Тэрүнофүжи: Би ёкозүна цолтой учир башёд түрүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи: Би ёкозүна цолтой учир башёд түрүүлэх ёстой

Тэрүнофүжи: Би ёкозүна цолтой учир башёд түрүүлэх ёстой

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өнгөрөгч амралтын өдөр өндөрлөж, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, гурван унаатай түрүүлсэн билээ. Ийнхүү тэрбээр долоо дахь удаагаа эзэн хааны цомын эзнээр тодорсон юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын Харү башёгийн үеэр өвдөг болон өсгийндөө гэмтэл аван дундаас нь орхиж байсан тэрбээр Нацү башёгийн сүүлийн долоон барилдаанд дараалан ялж, формондоо эргэн орсон нь харагдсан.

Долоо дахь түрүүгээ хүртсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр/2022.05.23/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би ёкозүна цолтой учир башёд түрүүлэх ёстой. Тиймээс ч үүндээ хүрсэндээ тайвширсан” гэв.

Нацү башёгийн сүүлийн өдөр 11 даваа, гурван унаатай хоёр бөх байсан нь Тэрүнофүжи болон Таканошо нар. Гэвч Таканошо 15 дахь барилдаандаа Саданоүмид ялагдсанаар Тэрүнофүжид түрүүлэх боломж нээгдсэн юм. Хэрэв Таканошо ялсан бол аваргын төлөөх нэмэлт барилдаан Тэрүнофүжи, Таканошо нарын хооронд болох байлаа.

Өдгөө 30 настай Тэрүнофүжи замналынхаа туршид олон хүнд бэртэл гэмтэл авч байсан ч өдийг хүртэл тэмцэж, доод зиндаанаас ёкозүна цол хүртлээ дэвшсэн нь гайхалтай.

Тэрүнофүжи цааш үргэлжлүүлэн ярихдаа “Хэрэв зовлон бэрхшээлийн талаар бодоод л байвал ганц боддог зүйл маань энэ болно шүү дээ. Би оюун бодлоо зовлон бэрхшээлээс хол байлгахын тулд өөр зүйлс бодохыг хичээдэг” гэлээ.

Исэгахама дэвжээний ояката Ажигава буюу сэкивакэ асан Аминишики удахгүй үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа бөгөөд башёд түрүүлж багшдаа бэлэг барьсандаа Тэрүнофүжи баяртай байна. Энэ талаараа тэрбээр “Тэр хүн надад бэртэл гэмтэл болон бусад зүйлсийг хэрхэн давж гарахыг зааж өгсөн. Тэр бол миний хүндэлдэг ахмад хүн” гэжээ.

Нацү башёд монгол бөхчүүд хүлээлтээс дээгүүр барилдсан гэхэд хилсдэхгүй.

  • Кирибаяама Б.Лхагвасүрэн арван даваа, таван унаатай
  • Тамаваши Б.Мөнх-Оргил есөн даваа, зургаан унаатай
  • Хошорюү С.Бямбасүрэн найман даваа, долоон унаатай
  • Чиёошома Г.Мөнхсайхан зургаан даваа, есөн унаатай

Кирибаяама, Тамаваши, Хошорюү нар качикоши буюу 50-иас дээш хувийн амжилт үзүүлэн ирэх башёд чансаа ахих боломжтой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж