Фүмио Кишида ямар ч болзолгүй Ким Жон Унтай уулзахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Фүмио Кишида ямар ч болзолгүй Ким Жон Унтай уулзахыг хүсэв

Фүмио Кишида ямар ч болзолгүй Ким Жон Унтай уулзахыг хүсэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Японд айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэрбээр Токио хотноо Хятадыг эсэргүүцэх стратегийн түншлэл буюу “Quad” бүлгийн удирдагч нартай хэлэлцсэнээс гадна Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзав. Тэд олон асуудлыг хөндсөний дунд Хойд Солонгост хулгайлагдсан япончуудын сургийг гаргах арга замыг эрэлхийлэн ярилцжээ.

Японы засгийн газраас хэдэн арван жилийн өмнө хайртай дотнын хүнээсээ хагацсан гэр бүлийнхэнд нь сураггүй болсон хүмүүсийн сургийг гаргаж, боломжтой бол дахин уулзуулахыг олон жилийн турш чухалчлан авч үзсээр ирсэн. Жо Байден гэр бүлийн гишүүнээ Хойд Солонгост хулгайлуулсан гэх хүмүүсийн төлөөллийг хүлээн авч, нэг бүрчлэн ярилцсан байна. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн заналхийллээс болж Японтой харилцаа хурцдаж, япончуудын гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзах  итгэл найдвар бөхсөөр байгааг тэд Жо Байденд учирлажээ.

ХОЙД СОЛОНГОС ЯАГААД ЯПОНЫ ИРГЭДИЙГ ХУЛГАЙЛСАН БЭ?

Хойд Солонгосын талаас 1970-1980-аад оны үед хамгийн багадаа 17 япон иргэнийг хулгайлан авч явсан гэж Токиогийн албаныхан мэдээлсэн байна. Тэднээс 12 иргэний мэдээлэл олдохгүй буюу ор сураггүй болсонд тооцогдож байна. Хойд Солонгост хулгайлагдсан гэж "хардаж" буй иргэдийн дунд сургуулийн сурагч, Японы эргийн дагуу амьдардаг хүмүүс бий аж. Тэднийг жижиг завинд суулган тэнгис гатлан авч явсан гэж үздэг байна.

Хойд Солонгосын дэглэм япон иргэдийг хулгайлсан гол зорилго нь тагнуулчдадаа япон хэл, соёл заах, тэдний иргэний үнэмлэх, баримт бичгийг ашиглан тагнуулчдаа өнгөлөн далдлах зорилготой аж.

Японы 13 иргэнийг хулгайлсан тухайгаа Пёньян 2002 онд анх удаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан төдийгүй тавыг нь эх орондоо буцахыг зөвшөөрчээ.

Гэхдээ Японы найман иргэн нас барсан гэж мэдэгдсэн бол “хулгайлагдсан” гэж үзэж буй, сураггүй болсон дөрвөн иргэнийг Хойд Солонгост ирээгүй гэж Пёньян мэдэгдсэн байна. Түүнчлэн Пёньян тэдгээр иргэдийн асуудлыг мөрдөн шалгахаа амласан боловч мөрдлөгийн үр дүнгээ хэзээ ч зарлаагүй. Харин үлдсэн иргэдийг суллахгүй байгаа нь Хойд Солонгосын дэглэмийн талаар тааламжгүй мэдээлэл түгээхээс сэргийлсэн гэж Токиогийн албаныхан таамаглажээ.

БАЙДЕНТАЙ УУЛЗСАН ЯПОН ГЭР БҮЛҮҮД ЮУ ЯРИВ?

Өдгөө 45 настай Койчиро Лизүка хэлэхдээ ээж нь 1978 онд хулгайлагдаж, сураггүй болсноос хойш нагац дээрээ өссөн гэжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд сэтгэлийн шархтай явж ирсэн хүн бүрийн түүхийг цаг гарган сонссон Жо Байденд талархлаа илэрхийлсэн байна. Өдгөө 86 настай Сакиэ Ёкотагийн хувьд 13 настай охин Мэгүми нь 1977 онд Японы хойд эргээс, сургуулиасаа гэр рүүгээ харих замдаа сураггүй болсон аж.

Байден түүний яриаг доош сөхрөн сууж сонссон бөгөөд хоёр хүүхдийн эцэг хүний хувьд тэдний шаналлыг ойлгож буйгаа илэрхийлж, тэдэнд ямар нэгэн байдлаар туслахаа амлав. Сакиэгийн хүү хулгайлагдсан иргэдийн үүсгэсэн бүлгэмийг ахалдаг байна. Тэд мөн Байдентай уулзах үеэрээ Хойд Солонгосын дэглэм хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй талаар ярилцжээ.

Японы засгийн газраас уг асуудлыг улс төрийн гол асуудал болгон, Хойд Солонгосын талд тавьж, хулгайлан авч явсан иргэдийг нь хурдан нутаг буцаахыг шаардсаар байгаа юм.хулгайлагд

Японы ерөнхий сайд Фүмио Кишида уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

Гэвч тэдний уулзалт хэзээ болох, хулгайлагдсан япончуудыг буцаан авч чадах эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл гэр бүлийн гишүүнээ алдсан япончуудын олонх нь нас өндөр болсон бөгөөд улс төрийн үйл явцыг хүлээх хугацаа бага үлдсэн нь Японы засгийн газарт маш том дарамт болж байгаа аж.

Япон, Хойд Солонгос нь дипломат харилцаагүй бөгөөд хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхийн тулд гуравдагч орон /Монгол, АНУ, Өмнөд Солонгос/-ы тусламжид тулгуурладаг.

Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтыг эсэргүүцэн Японы талаас Пёньяны эсрэг эдийн засгийн хориг тавьсан нь асуудалд маш том саад болсоор иржээ. Үүнээс гадна дэлхийн II дайн, Японы эзлэн түрэмгийллийн үед солонгосчуудад учруулсан хохирлын нөхөн төлбөрийн асуудал ч шийдэгдэлгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж