Иргэндээ хүрдэггүй “10 их наяд”

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Иргэндээ хүрдэггүй “10 их наяд”

Иргэндээ хүрдэггүй “10 их наяд”

Монгол Улсын Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлж эхэлсэнээ сүр дуулиантайхан мэдээлсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Эрх баригчид энэ хөтөлбөрийг л баталчихвал эдийн засаг өсөөд, иргэдийн амьдрал эрс сайжирна гэж хангалттай ухуулсан, сурталчилсан. Байдал дээрдсэнгүй, эдийн засаг элгээрээ хэвтсэн хэвээр.

Хэдийгээр Засгийн газрын яамд болон харъяа агентлаг, газрууд өөрсдийн чиг үүргийн дагуу цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэх боловч “10 их наяд”-ын хөтөлбөр очих ёстой эзэддээ хүрэхгүй байгаа нь стресс бухимдал дүүрэн иргэдийн хувьд бачимдаж, давчдах гол шалтгаан болж буй.

Ялангуяа бизнес эрхлэгчид их бухимдалтай байна. Цар тахлын улмаас хүндэрсэн өрх, аж ахуйн нэгжийнхээ эдийн засгийн нөхцөл байдлыг дээшлүүлэхээр хөрөнгөө барьцаалж, зээл авах хүсэлтэй иргэд олон байна. Харамсалтай нь, хөрөнгийг нь үнэлээд, хурдан шуурхай зээл олгох банк “өдрийн од” шиг байгааг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид шүүмжлэн, толгой сэгсэрсээр.

Системд нөлөө бүхий арилжааны таван банкны төлөөллүүд “Бүх төрлийн зээлийн хүсэлт авч байна. Салбарын зээлийн дарааллын дагуу судлагдах тул зээл гарах эсэх хугацааг урьдчилж хэлэх боломжгүй” гэсэн нэгэн жигд хариулт өгөх ажээ.

Үнэндээ бодит байдал дээр иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх, эдийн засгаа тогтворжуулах хүсэлтийн дагуу зээл олгох асуудал “судлагдах” нэрийн дор хүлээлт үүсгэж, иргэдийг чирэгдүүлсээр удаж буй. Хүсэлт хэр хугацаанд судлагдаад, хэзээ зөвшөөрөл нь гараад, зээл олгох асуудал үнэндээ бүрхэг болжээ.

Эрх баригчид энэхүү “10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр Covid-19-ийн өмнөх буюу 2019 оны эдийн засгийн үзүүлэлтүүдэд хүрэхийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн суурийг бэлдэж, эргэн сэргэх нөхцлийг хадгална гэж тооцоолж буйгаа мэдэгдэж байв. Цогц төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойших ажлын 31 хоногийн хугацаанд нийт 1 их наяд 152 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх мэдээлэл бий.

Сангийн сайд Б.Жавхлан жил гаруйн өмнө “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцуулсанаас хойш энэхүү хөтөлбөрийн хүрээнд тодорхой бөгөөд шилэн мэдээлэл байхгүй байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-ны байдлаар ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авч, улмаар 615  зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээл олголт богино хугацаанд харьцангуй сайн гарч байна гэсэн үг хэмээн салбарын сайд онцолж байв.

Сангийн яам цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Улмаар цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд мэдээлэх, оролцогч талуудын уялдааг сайжруулж, үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллахаа амалсан.

Байдал эсрэгээрээ. Ам, ажлын зөрүү энд тод харагдах буюу.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 120 мянган ажлын байр хадгалах бололцоотой” гэж мэдэгдсэн. Гэвч банк, санхүүгийн байгууллагуудын өнөөдрийн дүр төрхийг харвал бид Covid-19 цар тахлын өмнөх үеийн байдалд эргэн орох нь битгий хэл өмнөхөөсөө ч илүүтэй хүндрэлтэй нүүр тулах нь ойлгомжтой болжээ. Одоогийн дүр зургаар ирэх намрыг төсөөлвөл бид 120 мянга битгий хэл, түүнээс ч илүү олон ажлын байр хадгалах боломжоо алдах эрсдэлтэй юм.

Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь “X” тайлан өгч буй. Статистик мэдээллээс харахад, өнгөрсөн онд 70 мянга гаруй аж ахуйн нэгж “X” тайлан ирүүлжээ. Эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа энэ үед бизнес эрхлэгч, хувийн аж ахуйн нэгжүүдэд ирж байгаа татварын дарамт, мөн төвлөрсөн өрийн хэмжээ гээд тулгамдаж буй асуудал туйлын их.

Үйл ажиллагаагаа явуулъя гэхээр саад, тушаа алхам тутамд учирч буй байдлаас харахад ирэх намар хичнээн ажил олгогч, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа хаахыг таахад бэрх.

Ирэх оноос Засгийн газар их хэмжээний өр төлнө. Тиймээс эдийн засаг эрх баригчдын төсөөлсөн "гялгар" зураглал шиг байхгүй,  иргэддээ ээлээ өгөхгүйг тэнэг хүн ч ойлгохоор байгааг эдийн засагчид хэлж анхааруулж байна.

“10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, Монголбанкны репо санхүүжилт, орон сууцны ипотекийн зээлийг эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлж буй л гэдэг. Гэвч бүгд танил тал, ар өврийн хаалгаар хэн нэгэнд очиж, энэ төрлийн зээл, тусламж жинхэнэ хэрэгцээтэй иргэдэд хүрэхгүй байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой” гэж хэлснийг энд дахин сануул юу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж