"Цаг өгье" төслийн хүрээнд тохижуулсан Мэдээллийн төвийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

"Цаг өгье" төслийн хүрээнд тохижуулсан Мэдээллийн төвийн нээлт боллоо

Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид Сонгинохайрхан дүүргийн Орбит орчимд амьдардаг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг цагийг багасгах, тэднийг чадавхжуулах, нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцох боломжийг өгөх мөн тухайн орон нутгийн өсвөр насны охид, хөвгүүдэд амьдралд нь нэн хэрэгтэй мэдлэг, мэдээллийг өгөх зорилготой “Цаг өгье” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд хувцас угаалга, халуун усны газрын хүлээлгийн танхимд байгуулсан Мэдээллийн төвийн нээлт өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 21-ний Бямба гаригт Орбитын тойрогт байрлах “Тунгалаг” үйчилгээний төвд боллоо. Мэдээллийн төвийн үйл ажиллагааг нээж, Монгол дахь Австрали улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон хэлсэн үгэндээ, “Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг санхүүгийн хувьд чадавхжуулах нь Австралийн Элчин сайдын яамны хувьд чухал асуудал. Эмэгтэйчүүд гэр бүлийн орчин, бизнес, орон нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Төсөлд хамрагдаж байгаа иргэдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах сургалтанд хамруулж, хүн бүрт тэгш боломж олгосноор орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж буйд “Цаг өгье” төслийн ач холбогдол оршиж байна” гэв.

Мөн төсөлтэй хамтран ажиллаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны засаг дарга А.Батбаяр, “Тунгалаг” төвийн захирал Ц.Мөнхбаатар, 106-р сургуулийн захирал Ж. Одгэрэл нар үг хэлэв. Мөн төслийн үйл ажиллагааг дэмжигч “Юнител”, “Анунгоо” зэрэг компаниудаас нээлтийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд зочид Мэдээллийн төв, хувцас угаалга, халуун усны газрын үйл ажиллагаатай танилцсанаар нээлтийн ажиллагаа өндөрлөв.

“Цаг өгье” төсөлд сонгогдон хамрагдаж буй өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асран хамгаалдаг эмэгтэйчүүд хоёр долоо хоногт нэг удаа хоёр сагс хувцас угаалгах, халуун усны газраар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Энэхүү үйлчилгээг авснаар тэд дунджаар долоо хоногт “хөлсгүй хөдөлмөр”-т зарцуулдаг 5-6 цагийг хэмнэх боломжтой хэмээн төслийн баг үзэж байна. Ингэснээр, охид, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд өөртөө, гэр бүлдээ, улмаар орон нутагт, нийгэмдээ “цаг гаргах” боломжийг олгосноороо энэхүү “Цаг өгье” төсөл, наанадаж нийгэм эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн дээр дурдсан мэдээллийн төвийг байгуулснаар тус дүүргийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхэд залуус мэдээллийн төвд байрлуулсан ном, товхимол уншиж, интернэтийн үйлчилгээ авах боломжтой болсон бөгөөд хотын төвөөс алслагдсан орчинд ч иргэд мэдээ мэдээлэлтэй хөл нийлүүлж алхахад дэмжлэг үзүүлэхийг зорьсон байна.

Сонгинохайрхан дүүргийн нийт оршин суугчдын 70 гаруй хувь нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдардаг. Ядуурлын түвшин нь нийслэлийн дунджаас 7,6 хувиар өндөр. Түүнчлэн, 2021 онд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Жендэрийн үндэсний хорооноос хамтран хийсэн “Монгол Улсын Ковид-19 цар тахлын үед охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлж буй нөлөөллийн судалгаан”-аас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн захын хороодын өрх толгойлсон эмэгтэйчүүд ажилгүйдэл, ядууралд илүү өртсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж