АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэрвээ Хятад улс Тайвань руу дайрах юм бол бид зүгээр суухгүй гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ыг галаар тоглож байна гэж Хятадын талаас анхааруулжээ.
Жо Байден Ази дахь айлчлалынхаа хүрээнд Токио хотноо сэтгүүлчдийн асуултад хариулсан. Хэрвээ Хятад улс Тайваньд довтолбол АНУ-ын зэвсэгт хүчин гар бие оролцох уу гэсэн асуултад Байден ямар ч хоёрдмол утгагүйгээр шууд тийм гэж хариулжээ.
Түүнчлэн АНУ-ын гадаад бодлогод томоохон өөрчлөлт гарч байгааг Байден онцлов. “Бид Нэг Хятад бодлогыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч зүгээр л хүчээр бүхнийг авч болно гэдэг тийм ч зөв санаа биш” гэжээ. Байден Тайванийн аюулгүй байдлын талаар үг хэлж буй нь анхны удаа биш юм. Өнгөрсөн оны аравдугаар сард мөн л Тайванийн аюулгүй байдлыг хамгаална гэдгээ илэрхийлж байсан.
Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газраас өчигдөр /2022.05.23/ мэдэгдэхдээ, “АНУ Хятадыг дарах зорилгоор Тайванийг ашиглаж байна. Энэ нь эргээд өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болно” гэв. Бээжин болон Вашингтон хоорондын нэгэнт тогтсон байсан зарчмыг зөрчсөн аливаа үг, үйлдэл гаргахгүй байхыг тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлиан АНУ-аас шаардлаа. Энэ талаар түүний хэлсэн үгийг эш татан Хятадын төрийн өмчит "Синьхуа" агентлаг мэдээлэв.
АНУ нь Тайваньтай албан ёсны дипломат харилцаа байхгүй ч түншээ гэж тодорхойлоод буй. Тийм ч учраас Тайваньд зэвсэг борлуулахын сацуу гадаад худалдаа өргөнөөр хийдэг.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ