруунаар мөрөө үлдээсэн нэрт зураачид Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж нарын өвийн дээжис болох тусгай үзэсгэлэнг маргаашаас /2022.05.25/ эхлэн ирэх сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд гэр бүлд хадгалагдаж буй уран зургууд болон судалбар таталбар, гар бичмэлүүд анх удаа олны хүртээл болох аж.

1971-1977 оны хооронд Репиний уран зургийн академиг анх Монголын долоон оюутан суралцаж төгсч байсан. Тэд энэхүү академид анхнаасаа хамт суралцан, ажиллаж байсан салшгүй гурван найз зураачийг онцолж уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар болсон байна. Тэднээс хойш Монголын 70 гаруй уран бүтээлч тус академид суралцаж, төгссөн аж.

"Монгол арт" галерей гүйцэтгэх захирал П.Батжав:

-Энэ тусгай үзэсгэлэнг тавихын тулд жилийн өмнөөс бэлтгэл ажил хийсэн. Урлаг уран судлаач болон ар гэрийнхнээс нь маш ховор зургуудын олж, үзэсгэлэндээ оруулахад бэлэн болоод байна.

С.Элбэгдорж агсны гэргий хэл бичгийн ухааны доктор Ц.Саранцацрал:

-Миний хань бол хөрөг зургийн мастер. Уран зургийн бүх төрлөөр өөрийн хүч авъяасыг сорьж байсан. Ханийн минь хамгийн алдартай зураг нь Ц.Дамдинсүрэнгийн хөрөг зураг. Мөн Ард аюуш гэж зураг байдаг юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг дүрсэлсэн үнэ цэнэтэй бүтээл 1980 онд зурж, 2000 онд үзэгчдийн мэлмийд хүрч байсан түүнээс хойш 22 жил өнгөрчээ. Мөн хань минь хүүхдийн номын зураг хийдэг байсан. Өөрөө ч яг хүүхэд шиг үргэлж инээж явдаг цайлган хүн байсан тухай дурсан ярилаа.

Тэрбээр "Ханийн минь Ц. Дамдинсүрэн гуайн хөрөг зураг Улсын төв галерейд хадгалагдаж байсан боловч саяхан шатсан сураг гарсан. Тийм учраас хадгалалт хамгаалалтын тал дээр анхааралдаа авах цаг болсон" гэдгийг хэлж байлаа. 

С.Элбэгдорж агсны хүү Э.Билгүүн:

-Аав маань намайг таван настай байхад бурхан болсон. Тийм болохоор аавын минь тухай дурсамж маш бага байдаг. Миний хувьд аавыгаа дурсдаг дурсамж бол зуны нарлаг сайхан өдөр аав маань тагтан дээрээ зургаа зураад л, ээж гал тогоондоо хоолоо хийгээд, амар тайван жаргалтай байснаа тод томруун санадаг. Одоо бодох нь ээонцгой үйл явдал биш байсан ч гэсэн элэг бүтэн байхын жаргалыг мэдрүүлэх гэж тэр дурсамж үлдсэн юм болов уу боддог.

Тэдний шавь, урлаг судлал ухааны доктор С.Бадрал:

-Нэрт зураач Б.Пүрэвсүх багш маань надад урлагийн түүхийн хичээл ордог байсан. С.Элбэгдорж багш болохоор хар зураг таталбар хичээл ордог байлаа. Энэ сайхан багш нарынхаа дөнгөж сургуулиа төгсч ирсэн эрч хүчтэй үед нь манай үеийхэн хичээлээ заалгаж байсан азтай хүмүүс. Репиний академид сурчих юмсан гэсэн хүсэл төртөл бид сургуулийнхаа талаар ярьдаг байлаа. Тэд 1980-1990 оны үед Монголын дүрслэх урлагт тэргүүнд явж байсан уран бүтээлчид юм. Энэ гурван уран бүтээлчийн уран бүтээлүүд уран зургийн галерей, Монголын музейгээс гадна дэлхийн болон Монголын уран зургийн цуглуулагч нарын сан хөмрөгт хадгалагдаж буй.

Б.ЭНХСАНАА

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж