“Стагфляцид орвол гарах гэж 20-30 жил зарцуулна”

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

“Стагфляцид орвол гарах гэж 20-30 жил зарцуулна”

“Стагфляцид орвол гарах гэж 20-30 жил зарцуулна”

Эдийн засагч Ч.Отгочулуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Олон улсын валютын сангаас Монголд энэ оны дөрөвдүгээр сард ажиллахдаа эдийн засагт стагфляци үүсч болзошгүйг анхааруулсан. Стагфляци үүсэх шалтгаан юу байна вэ?

-Стаглфяци гэдэг нь эдийн засаг зогсонги байдалд орсон үеийг хэлдэг. Үүний хажуугаар инфляци маш өндөр байгааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр муу зүйл нэг дор давхардаж илэрч буйг хэлдэг. Эдийн засаг агшсанаар ажлын байр байхгүй болж, ядуурал өсдөг. Дээрээс нь инфляци өссөнөөр “чөтгөрийн тойрог” буюу амьжиргааны нөхцөл байдал муудаж, хөрөнгө оруулалт багасна.

Хөрөнгө оруулалт багассанаар ажлын байр байхгүй болно. Стагфляцийг яаж эмчилдэг вэ гэдэг нь хүнд асуудал юм л даа. Яагаад гэвэл инфляци өндөр үед төв банк бодлогын хүүгээ өсгөдөг. Бодлогын хүүг өсгөснөөр зээлийн хүү өснө. Энэ нь өөрөө нэг талд хөрөнгө оруулалт, хэрэглээ буурна гэсэн үг.

Ингэснээр ажлын байрыг цомхтгоно. Өөрөөр хэлбэл ажилгүйдэл өснө. Ажилгүйдэл өсөхөөр, ядуурал өснө. Эндээс яаж гарах вэ гэвэл эхлээд учир шалтгаанаа зөв олох хэрэгтэй байна.

-Стагфляциас сэргийлэх боломж байна уу?

-Стагфляци суурь үнэ өсөхөөс шалтгаалдаг. Манай жишээн дэр бензиний үнийг хэлж болно. Олон улсын зах зээлд инфляци өсч байна. Хоёр дахь шалтгаан нь бүтээмж буурахаас шалтгаалдаг. Ажил хийж буй нэг хүнд оногдож буй баялаг буураад байвал эдийн засаг буурна. Нэгдүгээрт, бензиний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 60-70 хувиар өсчихлөө. Хоёрдугаарт, ерөнхий бүтээмж асах их буурч байгаа. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ тасралтгүй буурсаар байна.

Үүнээс гарах арга зам нь бүтээмжийг өсгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, нийлүүлэлтээ өсгөх хэрэгтэй. Нийлүүлэлтээ өсгөх замаар бид үнийн өсөлтийг бууруулж чадна. Хил, боомтуудад буй импортын гацааг арилгах хэрэгтэй. Зах зээл дээр нийлүүлж буй мах, төмс, гурил сүү, шатахууны нийлүүлэлтийг яаралтай өсгөх хэрэгтэй.

-Тэгэхээр эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөснөөр гацаанаас гарч чадах уу?

-Монгол Улс том төслөө явуулж байж эдийн засгаа тэлнэ. Манай эдийн засаг сүүлийн 10 жилд 12-13 тэрбум ам.долларын хооронд хий эргээд байгаа юм. Гэтэл жил болгон 100 мянган хүн хөдөлмөрийн зах зээл рүү орж ирж байна. Тэднийг чанартай ажлын байраар хангахын тулд нэг ажлын байранд бид дор хаяж 10 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай. Цааш нь бодоод үзэхээр Монгол Улсын эдийн засаг жил бүр нэг тэрбум ам.доллараар өсч байх ёстой. Нэг тэрбум ам.доллараар өсгөхийн тулд хоёр тэрбумын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй болж байгаа юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хийж чадсангүй.

Эсрэгээрээ хадгаламж буурч, гадаадын хөрөнгө оруулагчид зугтаж байна. Монголын томоохон хөрөнгө оруулагчид гадагшаа мөнгөө байршуулж байна. Ингэхээр хөрөнгө оруулалт агшсанаар эдийн засаг томрохгүй байгаа юм.

Эдийн засгийг тогоотой хоолоор зүйрлэж болно. Тогооны хэмжээ хэвээрээ байхад тэндээс халбагадаж буй хүмүүсийн тоо жил бүр өсч байна. Тэгэхээр хүн амын өсөлтөө дагаад хөдөлмөрийн зах зээл дээр орж ирж буй хүмүүстээ ажлын байр бий болгохын тулд том төслүүдээ зоригтой явуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгаа тэлнэ. Нуур амгалан бол нугас амгалан гэж ярьдаг. Нуур нь загас жараахай сайтай, томорч байх ёстой. Гэтэл манай эдийн засаг хатаад ширгэлтийн байдалд орсон. Дээрээс нь нууран дах нугас хоолгүй болчхоод байгаа дүр зураг харагдаад буй.

-Стагфляци үүссэнээр эдийн засагт ямар хор хохирол учрах вэ. Эдийн засагчид мөн Монгол Улсыг деполт зарлахад ойрхон байгааг хэлж байна?

Стагфляцийн хор хөнөөл их. Монгол Улсад албан ёсны ажилгүйдэл 10 хувьтай байна. Гэтэл хөдөлмөр, оролцооны аргаар тооцоод үзэхэд хоёр эмэгтэй тутмын нэг нь ажилгүй байна. Харин бодитоор буюу албан бус ажилгүйдэл нь албан ёсны статистикаас тав дахин өндөр буюу 50 хувьд хүрчихсэн.

Ядуурал буурч байна гэж Засгийн газраас хэлдэг. Цар тахлын өмнө 30 хувь нь ядуу байсан бол одоо цар тахлын хүнд үе, ОХУ Украины дайны хямрал, хүнсний хямралаас шалтгаалан ядуурал бодитоор 50-60 хувьд хүрчихсэн байх гэж бодож байна. Үүнийг Дэлхийн банк судалж, судалгааны дүнг энэ оны дөрөвдүгээр сард нийтэлсэн байна лээ. Уг судалгаанд Монголд баян хоосны ялгаа хамгийн хурдтай өсч байгаа дүн гарсан. Өөрөөр хэлбэл хүн амын орлогыг дотор нь тав хуваагаад хамгийн өндөр орлоготойг, бага орлоготой хүмүүстэй харьцуулаад үзэхээр ерөнхийдөө дундаж давхарга байхгүй болж, баячууд нь улам баяжиж, ядуус нь улам ядуурч байна гэсэн судалгааг гаргасан байна лээ.

Ажилгүйдэл, ядуурал хоёр  түр зуурын үзэгдэл байсан бол стагфляцид орсноор ужгирсан, урт хугацааны архаг, хэдэн арван жил шаардсан аюултай ангал руу орж байна. Одоо бид стагфляцид орвол гарах гэж дор хаяж 20-30 жил зарцуулна. Тиймээс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

"СТАГФЛЯЦИЙН АЮУЛ УЛАМ БОДИТОЙ, ГҮНЗГИЙ ШИГДЭХ АЮУЛТАЙ БОЛЧХООД БАЙНА"

-Та Засгийн газрын эдийн засагт хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн харж байна вэ. Энэ чиглэлээр эрх баригчдад юуг зөвлөх вэ?

 -“Бамбарууш” кафе элдэв янзын хөшөөг бүгдийг болих хэрэгтэй. Бүх нөөц боломжоо хилийн боомтдоо хөрөнгө оруулж,  барааны урсгалыг эрс сайжруулах хэрэгтэй. Дээр нь манай дотоодын аж ахуй нэгжүүд хүнд сурталд дарамтлагдаж байна. 2022 оны төсвийн орлогыг 30 хувиар өсгөчихсөн. Энэ нь татвар төлөгчдийн ачааллыг нэмчхэж байгаа юм. НӨАТ-ын орлого өссөн байна. Ноднин талх дунджаар 1000 төгрөг байсан гэж бодъё. Тэгвэл одоо 2000 төгрөг болчихлоо. Ноднин дундаж тэтгэврийн хөгшин нэг ширхэг талх автсаныхаа төлөө НӨАТ-д нь 100 төгрөг төлдөг байсан байна. Энэ жил 200  төгрөг төлж байгаа. Энэ нь өөрөө тэтгэврийн хөгшний орлого бодит хэрэглээг бууруулчихлаа. Гэхдээ энэ байдал Засгийн газарт ашигтай. Яагаад гэвэл НӨАТ-ын орлогоор татварын орлого өсчхөж байгаа юм. Засгийн газар инфляциар дамжсан далд татвараар өөрсдийгөө хуурахаа болих хэрэгтэй. Төсвийн үр ашиггүй зардлыг бүгдийг нь царцаах хэрэгтэй.

Энэ мөнгөөрөө үр тариа бордоо нөөцөлж, Дарханы замаа дуусгах хэрэгтэй. Дарханы замаа дуусгаж чадвал Булган, Сэлэнгэ, Дархан зэрэг хүнс үр тарианы үйлдвэрлэл хот руу орж ирэхдээ тээврийн зардал багасна. Дизелийн үнийг өсгөчихлөө. Угтаа зохицуулалт хийх боломж байсан. Гэтэл цөөн хэдэн монополь компаниудаа авч үлдсэн учраас дизелийн үнэ өсчхөж байгаа юм. Дизель түлшийг газар тариалан, уул уурхай барилга, ачаа тээврийнхэн зэрэг үнийг буулгах, ажлын байр бий болгох, эдийн засгийг урагш нь зүтгүүлдэг бүх салбарын үндсэн түүхий эд нь дизель түлш юм.

Тэгэхээр Засгийн газар хийх ёстой ажлаа хийж чадахгүй байна. Дизелийн зах зээлийг либералчлаад үнийг буулгах хэрэгтэй. Удахгүй ОХУ, Украины дайнтай холбогдуулан бордоо, үр тарианы хангамж буурч, үнэ эрс өснө. Урьдчилж нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Чухал ажлуудаа хийж чадахгүй байгаа учраас стагфляцийн аюул улам бодитой, гүнзгий шигдэх аюултай болчхоод байна.

-Ирэх онд “Самурай” бондын өрийг төлнө. Ингэхдээ Хөгжлийн банкны зээлдэгчид өрөө төлж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр өрийг төлнө  гэж Сангийн сайд ярих боллоо. Татвар төлөгчдийн мөнгөөр бондын өр төлнө гэдэгтэй та санал нийлэх үү?

-Төрийн өмчийн өрийг Засгийн газар хариуцдаг. Засгийн газар төсвийн тодотголыг хариуцлагагүй оруулж ирлээ. Хувийн хэвшлийн хийчих ажлыг гацааж, зогсоочхоод татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг тэрбум ам.долларын өр зээлийн баталгаа тавьж, хотын дундуур хөнгөн галт тэрэг тавина гэж байгаа.  Гэтэл эрчим хүчний хангамж нь хаана байгаа юм. Тавантолгойд цахилгаан станц барина гэж байна.

Ашигтай төсөл юм чинь хувийн хэвшлийнхнээр бариулчих ёстой байхгүй юу. Ингэж зээл авахын тулд Засгийн газрын өрийг эдийн засагт харьцах харьцааг 50  хувь гэсэн тоо оруулж ирээд байгаа юм. Монголбанк Засгийн газрын өрийг эдийн засагт харьцуулсан харьцааг 80 хувь гэж үзэж байгаа. Дэлхийн банк 92 хувь гэж үзэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх өр эдийн засагт хэдэн хувь эзэлж байна вэ гэдэг амин чухал тоон дээр гурван янзын тоо байгаад байна. Өөрөөр хэлбэл  байгаа байдлаа оношилж чадахгүй байна.

Манай экспортын барааны үнэ өсч буй. Сая коксжих нүүрсний үнэ Хятадын хил дээр 450 ам.доллар хүрлээ. Өмнө нь 20-70 ам.долларын хооронд байдаг байлаа. Зэсийн үнэ 10 мянга шүргэж байна лээ. Алтны үнэ өсч байна. Энэ сайхан боломжийг ашигласан бол манай улсын экспортын орлого 15 тэрбум ам.доллар болох боломжтой байлаа. Үүнийг ашиглаж чадсангүй. Үүлэн чөлөөний нарыг өнгөрөөж байна. Гэтэл Засгийн газрын өр найман тэрбум ам.долларт хүрсэн.

Угтаа бол бидэнд асар их боломж бий. Өрийн удирдлага явуулах боломжийг олж харахгүй байна. Засгийн газарт оновчтой, менежмент хийх чадвар сул байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж