75 автобусаа авсан бол 5.4 тэрбум төгрөгийн тендер зарлахгүй байсан

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

75 автобусаа авсан бол 5.4 тэрбум төгрөгийн тендер зарлахгүй байсан

75 автобусаа авсан бол 5.4 тэрбум төгрөгийн тендер зарлахгүй байсан

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөө нийслэлийн жил бүрийн төсөвт багтдаг. Зардал мөнгийг нь ихээр тусгадаг ч бодит ажил болдог нь хомс гэхэд хилсдэхгүй. Үүний ганцхан жишээ бол сургуулийн автобус. 2019 онд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй тээвэрлэх зорилгын хүрээнд хэрэгжиж эхэлсэн төсөл бол “UB school bus”. Тус төслийн туршилтыг 2019 оны 10-12 дугаар сард хийж нийт 40 автобусаар 29 сургуулийн 115 мянган хүүхэд зорчсон статистик байдаг. Тухайн үед үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон. Тиймээс хэрэгжилтийг хангаж ажиллахаар нийслэлээс зарласан тендерт “Моннис моторс” ХХК өрсөлдөгчгүйгээр шалгарсан юм. Шалгаруулалтын дараа автобусаа татан авч, зургаан сарын дотор эхний татан авалт хийхээ амлаад байсан ч биелээгүй.

Ийнхүү цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан хил гааль дээр гацалт үүссэн гэх ганцхан шалтгаанаар сургуулийн 200 автобусны тоо хоёр жилийн дотор 75 болж  буурсан. Харин одоо үнэ ханшийн өсөлтөөс шалтгаалж 25 автобус оруулж ирэхээр болсноо тус компани нийслэлд мэдэгджээ.

Угтаа урдаас татаж байгаа шаардлагатай бараа, бүтээгдэхүүнд оочер, дараалал үүсч, хүндрэл саад учрахгүйг тухайн үеийн хотын дарга, одоогийн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн билээ. Эдгээрээс харвал тендерт шалгарсан компанид хариуцлага тооцох нэгж байхгүйгээс цаг хожиж, мөнгө үрсэн тусгүй төсөлд төсөв зарцуулсан нь тодорхой. Хугацаа алдсан ч төлөвлөгөөгөө биелүүлэх нь мэргэжилтнүүдийн үүрэг. Гэвч 200-25 болж буурсан сургуулийн автобусыг мэдэх эзэн огт байсангүй. Учир нь тухайн үед хариуцаж ажиллаж байсан дарга нар нь ажлаа өгчээ. Тэгвэл энэ ажилд хэн хариуцлага тооцож, үлдсэн автобусыг хариуцагч компанид хүлээлгэн өгөх вэ?

"АВТОБУС ОРУУЛЖ ИРЭХ 30 ХУВЬ БУЮУ 7.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ДЭЭР ЗӨРҮҮ АВАХ ХҮСЭЛТ ӨГСӨН"

"Моннис моторс" ХХК-ийн захирал Г.Мөнхбаатартай холбогдож дахин тодрууллаа. Тэрбээр, сургуулийн зориулалтын тоноглолтой таван автобусыг хүлээлгэж өгсөн. Одоо ч үйлчилгээнд явж байгаа. Дараагийн ээлжийн 20 автобус төлбөр мөнгөнөөс шалтгаалж хил дээр саатсан. Одоогоос гурван жилийн өмнөх ханш Covid-19-өөс шалтгаалж их өөрчлөгдсөн учраас бид татан авалт хийх боломжгүй болсон. Үүнийгээ ч мэдэгдэж, нийслэлээс зарласан тендерийн төсөвт өөрчлөлт оруулж өгөх санал, хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн. Шинэчилсэн үнийн санал дээр нийслэлээс ямар нэгэн хариу өгөөгүй. Хоёр компанийн худалдах, худалдан авах гэрээний нууцлалтай холбоотой учир автобусны нэг бүрийн үнэлгээг хэлэх боломжгүй. Ямартай ч 75 автобусны урьдчилгаа төсвөөс давсан.

"Моннис моторс" компанийн хувьд нийслэлээс төсөвлөсөн 23 тэрбум төгрөгийг бүрэн аваагүй. Зөвхөн 30 хувийг урьдчилгаа хэлбэрээр авсан. Тэр мөнгөөр эхний удаад 2020 онд таван автобус оруулж ирж, хүлээлгэж өгсөн. Одоо дараагийн 20 автобусыг үнэ дээр тохиролцвол хүлээлгэж өгнө гэсэн үг. Үлдэгдэл автобусыг ч ондоо багтаад оруулж ирнэ.

Сургуулийн зориулалтын автобусны үнэ жил ирэх бүр өсч байгаа учраас тендерийн шаардлагад нийцсэн 200 автобус нийлүүлж чадахгүйгээ мэдэгдэж, 75 болгон бууруулсан. Нийслэлээс ямар нэгэн хариу өгөөгүй. Бидний хувьд энэ жилдээ багтаад нийт 75 автобус хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа. Гол нь төлбөрийн хувьд санал батлагдахыг хүлээж байна гэсэн юм.

Одоогоос хоёр сарын өмнө тус компани нийслэл рүү үнийн санал, автобусны тоо бууруулах хүсэлтээ өгсөн ч одоог хүртэл шийд гараагүй л байгаа аж.

Гэсэн атал өмнөх автобусны тооцоогоо дуусгаагүй байж Төрийн худалдан авах газраас дөрөвдүгээр сарын 20-нд дахин тендер зарлажээ.

Сургуулийн автобуснуудын хувьд үйлдвэрлэсэн он, төрөл, чанар нь тэс өөр байдаг. Автобус үйлдвэрлэсэн “Донфен” нь “Ниссан мотор" корпорацийн Хятад дахь үйлдвэрлэгч бөгөөд сургуулийн автобус нь дотроо A, B, C, D гэсэн зэрэглэлтэй байдаг. Монголд оруулж ирсэн 2020 оны таван автобус С зэрэглэлийнх юм. С зэрэглэл нь илүү өндөр үнэтэй байна. БНХАУ-аас оруулж ирсэн таван автобусыг Монгол Улсын стандарт, цаг уурын эрс тэс уур амьсгал болон замын нөхцөл байдалд зохицуулж, нийт 29 төрлийн нэмэлт тоноглол өөрчлөлт хийжээ. Энэ удаагийн тендерт ч дээрх төрлийн сургуулийн 20 автобусыг 5.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.

Тайлбар: Alibaba дээрх автобусны үнэ

"СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ХҮРЭЛЦЭЭ МУУ УЧРААС 20 АВТОБУС НЭМЖ АВАХ ТЕНДЕР ЗАРЛАСАН"

Боловсрол шинжлэх ухааны яамнаас холбогдож асуухад “Сургуулийн автобусны хүрэлцээ муу учраас тоог нэмэх шаардлага үүсч байгаа. Өмнө нь зарласан тендер яамтай ямар ч холбоогүй учраас татан авалт, төлбөр тооцооны талаар мэдэхгүй. Ямартай ч олон санал хүсэлтийг харгалзаж яамны зүгээс сурагчдад үйлчлэх нийтийн тээврийн хүрэлцээг сайжруулах шаардлагатай гэдэг байр суурьтай байгаа” гэв. Үүнээс харвал энэ удаагийн тендерт дахин “Моннис моторс” ХХК шалгарах бүрэн боломжтойг үгүйсгэх аргагүй. Тиймээс тус компаниас тендерт оролцож байгаа эсэхийг асуухад одоогоор шалгаруулалтад оролцох хүсэлт илгээгээгүй гэх тайлбар хэлсэн юм.

Ерөнхий боловсролын сургуулиудыг зориулалтын иж бүрэн тоноглогдсон автобусаар хангах зорилт тавьж, таван автобусыг “Зорчигч тээвэр гурав”-т хүлээлгэж өгсөн.

Тус автобусууд өнөөдөр аль чиглэлд явж буй, нэмэлтээр автобус хүлээлгэж өгсөн эсэхийг тодрууллаа.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, автозамын хөдөлгөөний ачаалал бууруулах ач холбогдлыг харгалзаж, хүүхдийн автобусыг оруулж ирэхээр болсон. Тэр төслийн хүрээнд 2020 онд өгсөн таван автобус чиглэлийн дагуу үйлчилж байна. Тодруулбал,

  • Ч:13- 139 дүгээр сургууль
  • Ч:14- 123 дугаар сургууль
  • Ч:15-149 дүгээр сургууль
  • Ч:16- 23, 24 дүгээр сургууль
  • Ч:17- 71 дүгээр сургууль чиглэлд явж байна.

Үүнээс гадна Ч:27 буюу 134 дүгээр сургууль гээд нийт зургаан сургуулийн сурагчдын нийтийн тээврийг хариуцаж байна. Дахин нэмж хүүхдийн автобус өгөх талаар нийслэлээс ч, "Моннис моторс" компаниас ч холбогдоогүй. Сурагчдыг тээвэрлэх, техникийн бүрэн байдлын хувьд асуудалгүй ажиллаж байна" гэлээ.

200 АВТОБУСНЫ ТӨСӨВ 25 АВТОБУСНЫ УРЬДЧИЛГАА БОЛСОН НЬ

Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн унаа нэвтрүүлэхээр төлөвлөсөн ч Монгол Улсад энэ ажил хэрэгжсэнгүй. Одоо хэн хариуцлага хүлээх, ямар хяналт тавьж байгаа талаар холбогдох хүмүүсээс мөн хоёр сарын дараа дахин асуув. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох "Анх таван автобусыг "Сургуулийн автобус" төслийн хүрээнд оруулж ирсэн. Анхны гэрээгээр 2020 болон 2021 онд нийт 75 автобус оруулж ирэх байсан. Гэхдээ хил гааль дээр үлдсэн автобус нь гацсан байдалтай байна. Бусдыг нь хариуцагчаас асуух нь зөв" гэв. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2020 онд урд хөршөөс оруулж ирсэн сургуулийн таван автобусыг ашиглаж байна. Нийтийн тээврийн газраас нэг автобус нэмээд, нийт зургаан автобус явж байна” гэсэн юм.

Covid-19 дотоодод тархахаас өмнөхөн сүржин ажил эхэлж байгаагаа мэдэгдэж, их хэмжээний төсөв тусгуулж эхэлсэн ажил өнөөдөр мартагджээ. Арга ч үгүй биз. Цар тахал, бусад дуулиант үйл явдал сургуулийн автобусыг шамдуулах ажлыг хойшлуулсан.

Нэг бүрийн үнэ нь 130 мянган ам.долларын үнэтэй гэж ярьж, үгүйсгэн талцаж байсан нь саяхан. Гэсэн ч өнөөдөр төсөвт өртгийг нь хэмжиж, талцах бүү хэл тоолох гэсэн ч тоо нь өсдөггүй хэдэн автобус зорилтот бүлэгтээ хүрэхгүй мацсаар байна.

Зорилго, зорилт нь тодорхой, үйлчлэх бүлэг нь хүлээсээр. Нийслэлийн түгжрэлийг бууруулахад хүүхдийн автобус чухал үүрэгтэйг албаны хүмүүс онцолдог. Тийм байтал тэр автобус оруулж ирэх асуудал манайд хамааралгүй гээд сууж байгаа нийслэлийнхэн ч гайхмаар.

Тухайн үед баталж байсан төсөв болоод одоо хариуцаж байгаа эзэн холбогдогч нь үгүй. Ийм сонирхолтой ажлыг хэн хариуцаж байгаа нь гайхшрал төрүүлнэ. Ядаж ажил хариуцагч компанийн явуулсан үнийн саналыг хүлээж авсан эсэх, түүнд ямар хариу өгөх талаар хэлэх мэдэлтэй хүн огт байсангүй.

Хэдэн төгрөгийн хэчнээн автобус хэдий хугацаанд орж ирэх нь нууц хэвээр байгааг албаны ажил эхлүүлсэн хүмүүс хэрхэн тайлбарлах нь сонин. Мөн өмнөх тендерийнхээ хэрэгжилтэд хяналт тавьж чадаагүй байж дараагийн шалгаруулалтаа дахин зарласан нь ихэд анхаарал татаж буй юм. Тиймээс энэ ажилд тухайн үеийн Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан ч тэр, одоогийн дарга Д.Сумъяабазар ч ялгаагүй анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж