Энэ сарын сүүлээр огцом дулаарна

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Энэ сарын сүүлээр огцом дулаарна

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын дарга С.Цогбаатараас
ойрын өдрүүдийн цаг агаарын талаар тодрууллаа. 

Амралтын өдрүүдэд болсон цасан шуурганаар
онц ноцтой аюул гараагүй

Энэ сарын 13,14,15-нд Говь-Алтай, Өмнөговь, Дунговийн нутаг, Баянхонгор,
Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 27 метр хүртэл ширүүсч, Дархадын
хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар шөнөдөө 25-30 хэм хүрч
хүйтэрсэн ч онц ноцтой аюул тохиолдоогүй. Дорнод амгийн Булган суманд хоёр хүн
төөрсөн ч өчигдөр16 цагийн орчимд тэднийг олсон байна. Хөдөө орон нутгийг
чиглэсэн тээврийн хэрэгслүүдийг цаг агаарын аюултай үед зорчихыг хориглосон сануулга
өгсөөр байтал “Өөрт тохиолдох бүх эрсдэлийг хариуцна” гэж замд гардаг боловч
100 км хүрэхгүй газар яваад цасанд боогддог тохиолдлууд цөөнгүй гарсаар байна.

Зарим нутгаар 12 градус хүртэл дулаарна

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын сүүлчээр нийт нутгаар огцом
дулаарч, зарим нутгаар өдөртөө 10-12 градус хүртэл дулаан байх төлөвтэй байгаа
гэнэ. Тиймээс иргэд, малчдыг шар усны үерээс болгоомжлохыг Онцгой байдлын
газраас анхааруулж байна. Малчид малаа өндөрлөг газраар бэлчээх нь аюул багатай
аж. Учир нь шар усны үер аажмаар буудаггүй байна. Гэнэт их дулаарснаас уулын
цас хайлж ихээр бууж, талд бэлчиж байгаа мал сүрэг үерт автах аюултай. Мөн
нийслэлийн үерийн далан суваг өвөлдөө хогоор дүүрсэн байдаг. Үүнийг энэ сардаа
багтааж цэвэрлэх ажлыг эхлүүлэх шаардлагатай аж. Далан суваг дагаж буусан 2000
гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхгүй бол өнгөрсөн зуны их үерийн
гамшгаас дутахааргүй хохирол учирч болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж
байна. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, орон нутгийн онцгой байдлын газар
24 цагийн турш бэлэн байдалд ажиллаж байгаа аж..  

Дулаарахаар түймэр ихэснэ

Дулаан орохоор обьектийн түймэр ихэсдэг байна. Учир нь гэр хорооллын айл
өрхүүд хаврын салхи шуурга, хавсаргатай үед цогтой үнсээ ил, задгай асгаснаас
болж ойр тойрны айл, хашаа хороо нь шатдаг. Мөн иргэд хямд төсрийг нь бодоод
чанар муутай цахилгааны утас хэрэглэж байгаа нь галын аюулд өртөх бас нэгэн
шалтгаан болж байна. 2009 оны эхний хоёр сарын байдлаар 125 гэр, орон сууц
шатсан бол энэ оны эхний хоёр сард 336 болж нэмэгджээ. Цаашид галын аюулгүй
байдлын асуудалд иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэхийг Онцгой байдлын
мэргэжилтнүүд анхаарууллаа.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж