Украины засгийн газар Орост газар нутгаа өгч, оронд нь гал зогсоох тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Ерөнхийлөгч Зеленский дайныг зөвхөн дипломат аргаар шийдвэрлэх боломжтой гэж хэлснээс хойш нэг өдрийн дараа уг мэдэгдлийг хийв.
Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подолякийн хэлснээр, “Буулт хийх нь Оросын довтолгоог улам томруулж, цус ихээр урсгах болно” гэжээ.
Түүнчлэн энэ үеэр Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда нь Киевт айлчилж, парламентад биечлэн үг хэлсэн анхны гадаад удирдагч болов. Тэрбээр Украиныг Европын холбоонд элсэхэд чадах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлээд, ирээдүйгээ украинчууд зөвхөн өөрсдөө шийднэ гэлээ. Гэвч Украины гишүүнчлэлд дор хаяж 15-20 жил шаардагдана гэж Европын холбоон дахь Францын сайд Клемент Бон өчигдөр /2022.05.22/ хэлжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Оросын арми Луганск мужийн захиргааны хилд хүрэхийг оролдож байна гэлээ. Тодруулбал, Оросууд Северодонецк руу дөрвөн өөр чиглэлд нэвтрэхийг оролдож буй аж. Уг оролдлого нь амжилтгүй болсон ч орон сууцны хорооллууд руу галласаар байгаа гэж мужийн амбан захирагч телеграм сувагтаа бичжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ