Английн хөлбөмбөгийн дээд лиг болох Премьер лигийн 38 дугаар буюу сүүлийн тойрог өчигдөр/2022.05.22/ болж, олон гайхалтай үйл явдал тохиолоо. Үүнээс онцлох нь Тоттенхэм Хотспурын Өмнөд Солонгос тамирчин Сон Хын-Мин өнгөрөгч улирал лигтээ 23 гоол оруулснаар мэргэн буучаар тодрон алтан шаахайн эзэн болов. Өдгөө 29 настай тэрбээр өчигдөр Норвич Сити багийн эсрэг хоёр гоол оруулж, 23 гоолтой байсан Ливерпүүлийн Мохаммед Салахтай тэнцсэн. Гэхдээ Сон торгуулийн цохилтоос гоол оруулаагүй гэх бахдам үзүүлэлттэй.
Ийнхүү Премьер лигийн гэлтгүй Европын хөлбөмбөгийн топ таван лигийн түүхэнд анх удаагаа Ази тамирчин мэргэн буучаар тодорч, алтан шаахайн эзэн боллоо.
Сон Хын Мин энэ улирал Премьер лигт оруулсан 23 гоолынхоо 12-ыг нь зүүн хөлөөрөө, 11-ийг нь баруун хөлөөрөө оруулжээ.
Тамирчин | Баг | Гоол | Гоолын дамжуулалт | Тоглолт |
Moхаммед Салах | Ливерпүүл | 23 | 13 | 35 |
Сон Хын-Мин | Тоттенхэм Хотспур | 23 | 7 | 35 |
Кристиано Роналдо | Манчестер Юнайтед | 18 | 3 | 30 |
Харри Кэйн | Toттенхэм Хотспур | 17 | 9 | 37 |
Английн Премьер лигийн 2021-2022 оны улирлын мэргэн буучдаар тус бүр 23 гоолтой Сон Хын-Мин болон Мохаммед Салах нар тодорлоо.
Сон Хын-Минийг бүх цагийн хамгийн шилдэг Ази хөлбөмбөгчин гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр Ча Бум-Кун, Паулино Алкантара, Пак Жи-Сун, Кэйсүкэ Хонда, Али Даей тэргүүтэй олон гайхалтай тамирчдыг дурдаж болох ч тэдний хэн нь ч Сон шиг Пушкашийн шагналыг хүртэж, алтан бөмбөгийн санал асуулгад 27 дугаарт бичигдэж, дэлхийн хамгийн ширүүн, өрсөлдөөнтэй Премьер лигийн мэргэн бууч болж байсангүй.
Та бүхэн "Будант Албионд тивийн нэр тахалж яваа Сон Хын Мин" нийтлэлийн уншихыг хүсвэл энд дарна уу
Холбоотой мэдээ