Шри-Ланка улс яагаад эдийн засгийн хямралд оров?

Хуучирсан мэдээ: 2022.05.24-нд нийтлэгдсэн

Шри-Ланка улс яагаад эдийн засгийн хямралд оров?

Шри-Ланка улс яагаад эдийн засгийн хямралд оров?

Шри-Ланка олон сая фунт стерлингийн гадаад өрийг төлж чадахгүйд хүрч, 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойшхи хамгийн хүнд эдийн засгийн хямралд унав. Шинэ ерөнхий сайд Ранил Викремесингхэ гадаад валютын нөөцөө барагдуулчихсан засгийн газрыг аврахын тулд гадаадын орнуудаас тусламж хүсч байна.

Шри-Ланкад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатахууны хомстлын улмаас олон долоо хоног эсэргүүцлийн жагсаал өрнөж буй. Хуучин засгийн газрын томчуудын үл хөдлөх хөрөнгийг шатаагаад байна.

Шри-Ланка гадаадын зээлдэгчдэд 50 тэрбум ам.доллар (40 тэрбум фунт стерлинг) өртэй ч төлөх боломжгүй гэж мэдэгджээ. Тиймээс Олон улсын валютын сангаас /ОУВС/ зээл хүсч байна. Ерөнхий сайд Викремесингхэ хэлэхдээ, тус улс ойрын хэдэн өдөр шатахуун зэрэг чухал импортын бараагаа төлөхийн тулд 75 сая ам.доллар (60.8 сая фунт стерлинг) гадаад валют яаралтай хэрэгтэй байна.

ДАМПУУРАЛ ХҮМҮҮСТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Шри-Ланка ойрын хэдэн сарын турш импортын бараа бүтээгдэхүүн худалдан авах валютын хомсдолд ороод байна. Хүнс, шатахууны хомсдол нь үнэ өсөхөд хүргэсэн. Одоо инфляци 30 хувьд хүрч байна. Цахилгаан тасарч, эм тарианы хомсдол эрүүл мэндийн тогтолцоог сүйрлийн ирмэгт хүргэсэн. Дөрөвдүгээр сарын эхээр нийслэл Коломбо хотын гудамжинд хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн ажиллагаа арлын бусад хэсэгт тархжээ. Нийт эргэлтийн эдийн засаг зогсонги байдалд орж, иргэд ядуурлын ирмэгт туллаа.

ШРИ-ЛАНКЫН ЭДИЙН ЗАСАГ ЯАГААД ХЯМРАЛД ОРСОН БЭ?

Шри-Ланка улсын гадаад валютын нөөц бараг дуусч, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, шатахууны импортын төлбөрөө төлөх боломжгүй болсон. Шри-Ланкын эдийн засаг цар тахлаас болж нуран унасан гэж засгийн газар нь тайлбарлаж байна.

Мөн тус улсын хамгийн их ашиг орлого олдог жуулчны салбар зогссоноос болж эргэлтийн хөрөнгөгүй болсон гэв. Түүнчлэн 2019 онд сүм хийдэд хэд хэдэн үхлийн аюултай бөмбөг дэлбэрч жуулчдыг айдаст автуулсан гэжээ. Гэсэн хэдий ч олон мэргэжилтэн эдийн засгийн буруу менежмент Шри-Ланка улсын дампууралд буруутай гэж үздэг.

Иргэний дайн 2009 онд дууссаны дараа Шри-Ланка гадаадын зах зээлд нэвтрэх гэж оролдохын оронд дотоодын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд илүү анхаарал хандуулахаар сонгосон.

Тиймээс экспортын орлого бага хэвээр байхад импортын төлбөр өссөөр байв. Шри-Ланка жил бүр экспортоосоо гурван тэрбум ам.доллар буюу 2.3 тэрбум фунт стерлингээр илүү импортын бараа бүтээгдэхүүнд зарлага гаргаж  байгаа нь гадаад валютын нөөцгүй болгожээ.

Шри-Ланкад 2019 оны эцсийн байдлаар 7.6 тэрбум ам. доллар буюу 5.8 тэрбум фунт стерлингийн гадаад валютын нөөцтэй байжээ. 2020 оны гуравдугаар сар гэхэд түүний нөөц 1.93 тэрбум ам. доллар (1.5 тэрбум фунт стерлинг) болж буурчээ.

Саяхан засгийн газар энэ тоо ердөө 50 сая ам.доллар (40.5 сая фунт) хүртэл буурсан гэж мэдэгдэв. Засгийн газар мөн шаардлагагүй дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд Хятад зэрэг улс орнуудтай асар их өр тавьжээ.

Үүссэн эдийн засгийн хямралын төлөө хүмүүс Ерөнхийлөгч Готабая Ражапакса болон түүний ах Махинда нарт чиглэж байна. Махиндаг Ерөнхий сайдаар томилсон ч тавдугаар сард өргөн хүрээний эсэргүүцлийн улмаас огцруулсан юм.

Ерөнхийлөгч Ражапакса засгийн эрхэнд гарсны дараа 2019 онд өргөн мэдүүлсэн их хэмжээний татварын хөнгөлөлтийг шүүмжилсэн. Сангийн сайд Али Сабри хэлэхдээ, засгийн газар жилд 1.4 тэрбум ам.доллар буюу 1.13 тэрбум фунт стерлингийн орлого алдсан байна. Шри-Ланкын валютын хомсдол 2021 оны эхээр ноцтой асуудал болоход засгийн газар химийн бордоо импортлохыг хориглох замаар гадагшлах урсгалыг хязгаарлахыг хичээв.

Мөн  тариаланчдад  дотоодоос гаралтай органик бордоо ашиглахыг уриалав. Энэ нь газар тариалангийн хомстолд хүргэсэн. Шри Ланка хүнсний нөөцөө гаднаас нөхөх шаардлагатай болсон нь валютын хомсдол улам бүр дордуулжээ. ОУВС-гийн энэ оны гуравдугаар сард гаргасан тайланд бордооны хориг нь цай, резиний экспортод сөргөөр нөлөөлж, алдагдалд хүргэсэн гэжээ.

ЗАСГИЙН ГАЗАРТ ХЯМРАЛААС ГАРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БИЙ ЮУ?

Ерөнхий сайд Ранил Викремесингхэ хэлэхдээ "Засгийн газар маш их хөрөнгийн дутагдалтай байгаа тул ажилчдынхаа цалинг олгохын  тулд мөнгө хэвлэх болно гэв. Энэ нь цаашид үнийн өсөлтөд хүргэж, инфляци 40 хувь хүртэл өснө" гэдгийг тэрбээр нэмж анхаарууллаа. Мөн төрийн өмчит Шри-Ланкын агаарын тээврийн компанийг хувьчилж болно гэж мэдэгджээ.

Шри-Ланка улсын засгийн газар 51 тэрбум ам.доллар буюу 39 тэрбум фунт стерлингийн гадаад өрийг төлөх ёстой.

Энэ жил эдгээр өрийг барагдуулахын тулд. эхний ээлжид долоон тэрбум ам.доллар (5.4 тэрбум фунт стерлинг) төлөх шаардлагатай. Ирэх жилүүдэд ижил хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй болно.  Засгийн газар эхний ээлжийн өрийг барагдуулахын тулд Олон улсын валютын сангаас (ОУВС) гурван тэрбум ам. долларын яаралтай зээл авахыг хүсч байна.

ОУВС-аас Шри-Ланкын Засгийн газарт  аливаа зээлийн нөхцөл болгон зээлийн хүү, татварыг нэмэгдүүлэх ёстой гэж мэдэгдсэн.

Дэлхийн банк Шри-Ланкад 600 сая ам.долларын зээл олгохоор болжээ.

Энэтхэг улс 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн бөгөөд импортод 1.5 тэрбум ам.долларын зээл олгох боломжтой.  Мөн 65 мянган тонн бордоо, 400 мянган тонн түлш илгээсэн бөгөөд тавдугаар сарын сүүлээр илүү их түлш тээвэрлэх төлөвтэй байна.

Аж үйлдвэрийн тэргүүлэгч орнууд болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-аас бүрдсэн "G7"  бүлэг Шри-Ланкад өрийн дарамтаас гарахад тусламж үзүүлнэ гэж мэдэгдэв.

Шри Ланка Хятадад 6.5 тэрбум ам. долларын өртэй бөгөөд өрийн бүтцийг хэрхэн өөрчлөх талаар ярилцаж байна.

Эх сурвалж:BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж