SPEAK OUT: Доромжлолыг эрүүгээр биш иргэний маргаанаар шийддэг

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Доромжлолыг эрүүгээр биш иргэний маргаанаар шийддэг

SPEAK OUT: Доромжлолыг эрүүгээр биш иргэний маргаанаар шийддэг

Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд доромжлох заалт орж ирснийг иргэд шүүмжилж, эсэргүүцэж буй юм.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  энэ асуудлаар мэдээлэл өгөхдөө "Уг заалт хууль сэтгүүлч, комедианд хамаарахгүй" гэсэн нь  бүр гал дээр тос нэмсэн тайлбар болсон. Ингээд Эрүүгийн хуульд оруулахаар яригдаж байгаа "доромжлох" асуудлаар иргэд болон хуульчид ямар байр суурьтай байгааг хүргэе. 

Уг хуулийн төслийн13.15 дугаар зүйл Доромжлох “1.Хүний нэр төр алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240  цагаас долоон зуун хориг цаг хүртэл хугацаатайгаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ.


"ХУУЛЬ ЗҮЙН АГУУЛГААГААРАА ХЭРЭГЛЭХЭД МАШ ТӨВӨГТЭЙ ЗҮЙЛ ЗААЛТ"

Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.ЭРДЭНЭБАТ:

-Эрүүгийн хуульд доромжлох зүйл заалт орж ирлээ. Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуулийн төсөлд 2002 онд үйлчилж байсан Эрүүгийн хууль дах зүйл заалтаас найруулгын ямар ч ялгаа байхгүй буюу хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол гэмт хэрэгт тооцож 450 мянгаас эхлэн торгох, эсвэл нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, буюу гэрийн хорионд оруулах ял оногдуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан.

Яагаад доромжлох гэмт хэрэг байж болохгүй вэ гэдгийг тайлбарлая. Хууль зүйн практикаас харахад доромжлох гэдгийг хэмжиж болдоггүй. Жишээ нь намхан хүнийг “пагдгар” гэвэл доромжлол гэж үзэх үү. Намхан хүнийг “тайрдас” гэвэл тэр доромжлол уу. Доромжлол бол хийсвэр ухагдахуун. Илт худал мэдээлэл гэдэг нь үнэн бодит байдлаас зөрсөн мэдээллийг хэлдэг бол доромжлох гэдэг нь хэлсэн үг болгоныг нь “энэ намайг доромжиллоо” гэж үнэлэхээс, түүнийг шалгаж буй албан тушаалтны субьектив үнэлэмжээс хамаардаг учир хууль зүйн агуулгаагаараа хэрэглэхэд маш төвөгтэй зүйл заалт. Ихэнх тохиолдолд эрх мэдэлтэй албан тушаалтан өөрийнх нь тухай үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг “намайг доромжилчихлоо” гэж үзэхэд түүнийг шалгаж буй албан тушаалтны үзэмжийн асуудал болж хувирах юм.

"СУБЪЕКТИВ ЭРХИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАС ИЛҮҮТЭЙ, ИРГЭНИЙ МАРГААНААР ШИЙДДЭГ"

Хууль зүйн сайд асан Х.ТЭМҮҮЖИН:

-Хууль зүйн шинжлэх ухаанд субъектив эрх гэж ойлголт байдаг. Асуудлыг хүлээж авч буй хүн яаж ойлгохоос шалтгаалж нэг бол хохирч буй мэт  сэтгэгдэл төрнө. Зарим хүмүүсийг “том хамартай” гэж хэлэх нь зарим үндэстний гоо  сайхны хэмжүүр байвал тэр бол магтаал. Том хамартайг таагүй хүлээж авч буй бол доромжлол мэт санагдаж эхэлдэг. Тиймээс олон улсад Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үзэхээс илүү тухайн хүнд өөрт төрж буй сэтгэгдлээс улбаатай учраас иргэний шүүхээр асуудлаа шийдвэрлэж хохирсон бол мөнгөөр торгуулдаг байх нь илүү шударга ёсонд нийцэж байна.

Эрүүгийн журмаар шийдвэл голоос нь төр орж ирээд нөгөө хүнийг торгож, торгуулийг нь төр авдаг болно. Тиймээс субъектив эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалахаас илүүтэй, иргэний маргаанаар шийддэг шударга ёсны тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Манайх шиг пост коммунист улс орнуудад цагдаагийн байгууллага шинэчлэгдээгүй, дээрээс нь хуульд захирагдахаас илүүтэй, цагдаагийн дарга, тухайн даргыг томилж буй улс төрийн хүчнээс шалтгаалдаг бол хууль “тийшээ” үйлчлэхэд бэлэн байдаг.

"ДОРОМЖЛОХ ЗААЛТ БАТЛАГДАХ ЮМ БОЛ ТЭМЦЭНЭ"

Иргэн Д.АМАРТҮВШИН:

-Саяхан манай найз гуравхан лайктай комментын төлөө цагдаад дуудагдсан байна лээ. Яасан гэхээр Н.Учралыг “боов” гэж дуудсанаар цагдаад очсон байсан. Тэгээд боов тараасан нь үнэн биз дээ. Худал мэдээлэл тараахыг хуульчлах нь хэр зөв юм бэ. Худал мэдээлэл бол иргэдийн дархлаа юм. Хэрвээ бүх мэдээлэл үнэн зөв байвал үнэн худлыг ялгах чадвар нь алга болчихно. Ямар ч байдлаар хүний үг хэлэх эрхийг хязгаарлах хууль оруулж ирдэг нь буруу. Гүтгүүлсэн бол өөрийгөө хамгаалчих. Доромжлуулсан бол эргүүлээд доромжлочих л доо.

Би өнгөрсөн долоо хоногт “дайралцаан” шоунд оролцлоо. Тэр шоунд долоон хүн гарч ирээд намайг доромжилдог. Түүнийгээ мөнгө өгөөд зарах гэж байгаа байхгүй юу. Доромжлох гэдгийг тухайн хүн юу гэж хүлээж авахаас хамаарна. Тэр хүн өөрийгөө доромжлуулчихлаа гэж үзсэнээс эхлээд доромжлол болдог. “Миний хөгшин сайн явж байгаа юм байна” гэж хэлбэл доромжиллоо гэж харвал доромжилчихлоо шүү дээ. Энэ хуулийн заалтыг батлагдахгүй байх гэж бодож байна. Нийгэм үүнийг эсэргүүцэж байгаа. Батлагдах юм бол тэмцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж