Эрдэнэт үйлдвэрийн ажилчид өнгөрөгч амралтын өдөр Эгийн голыг гаталж яваад осолдсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Орхон аймгийн онцгой байдлын газраас тодруулахад “Эдгээр хүмүүс нь Эрдэнэтийн үйлдвэрийн ажилчид мөн байсан. 11 хүний нэг нь усанд осолдсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Баяр наадмын өдрүүд ирж байгаа учир иргэд та бүхэн усанд осолдож, амиа алдахаас сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Эгийн гол нь Монгол орны хамгийн гүн, цэнгэг Хөвсгөл нуураас эх аван Хөвсгөл, Булган аймгуудын нутгаар урсан Сэлэнгэ мөрөнд зүүн гараас нь цутгадаг гол юм. Эгийн голын урт нь 475 км, ус хураах савын талбай 40454 хавтгай дөрвөлжин км бөгөөд усны унал нийт уртад 815 м буюу км тутамд 2 м орчим болно. Дундаж хэвгий нь 0,0017 хувь. Эгийн гол ой хөвч бүхий бэсрэг уулс дундуур урсдаг ба хоёр талын уулс зарим газарт 100-150 м хүртэл ойртож, эгц өндөр хадан хясаатай хавцал үүсгэх тул голын хөндийн төрх байдал маш үзэсгэлэнтэй байдаг.