Жагсагчид төмөр замын ажлыг түр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Жагсагчид төмөр замын ажлыг түр зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Болд Төмөр Ерөө гол”  компанийн ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэн хэд хэдэн удаа жагсаал цуглаан хийж байжээ.

    Баян голын төмрийн хүдрийн уурхайн төмөр зам барих ажил, авто машинаар хүдэр зөөх зэрэг нь малын бэлчээрийг ихээр сүйтгэж, тоосжилт, дуу чимээ ихтэй байх тул цаашид оршин амьдрах боломжгүй болоод байгаа гэнэ.

    Нутгийн иргэдийн ярьснаас үзвэл жирэмсэн эхчүүд хэд хэдэн удаа үр зулбасан, мөн эх мал ихээр хээл хаяж, малын тарга хүч муудаж, сүүний гарц эрс буурсан байна.

    Тиймээс уурхайнхан ажилчдынхаа хэрэгцээнд “Дорнын говь” компанийн бэлтгэсэн махыг хэрэглэдэг, нутгийн иргэдээс мах сүү худалдаж авдаггүй байна. Үүнээс гадна тус уурхайд аваар осол ч олон удаа гарч, хүний амь эрсдэж байжээ. Саяхан Баян голын уурхайд боом өвчин гарсан боловч хяналтын байгууллага хэвлэл мэдээллийнхнээс нам даржээ.

    Ерөөд боом өвчин гарсан сургааар Дархан, Сэлэнгийн зах зээл дээр малчдын малын гаралтай түүхий эд борлогдохгүй, эдийн засгийн хүнд байдалд орлоо гэж нутгийнхан ярьж байна. Уурхайд гарсан боом өвчин Ерөө сумын малчдын мал, мах биш “Дорнын говь” компанийн мал, махнаас болсон гэж үзэж, нутгийн иргэд уул ус, ургамал байгаль, уугуул хүн амаа хамгаалахаар нэгдэж, “Хатан Ерөө гол хөдөлгөөн” ТББ-г байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэд өнөөдөр 12.00 цагаас эхлэн жагсаал хийж, төмөр зам барих ажлыг түр зогсоожээ. Энэ тухай тус төрийн бус байгууллагын дэд тэргүүн Ж.Батбуян бидэнд мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж