"456.1 тэрбум төгрөгийг агаар орчны бохирдол бууруулахад санхүүжүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

"456.1 тэрбум төгрөгийг агаар орчны бохирдол бууруулахад санхүүжүүлсэн"

"456.1 тэрбум төгрөгийг агаар орчны бохирдол бууруулахад санхүүжүүлсэн"

Улаанбаатар хотын оршин суугчдын 10 мянган хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдэж буйг мэргэжилтнүүд сануулж байна. Учир нь Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн агаарын бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг. Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангийн утаа болон аж ахуйн нэгжүүдийн халаалтын зуухны яндангийн утаа 80 орчим хувь эзэлдэг. Харин тээврийн хэрэгслийн яндангийн утаа 10 хувь, дулааны цахилгаан станцын яндангийн утаа зургаан хувийг эзэлдэг гэх судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2022.05.24/ Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх сэдвээр уулзалт зөвлөгөөн "Туушин" зочид буудлын хурлын танхимд боллоо.

"456 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД САНХҮҮЖҮҮЛСЭН"

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн  зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа:

-Агаарын бохирдлын эсрэг уялдаа холбоогүй олон арга хэмжээ авдаг. Үүний араас иргэд олон нийт, УИХ хяналт тавьдаггүйгээс агаарын бохирдол улам нэмэгдсэн. Монгол өнгөрсөн 2016, 2017 онд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх улсын нэг болсон. Яам, Тамгын газар болон холбогдох байгууллагууд хамтраад нэгдсэн журмаар үндэсний хөтөлбөртэй болъё. Зөвхөн энэ хөтөлбөрөө улсаас санхүүжүүлдэг байх хэрэгтэй. Хийсэн ажлынх нь араас Үндэсний аудитын газар хяналт тавьж, эргээд УИХ-д тайлагнадаг байх зорилгоор үндэсний хөтөлбөрийг баталсан.

Эрчим хүчний яамнаас нам даралтын зуухнуудын буулгаж, дэд бүтэц эрчим хүчтэй холбох зэрэг үүрэг хүлээсэн. Өнгөрсөн 2017-2020 оны хооронд 456.1 тэрбум төгрөгийг агаар орчны бохирдлыг бууруулахад санхүүжүүлсэн байна. Ингэхдээ шөнийн тарифыг тэглэж, нам даралтын зуухнуудыг буулган дэд бүтэцтэй холбосон, агаарын бохирдлын 3000 гаруй байцаагч нарыг ажиллуулсан зэрэг төлөвлөсөн ажлынхаа 68 орчим хувийг хийсэн.

УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах  асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг:

-Бид хөтөлбөр хэрэгжүүлсний дараа ямар үр дүн гарснаа дүгнэж, ажиллах шаардлагатай байна. 2017-2020 оны хооронд 456.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг агаар орчны бохирдлыг бууруулах ажилд зарцуулсан гэсэн аудитын дүгнэлт гарсан. Тиймээс цаашдаа дан агаар орчин биш дотоод орчны бохирдол цаашлаад агаарын чанарт өөрчлөлт хийх шаардлагатай байна. Агаарын бохирдлын дэд хороо 2021 оны арванхоёрдугаар сард хуралдаж, олон улсын байгууллагуудтай нийлж зөвлөмж гаргасан. Зөвлөмж гаргасан үр дүнгийнхээ дүгнэлтийг харьцуулж үзэхэд хангалтгүй гэсэн хариу гарсан байна. Бид өөрсдөө хөгжих биш хөгжихөөсөө өмнө байгаль орчинд ээлтэй юу гэдгийг анхаарах цаг болжээ.

"ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТ АНХААРЧ АЖИЛЛАСАН Ч ХҮХЭРЛЭГ ХИЙ, АЗОТЫН ИСЛЭГИЙН ХЭМЖЭЭ ӨССӨН"

Аудитын гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд:

-Аагаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний үе шат нь 2017-2020 онд дууссан. Аудитын үр дүнд 456.1 тэрбум төгрөгийг улс орон нутгийн төсөв болон гадаадын зээл тусламжаар санхүүжилтээр босгож хийсэн. Хэрэгжилтийн үр дүн 68 хувьтай гарсан. Үлдсэн хэрэгжилт ганцхан агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарснаас усны болон орчны бохирдлын чиглэлд анхаарч ажиллаагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Шахмал түлшний үйлдвэрт анхаарч ажилласнаараа тоосонцрын хэмжээг бууруулж чадсан боловч хүхэрлэг хий азотын ислэгийн хэмжээ өссөн үзүүлэлтэй байна. Хамгийн чухал дутагдалтай асуудал бол салбар хоорондын уялдаа тааруу байгаа юм.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж:

-Манай аймгийн Даланзадгад, Гурвантэс, Цогцэций, Ханбогд сумдад хүн ам ихээр нэмэгдэж байгаа. Тийм учраас агаарын бохирдлын асуудал тэргүүний чухал асуудал болоод байна. Энэ оны төсөв дээрээ “агаар бохирдолгүй Өмнөговь”, “цэгцтэй гэр хороолол” гэсэн хоёр хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр айлуудыг дулааны шугамд холбож байна. Мөн 10 мянгаас дээш хүн амтай суурин газруудад ухаалаг тоолуур тавьж, 50 хувийг нь иргэдээс үлдсэн 50 хувийг нь аймгаас санхүүжүүлж шөнийн тарифыг тэглэсэн.

Б.ЭНХСАНАА

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж