Хоосон буунаас хорин хүн айна гэж үгтэй. Атал Ардын намын хоосон буунаас хорь бүү хэл ганц хүн ч гавхийсэнгүй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны долдугаар сард Замын-Үүдийн мафитай зад тэмцэхээ зарлаж аснаас хойш лавтайяа бүтэн жил болох гэж байна. Энэ хугацаанд Замын-Үүдэд цэцэглэсэн авлигын хэмжээ өсч, авдаг, өгдөг нь нэмэгдсэн үү гэхээс Ардын намын дарга нарын амалсанчлан алга болсонгүй. Засгийн газраас бүрэн Эрхт төлөөлөгч томилсон боловч асуудал нь хэвээрээ, экспорт, импортын гацаа, түгжрэл нь бахь байдгаараа, харин ч ачаа тээврийн зардал өмнөхөөсөө хэд дахин нугаларчихсан. Үүнээс үүдэлтэй өргөн хэрэглээний бараа таваарын үнэ өдгөө хэд дахин өсчхөөд байгаа билээ.
Уг нь үүнийг өөрчлөхийн тулд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийг Засгийн газраас байгуулж, нэр бүхий зургаан албан тушаалтныг тэрбээр газар дээр нь очиж, сүр дуулиантайгаар баривчилж байлаа. Харамсалтай нь, энэ хэрэг явдал “дуутай тэнгэр хургүй” гэгчээр хариуцлага хүлээсэн, хүлээлгэсэн хүнгүй, товчхондоо Замын-Үүдийн мафийг Засгийн газар зад цэвэрлэж чадсангүй. Үүний үр дагаврыг энгийн иргэд, эцсийн хэрэглэгчид халааснаасаа төлнө.
Нэг.
Монголын экспорт, импорт урд хөршөөс бүрэн хамааралтай. Импортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь Эрээнээр дамжиж орж ирдэг. Тиймээс Эрээний хил хэзээ нээгдэх нь монголчуудын хувьд өдрийн бодол, шөнийн зүүд шахуу болоод удаж байна. Гэтэл “ядаж байхад яр” гэгчээр авлигын томоохон асуудлаас болж урд хөрш хилийн чингэлэгт тээвэрлэлтийг тэг зогсоосон нь манай улсын эдийн засагт хүнд цохилт болох нь дамжиггүй.
Хятадын хууль, шүүхийнхэн Эрээн-Замын-Үүдийн хооронд чингэлэгт тээвэрлэлт эрхлэхдээ авлига авсан гэх асуудлаар 10 гаруй албан тушаалтныг баривчилж, тус боомтын гаалийн ажилтнуудыг бүрэн бүтнээр өөрчилж, сольсон талаар хэвлэлүүд мэдээлж буй.
Хэрэвзээ, Хятад-Монголын хооронд явж байсан чингэлэгт тээвэрлэлтийн ард асар том авлигын сүлжээ байсан нь үнэн бол энэ нь Монголд ч бас хамгийн их хамаатай асуудал болно. Өөрөөр хэлбэл, авлигын хэрэгт холбогдсон хятадуудын асар том сүлжээний нэг хэсэг нь Монголд байгаа гэсэн үг.
Тэр тусмаа Замын-Үүдийн мафийнхан Засгийн танхимд ч, Г.Занданшатарын парламентад ч, Ардын намын цагаан байранд ч сууж байгаа. Үгүй байсан бол өнөөдөр аль хэдийнэ авлигачдаа барьж хориод Замын-Үүдийн мафийг зад цэвэрлэчихсэн байх биз.
Хоёр.
Замын-Үүдийн гаалийн цэвэрлэгчээсээ дарга нь хүртэл нэг сүлжээ болчихсон нь худлаа биш. Илгээгч нэрээр иргэдээс авлига аваад сууж байдаг бүхэл бүтэн сүлжээ тэнд ажилладаг. Үүнийг нь Замын-Үүдийн захын чавганц бараг гадарлах биз. Тэд ачааны эзнээс дор хаяж 10 сая төгрөг нэхдэг. Өгснийх нь ачааг хурдан шуурхай нэвтрүүлнэ. Өгөхгүй бол гацааж, түгжиж янаглан хорлоно. Ачаагаа авахын тулд илгээгчдийн нэхсэн үнийг нь өгөхөөс өөр арга иргэдэд, бизнесийнхэнд байхгүй. Ямар сайндаа л иргэдээс авлигад авсан мөнгөө шкафныхаа араар хийж байгаад АТГ-т гардуулах вэ дээ.
Замын-Үүдийн авлигын асуудал цар тахлын үеэр бий болчихсон асуудал биш. Аль эртнээс яригдаж, шүүмжлэгдсээр ирсэн. Авчиг Замын-Үүдийн мафитай тэмцэх санаа байвч сачий нь хүрдэг хүн байгаагүй. Аргагүй байх л даа, том дарга нарын ах, дүү, амраг садан, гар хөлүүд ажилладаг болохоор. Замын-Үүдийн гаалийн байцаагч болох гаалийн байцаагч нарын хувьд бараг тэнгэрийн умдаг атгасантай ялгаагүй гэх юм билээ. Үнэн ч биз.
Энэ сүлжээг задлахгүйгээр Замын-Үүдийн мафитай тэмцэх боломжгүй. Замын-Үүдийн мафитай тэмцэхгүйгээр Замын-Үүдийн гацаа, түгжрэлийг арилгах боломжгүй. Эрээнд явагдсан баривчилгааг Л.Оюун-Эрдэнийн засаг овжин ашиглаж чадах юм бол нэг сумаар хоёр туулай буудах боломжтой. Замын-Үүдийг бас Ардын намын цагаан байрыг авлигачдаас цэвэрлэнэ гэсэн үг.
Үндсэндээ журмын нөхдийнхөө авлигатай, Замын-Үүдийн мафитай тэмцэх сайхан шалтаг,шалтгааныг хятадууд тавиад өгчихлөө. АТэгэхээр Монголын Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий суух бус Хятадын хууль хүчнийхэнтэй хамтарч Зам-Үүдэд бугширсан авлигын сүлжээ, аалзны торыг зад цэвэрлэх хэрэгтэй байна. Авлигатай жинхэнээсээ тэмцмээр байгаа юм бол Ардын нам хоосон буу гаргах хэрэггүй. Тэр тусмаа Ардын намын дарга нар авлигатай тэмцэхээс айгаагүй бол шүү дээ.
Холбоотой мэдээ