Хувьсгал болох уу: Хөгжлийн гацаа

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Хувьсгал болох уу: Хөгжлийн гацаа

Хувьсгал болох уу: Хөгжлийн гацаа

Идэж буй хүнс маань хоол уу, хор уу. Хажуу хаалганы нөхөр хөрш үү, хулгайч уу… Зүтгээд зүтгээд өөд хардаггүй, яачихсан новшийн амьдрал гээч нь вэ?! Улс төр хэрэг алга. Урлагт үнэлэмж алга. Эмчлүүлэх эмнэлэг, сурах сургууль, хүмүүжих цэцэрлэг, хөгжих боломжгүй хөгийн нийгэм. Салалт, өширхөл, аюултай орчин, ажилгүйдэл, араар тавилт, авлигажсан төр, хүчирхийлэл, хавтгайрсан халамж. Амласан, амаа барьсан, ам асуусан арав арваар тоологдох он жилүүд. Хүний эрхийн төлөөх жагсагч, жагсаалыг эсэргүүцэгчид, эрх баригчид, элдвээр зүхэгсэд, өрөөлийг шүтэгч, өөрсдийгөө үгүйсгэгчид. Боловсон хүчнээр ангасан салбарууд, бодлого тодорхойлогч нь бодлогогүй улс.

…Эргэлтийн цэгийг энд, тэндгүй сануулсан хүмүүс. “Эдийн засгийн”, “эрүүл мэндийн”, “иновацийн”, “атрын”, “аж үйлдвэрийн”, бүр “амрагийн” хувьсгалыг “хүлхэнгээ” тохиромжтой цагийг хүлээгсэд. Монголчуудад дахин хувьсгал хэрэгтэй болсон талаар ам булаалдан ярьцгааж байна. Энэ бүхэн яван явсаар  “өнгөт хувьсгал” гарч болзошгүй хэмжээнд очсон талаар учир мэдэх нэг нь анхааруулах болов. “Өнгөт хувьсгалын хөрс, суурь Монголд бий болсон уу” гэх сэдвийг бид цувралаар хөндөж байна. 

ГАЦАА

Өнгөт хувьсгал болсон улс орнуудын жишээнүүдээс харахад улс орны стратегийн ач холбогдолтой эдийн засаг, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гацаахын тулд улс төр, эдийн засгийн нөлөө бүхий бүлэглэлийн ашиг сонирхлыг өдөөдөг аж. Асуудалд аминчхан бодлоор хандагдагсад өөрт нь ашиггүй л бол асуудлыг тэр чигт нь гацааж орхино. Улс оронд хэчнээн чухал асуудал байх нь падгүй. Энэ л шалтгаанаар Монголд төмөр зам, цахилгаан станц, боловсруулах үйлдвэр барих талаар сүүлийн 30 жил ярьсан ч цааснаас цаашгүй, шаваас шалихгүй өдийг хүрчээ. Би-гийн шунал нэгнийхээ эхлүүлснийг нөгөө нь гацаах ажээ. Энэ хугацаанд бүхий л Засгийн газар улс орны хэмжээний бүхий л төслийг амлаж ирсэн ч С.Баярын хамтарсан Засгийн үед хөдөлгөсөн Оюутолгойгоос өөр ажил болсон нь үгүй. Оюутолгойг ашиглаж эхэлснээс хойш түүгээр “хооллодог” бүхэл бүтэн бүлэглэл гарч ирсэн бөгөөд түүнийхээ ачаар байнгын дэмжлэг авч, бүр С.Баяраас эхлээд С.Баярцогт нарыг шоронд хийх хүртлээ ажлаа амжилттай хийж ирсэн билээ. Хамгийн сонирхолтой нь, уг төсөл гараанаас гарсан ч одоог хүртэл засгийн асуудал хэвээрээ байна. Энэ хугацаанд мега төсөл боловсруулсныхаа төлөө нэгэн цагт Ерөнхий сайд шоронд орсон бол Ерөнхий сайд асан М.Энхсайханыг таван жилийн өмнөх машины ханшийг төдий хугацааны дараахтай харьцуулан төрийн мөнгө шамшигдуулсан хэргээр хорьжээ.

Мега төсөл, хөтөлбөрүүд гацсаны гайгаар Монгол бусдаас шатахуун, эрчим хүч, боловсруулах үйлдвэр, валютын хамааралтай амьдарч байна. Хоёр хөрш маань хилээ хэдхэн хоног хугацаанд хаахад л манайд бараа, бүтээгдэхүүний үнийн савалгаа үүснэ. Ийнхүү хараат бус байдал биднийг бусдаас улам бүр хамааралтай болгосон төдийгүй Хойд хөршийн газрын тосны үйлдвэр урсгал засвар хийхэд л Монголд тэг зогсолт хийх хэмжээнд хүрдэг бол урд хөршийн хил дээр жилийн өмнө гацсан бараагаа одоог хүртэл авч дуусаагүй л байна. Ингэж бид барьцаанд орж, эдийн засгийн үзүүлэлт 1990-ээд оны хэмжээнд очтол унажээ. Нэгэнт барьцаанд орсон болохоор бүхий л асуудалд хоёр хөршөө царайчилна. Тэдний бодлогод таацуулна. Энэ нь иргэдэд таалагдахгүй нь ойлгомжтой. Бүгд ажлаа хийхийг Монголбанк, Засгийн газар, УИХ-аас шаардаж байна. Монголын эдийн засгийн хямралыг улам бүр дэвэргэн улс төрийн хямрал руу хөтлөж, далимдуулан төрийн эрхэнд гарах гэсэн бүлэглэл ч бий болчихлоо. Буруутан нь Засгийн газар. Өөрөөс нь хамааралгүй олон хүчин зүйл бий ч  Л.Оюун-Эрдэнийн танхим бурууг өмнөх засгууд руугаа чихсээр ирсэн нь тэдэнд итгэх итгэлийг улам бүр алдагдуулах болжээ. Үр дүнд нь үе үеийн засаг, түүнийг толгойлсон улстөрчид, олигархиудыг үзэн ядах сэтгэхүйгээр өвч зэвсэглэсэн ард түмэнд өндийв. Үүнийг далимдуулж тогтолцоог өөрчлөх асуултыг хүртэл ард түмний дунд явуулахыг санаачилж амжсаныг бид мартаагүй. Эмнэлгээс гэрийн шаахайтай нь гаргасан эх, хүүхдийн асуудлаар Засгийн газрыг унагасан хэрэг саяхных.

Хөгжлийн банкны асуудал босч ирэхэд зэрэгцээд нэгэн асуудлыг сэвж эхэлсэн нь, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээлийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлүүлэх гэж байгаа мэдээлэл байв. Тэр нь Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ зэрэгт авсан 762 тэрбумын зээл юм.

Дурдагдаад байгаа Эгийн голын усан цахилгаан станцын асуудал яригдах болгонд малчид, хойд хөршийнхөн эсэргүүцдэг. Ганц Эгийн гол ч биш. Шүрэнгийн усан цахилгаан станцийг ч эсэргүүцдэг. Шалтгаан нь, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченкогийн хэлдэг шиг эдгээр төсөл Байгал нуурын экосистемд ноцтой аюул учруулна гэж үздэг. Гэтэл хууль Эгийн голын усан цахилгаан станцийн төслийг удирдаж байсан Д.Одхүү байгальд ямар ч сөрөг нөлөөгүйг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны баг судалгаа хийж тогтоосныг гэрчилдэг. Гэтэл В.В.Абрамченкогийн "Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих нь ОХУ-ын хувьд маш эмзэг. Монгол Улсад шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг Галуут нуурын цахилгаан станцаас хангахад бэлэн байна" гэх жишээтэй.

Гэтэл эдийн засагч Ч.Хашчулууны хэлснээр, бид жил болгон эрчим хүчнийхээ 20 хувийг ОХУ-аас импортлодог бөгөөд үүнд 200 сая ам.доллар зарцуулдаг гэсэн үг. Харин Эгийн голын усан цахилгаан станцийг 720 сая ам.доллараар барих бөгөөд Хятадаас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, ажлаа эхлүүлсэн ч Оросын шахалтаар зогсоосон билээ. Уг нь бид ОХУ-аас таван жил эрчим хүч авах мөнгөөрөө л энэхүү станцыг барих боломжтой гэсэн үг.

Эрчим хүчний асуудал аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа ч 2022 оны төсвийн тодотголын төсөлтэй хамт Тавантолгойн цахилгаан станцын төсөлд санхүүжилт татахаар 565 сая ам.долларт Засгийн газар өрийн баталгаа гаргах асуудлыг оруулж ирсэн ч Төсвийн байнгын хорооноос буцсан хэр нь малчдыг хашаа барихад 300 гаруй сая ам.долларын зээл авах тухай санаачлага гаргаад явж байх жишээтэй.

Төмөр замын асуудлыг гэхэд л танкаар орж ирнэ гэж айлган гацааж хэдэн зуун саяар хэмжигдэх долларыг шороон далан барихад зарцуулсан хүнийг бид Ерөнхийлөгчөөр сонгож л байсан.

Монголын бүх мега төслийг бидний сонгосон улстөрчид гацаасаар ирсэн төдийгүй Эгийн голын усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгойн станцыг барих ажлыг хийнэ гээд буй Ерөнхий сайдын замд УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч байсан хүн шууд биш ч элдэв шалтгаанаар хөндөлсөж, тэр тоолонд Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөж, элдэв жагсагчид гарч ирдэг нь гайхаад байх зүйл биш.

Өнгөт хувьсгал тэгж болдог аж. Энэ үед нийгмийн сэтгэл зүй, зан байдалд нөлөөлж, авлигад идэгдэж, луйвраар хөлжсөн төрийн түшээд улс орныг сүйдэлж байгааг сануулан тэдний савраас өөр хүчирхэг гүрэн гаргаж өгөх тухай янз бүрийн аргаар сэнхрүүлэхийг оролдох авай. Үр дүнд нь улам л бусдаас хамааралтай, тэнгэрт тулсан үнэтэй бараа, бүтээгдэхүүнтэй худалдан авах чадваргүй гуйлгачид болоод дүрвэгсдийн цуваа бий болдог ажээ.

Үргэлжлэл бий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж