Женев дэх НҮБ-ын төлөөлөгчийн газрын дипломатч Борис Бондарев Оросын түрэмгийллээс ичсэндээ албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр 2019 оноос хойш тус байгууллагад ОХУ-ын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр ажиллаж байна.
Албан тушаалаасаа огцрох тухай түүний цахим шууданг “UN Watch” нөлөөллийн бүлгийн гүйцэтгэх захирал Хиллер Нойер жиргэжээ. Дараа нь Бондарев өөрөө “Associated press” агентлагт уг шуудангаа үнэн болохыг баталсан байна.
“Миний дипломат замналын 20 жилийн түүхэнд янз бүрийн л гадаад бодлогын эргэлт болж байлаа. Гэвч би хоёрдугаар сарын 24-ний өдөр шиг эх орноосоо ичиж байсан тохиолдол үгүй. Украины эсрэг мэт боловч үнэн хэрэгтээ барууныхны эсрэг эхлүүлсэн Путины түрэмгий дайн нь Украинаар зогсохгүй Оросын ард түмний эсрэг ноцтой гэмт хэрэг юм” гэж Бондарев бичжээ.
“Энэ дайн Орос орны хувьд гай гамшиг болсон гэж тус улсын элитүүд бодож буй нь илэрхий байна. Хэдийгээр эрх мэдэл бүхий нөлөөтэй албан тушаалтан биш ч гэсэн нэлээд олон хүн ингэж бодож байна. Дайн эхэлсний дараахан Оросын зарим олигархиуд болон бодлогын түвшний хүмүүс шүүмжлэл хэлж байсан. Гэвч тэднийг боогдуулж эхэлснээс хойш хаанд үнэнч байх тухай харалган мэдэгдлүүд л хаа сайгүй харагдах болж” гэж Украин дахь АНУ-ын элчин сайд асан Жон Хербст хэлэв.
Бондаревын эл үйлдэл нь Орост дайныг хүчтэй эсэргүүцэж буй хүмүүс олон байгаагийн баталгаа гэж АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам 1930-аад оны ЗХУ-ын үеийн засаглалыг санагдуулам суртал ухуулга явуулж буйг Бондарев мөн онцолжээ. Тэрбээр Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг мэргэжлийн нэр хүндээ гутааж байна гэв. “Лавров 18 жилийн хугацаанд хамт олныхоо дунд өндрөөр үнэлэгдсэн сэхээтэн байсан бол өдгөө байнга зөрчилдөөнтэй мэдэгдэл түгээж, дэлхийг цөмийн зэвсгээр заналхийлдэг хүн болж хувирсан” гэж Бондарев бичжээ.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ