ОХУ, Украины дайны улмаас 2022-2023 он дэлхий даяар их сорилтын жил болно гэж шинжээчид таамаглал дэвшүүлсээр байна. Хоёр орны нөхцөл байдал яаж эргэхээс газрын тос, байгалийн хий, үнэт металл, улаанбуудай зэрэг түүхий эдийн үнэ шууд хамаарна. Түүхий эдийн зах зээлд хөгжингүй улс орнуудын инфляциас хамаарсан нөлөөлөл гарах магадлал өндөр байгаа юм. Цар тахлын нөхцөл байдал тээврийн зардал, тээвэрлэх хугацаанаас болж бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлсөөр буй билээ.
Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Орос, Украины дайны дэлхийн инфляци, эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөө, үр дагаврын талаарх мэдээллийг онцолж байна.
ОХУ, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор тодорхой бус байдал эрс нэмэгдэж буй юм. Мөргөлдөөний нөлөө санхүүгийн хориг арга хэмжээ, түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг сувгуудаар дамжин, эдийн засагт нөлөөлж буй. Эдийн засгийн өсөлт саарч, инфляци эрчимжиж, стагфляцын эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж гадаадын эх сурвалжууд үзэж буйгаа илэрхийлжээ.
Үүссэн нөхцөл байдлаас үүдэн газрын тос, байгалийн хий, зарим төрлийн хүнсний нийлүүлэлт тасалдсаны улмаас үнэ өсч, улмаар шууд болон шууд бус замаар инфляцийг өсгөх төлөвтэй байгаа аж. Зарим эх сурвалж евро бүс болон дэлхийн инфляци дунджаар 1-3 нэгж хувиар нэмэгдэх төсөөлөлтэй байгаа төдийгүй үүнээс ч илүү өсөх эрсдэлтэйг дурджээ.
Нийлүүлэлтийн сүлжээ доголдох, үйлдвэрлэлийн зардал өсөх, санхүүгийн зах зээл дээрх тодорхой бус байдал нэмэгдэх зэргээс шалтгаалж улс орнуудын эдийн засгийн өсөлт саарна гэж зарим нь үзэж байна. Тухайлбал, ОХУ болон Украины эдийн засгийн өсөлт хамгийн ихээр саарахаар байгаа бол ОХУ-тай худалдаа хийдэг евро бүсийн эдийн засагт мөн хүчтэй нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
“Глобал эдийн засагт гарч буй өөрчлөлтийн тойм”-д мэдээлснээр, цар тахлын үеэр улс орнуудын авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнээс шалтгаалж төсөв болон мөнгөний бодлогын орон зай хязгаарлагдмал болсон. Энэ үед бодлого боловсруулагчид дайны үр нөлөөг анхааралтай тооцоолж, олон нийтэд зөв дохио өгч ажиллах, нэн ядуу иргэдийг дэмжих нь чухал байгааг онцолсон.
“Mckinsey” байгууллага ОХУ, Украины дайны евро бүсийн эдийн засаг, инфляцид үзүүлэх үр нөлөөг гурван хувилбараар төсөөлжээ. Нэгд, ОХУ, Украины хэлэлцээр ойрын хэдэн долоо хоногт зөвшилцөлд хүрч, хоёр тал галаа зогсоох, зарим дүрвэгсэд гэртээ эргэн ирэх, эрчим хүч, түүхий эдийн үнэ тогтворжиж, нормалчлагдана гэжээ. Хоёрт, ОХУ, Украины мөргөлдөөн 2022 оны сүүлийн хагаст намжина. Гуравдугаарт, ОХУ, Украины мөргөлдөөн илүү удаан үргэлжлэх бөгөөд Зүүн Европод цагаачлалын хямрал хурцдах, эрчим хүчний үнэ болон үнийн спирал өсөлт үүсч, нөхцөл байдал төсөөлж байгаагүйгээр хүндэрнэ гэж төсөөлжээ. Гурав дахь хувилбарын хүрээнд хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын итгэл унаж, евро бүс болон АНУ-ын эдийн засаг 2022 онд агших, евро бүсийн инфляци 7 хувь хүрч өсөх эрсдэлтэй аж.
“S&P Global” байгууллага энэ оны хоёрдугаар сард дэлхийн эдийн засаг 4.1 хувиар өсөхөөр төсөөлж байсан бол гуравдугаар сард уг төсөөллийг 3.3 хувь болгож бууруулсан. Өсөлтийн төлөв ийнхүү “муудах”-д -0.3 нэгж хувь нь ОХУ, Украины эдийн засгийн огцом агшилт, -0.3 нэгж хувь нь евро бүсийн эдийн засгийн бууралтаас бий болно гэж тооцоолжээ.
ОХУ, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, түүхий эдийн үнэ өсч байгаа нь Дундад Ази, Хойд Африкаас бусад бүх бүс нутгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байгаа аж.
Түүхий эд, эрчим хүчний үнэ өсч, глобал инфляцийн төсөөлөл өмнөх сарын төсөөллөөс 1.8 нэгж хувиар нэмэгдэн, энэ онд 6.4 хувьтай гарахаар байна. Энэ нь 1995 оноос хойших инфляцийн хамгийн өндөр түвшин болох ажээ.
ИНФЛЯЦИ ЭРЧИМЖИЖ, БОДИТ ЦАЛИН БУУРЧ, ДЭЛХИЙ ДАЯАР ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ
АНУ-ын Сангийн сайд Орос, Украины дайны улмаас дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнэ өссөн нь цаашид стагфляц (ДНБ-ий бууралт болон өндөр инфляци)-д хүргэх эрсдэлтэйг анхааруулжээ. Энэ оны эхний улиралд АНУ-ын эдийн засаг 2020 оноос хойш анх удаа агшиж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх улирлаас 1.4 хувиар буурсан байна.
Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг болох БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц болон хэрэглэгчийн зарцуулалт дөрөвдүгээр сард цар тахал эхэлснээс хойших доод түвшинд хүрчээ. Covid-19 цар тахлыг үл тэвчих бодлогын улмаас БНХАУ-ын эдийн засаг ойрын хугацаанд сэргэх төлөвгүй байгааг шинжээчид анхааруулав.
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева Давосын чуулганы нээлтийн үеэр “Дэлхийн эдийн засаг II дайнаас хойших хамгийн том сорилттой нүүр тулж байна” хэмээн онцолсон. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн чуулганы ахлах шинжээчид 2022 онд эдийн засгийн идэвхжил суларч, инфляци эрчимжиж, бодит цалин буурч, дэлхий даяар хүнсний хомсдол үүсэхээр байгааг анхааруулав.
Кристалина Георгиевагийн хэлснээр, ОХУ, Украинд халдсан нь эдийн засгийн өсөлтийг бууруулж, инфляци эрчимжихэд нөлөөлж буй. Үүний нөлөөгөөр цаашид энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг дахин бууруулах шаардлага үүсч магадгүй аж.
Олон улсын Эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бироль "Газрын тос үйлдвэрлэгчид үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд хариуцлагатайгаар дэмжлэг үзүүлэхгүй бол дэлхийн эдийн засаг удаашрах эрсдэлтэй" гэж мэдэгдэв.
МОНГОЛ УЛСАД СТАГФЛЯЦИ НҮҮРЛЭЖ БОЛЗОШГҮЙ
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарав. Олон улсын валютын сан хилийн хязгаарлалт болон Украины нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэг хувь болгож бууруулсан. Мөн Монгол Улсад стагфляци нүүрлэхээр байгааг анхааруулж буй билээ.
“Фитч” агентлаг экспортын түүхий эдийн үнэ өсч, хил дахин нээгдсэн ч Монгол Улсын энэ оны бодит эдийн засгийн өсөлтийг 1.2 хувь гэж таамаглаж буйгаа мэдэгдсэн. Учир нь БНХАУ-ын "Covid-ийг тэглэх" бодлогын нөлөөгөөр хилийн боомтууд бүрэн нээгдээгүй байгаа нь Монгол Улсын нүүрсний экспорт болон бусад барааны худалдааг тасалдуулж буй. Гэвч тус агентлаг 2023 онд хил дээрх худалдааны тасалдал багасна гэж төсөөлжээ.
Гадаад худалдааны тасалдал, Украин дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах БНХАУ-ын эрэлт тогтвортой хэвээр байх тул Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2023 онд 6.3 хувь, 2024 онд 6.8 хувь хүртэл өснө гэж төсөөлсөн байна. "Оюутолгой"-н далд уурхай ашиглалтад орж, хил дээрх дэд бүтцүүд сайжирснаар Монгол Улсын эдийн засагт илүү их үр өгөөж өгөх тул байгалийн баялгийн нөөцөө бүрэн ашиглах боломжтой гэж мэдэгдсэн билээ.
Инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар нийслэлд 15.2, улсын хэмжээнд 14.4 хувьтай байна. Инфляцийн өсөлт мах, ундаа усны бүлгийн болон тээвэр зэрэг суурь үнийн өсөлт, импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, хил гааль дээр тээвэр, логистик доголдож буй зэргээс шалтгаалж буй. Тодруулбал, инфляцийн 46.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Эх сурвалж: ҮСХ, МОНГОЛБАНК, BLOOMBERG, IMF, REUTERS, MINING, OPEC
Холбоотой мэдээ