Сурах бичгийн үнийг нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн үнийг нэмэхгүй

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралданаар оюутны сургалтын төлбөрийг есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл буюу хичээлийн жилийн эхний хагас жилийн төлбөрийг оюутан өөрөө тухайн сургуульд төлөх, харин 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс хойшхи хугацааны сургалтын төлбөрийг Засгийн газар Хүний хөгжил сангаас нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн билээ. Түүнтэй холбоотой нөхцөл байдлыг  бүрдүүлэхээр Ерөнхий сайд С.Батболд Сангийн сайд Г.Баярцогт болон Боловсрол, соёл, шинжлах ухааны сайд Ё.Отгонбаяр нарт үүрэг болгосон. Харин зарим нэг их дээд сургууль сургалтын төлбөрөө аваад эхэлсэн гэнэ.Мөн цөөнгүй оюутнууд сургалтын төлбөрөө 100 хувь төлсөн байгаа аж. Тэдгээр оюутнууд сургалтын төлбөрийн тал хувиа хэрхэн буцааж авах асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр ажлын хэсэг байгуулж, сургуулиудын төлбөр авж байгаа байдлыг нягталж эхлээд байна. Зарим сургууль оюутнуудаас сургалтын төлбөрөө авч эхэлжээ. Энэ тохиолдолд эхний дөрвөн сарын сургалтын төлбөрөөс бусдыг нь оюутанд буцааж олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийджээ. Уг асуудал нь олон мянган оюутны асуудал яригдаж байгаа болохоор Монгол оюутны холбоог БСШУЯ хамтран ажиллах санал тавьжээ. Харин боловсролын үйлчилгээний ваучерийн тухайд иргэд зөвхөн их дээд сургуулиудын хэмжээнд байдаг гэж ойлгодог харин төлбөртэй дунд сургуулиуд суралцдаг хүүхдийн сургалтын төлбөрт энэ хөнгөлөлтийг авах тухай Засгийн газрын 84-р тогтоол 2010 оны дөрөвдүгээр сарын 2-нд гарсан аж. Уг тогтоолын дагуу Их дээд сургууль болон МСҮТ, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, хоолны зардал, сурах бичиг, хүүхдийн хувцас хэрэглэлд Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийг авч үйлчлүүлж болно гэж заасан байдаг гэнэ. Гэвч энэ үйлчилгээг үзүүлэх журам одоогоор батлагдаагүй байгаа аж. Шалтгаан нь 2010 оны төсвийн тодотголд Хүний хөгжил санд төсөв тусгагдаагүй, 2011 оноос тусгагдах аж. Боловсролын үйлчилгээ авах талаар улс орон даяар судалгаа хийхэд нийт 450 мянган хүн боловсролын салбарт уг үйлчилгээг авах хүсэлтэй байгаа дүн гарчээ.  Насанд хүрсэн хүн амын 30 хувь энэ тухай хүсэлт илэрхийлсэн байгаа болохоор тусгай ваучер гаргах төлөвтэй байгаа аж. нөгөөтэйгүүр сурах бичиг, хичээлийн хэрэгслийн үнийг төр зохицуулах болсон. Гэтэл хувийн хэвшилд тулгуурласан үйл ажиллагааг төр хэрхэн зохицуулах тухай асуудал үүсч байна. Өмнөх жилүүдэд сурах бичгийг хувийн хэвшлийн компаниуд хийж, түүнийг нь яам сонгон шалгаруулаад зохиогчийн эрх нь тухайн хувийн компанид үлддэг байсан аж. Энэ асуудалд зохицуулалт хийснээр зохиогчдыг яам сонгон шалгаруулаад сурах бичгийг яамны өгсөн үүргийн  дагуу зохиогчид хийснээр зохиогчийн эрх нь БСШУЯ-нд шилжиж байгаа. Тийм учир үнэ ханшны асуудалд Засгийн газар оролцох бололцоотой болсон байна. Тодруулбал, өнгөрсөн жил сурах бичгийн үнийг байгаа хэмжээнээс нь 30 орчим хувь бууруулж худалдаалсан, энэ жил үнэ өсөхгүй, түрүү жилийн үнээр худалдана гэж компаниудтай ойлголцолд хүрсэн гэнэ. Одоогоор сурах бичгүүд хэвлэлтэд орж эхэлсэн, есдүгээр сарын 1 гэхэд ихэнхийг нь хэвлэж дуусгахаар төлөвлөжээ. Нөгөөтэйгүүр хоёр дахь удаагаа их дээд сургуульд суралцаж байгаа иргэд ч Хүний хөгжил сангийн боловсролын үйлчилгээнд хамрагдах эрхтэй гэнэ.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж