Өнгөрөгч долоо хоногийн Баасан гаригт хоёр хуваагдсан АН-ын дарга, тамга тэмдгийн маргаан нэг талдаа гарсан. Харин УИХ дахь АН-ын бүлгийн маргаан ил цагаандаа гарч, О.Цогтгэрэл, Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал, Ш.Адьшаа, нарын есөн гишүүн УИХ-ын даргад УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын бүлэгт үүссэн мухардлыг арилгах хуулийн төслийг өргөн барилаа. Ирэх долоо хоногоос хэлэлцэгдэн эхэлж, бүлгийн асуудлаа дотроо шийдэх боломжийг олгоно гэдэгт итгэж байна” гэж мэдээлж байлаа. Тэгвэл өнгөрөгч Баасан /2022.05.20/ гаригийн чуулганд тэрбээр олонхоороо шийдвэрээ гаргаж, цөөнхөө хүндэтгэх парламентат ёсыг хамгаалж АН-ын бүлгийг гацаанаас гаргах хуулийн төслийг ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөхийг УИХ, хурлын даргаас хүссэн.
Тодруулбал, “УИХ-ын нэр бүхий есөн гишүүнээс УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ хуулийн үзэл санаа нь УИХ дахь бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг тодорхой явуулах зорилготой. АН-ын бүлэг сүүлийн зургаан сар гацааны байдалтай байна. УИХ-ын даргад УИХ-ын хууль болоод АН-ын бүлгийн дүрмийн хүрээнд саналаа өгөхөд УИХ-ын дарга тодорхой зохицуулалт байхгүй байгааг хэлсэн. Энэ хүрээнд цөөн зүйл заалттай хуулийн төслийг өргөн мэдүүлж буй. Үзэл санаа нь Монгол парламентын засаглалтай орон. Парламент гэдэг олонхийн шийдвэрийг дагаж, цөөнхөө хүндэтгээд явдаг. Иймд даргын дэргэдэх зөвлөлөөр ирэх долоо хоногт энэ асуудлыг оруулж өгөхийг, энд байгаа МАН-ын гишүүдээс парламентын үйл ажиллагааг явуулах, олонхыг дагаад явах шийдлийг дэмжиж өгөхийг хүсч байна” гэв.
Ийнхүү энэ долоо хоногт О.Цогтгэрэл гишүүний өргөн барьсан хуулийн төсөл чуулганы хуралдааны хэлэлцэх асуудалд багтаагүй учир, бүлгийн даргыг хуулийн дагуу огцруулах асуудал хойшлох бололтой.
Холбоотой мэдээ