Латин Америкийн бүс нутаг нь тусгаар тогтнолын түүхэндээ гадны орнуудтай харилцах олон үе шатыг туулсан. Тухайлбал, 19-20 дугаар зууны ихэнх хугацаанд Латин Америк нь Европ, АНУ-тай салшгүй холбоотой байв. Гэтэл 21 дүгээр зуунд энэ нь эрс өөрчлөгджээ. Өдгөө Латин Америкийн орнууд нь Хятад, Япон, Энэтхэг, Иран зэрэг олон орнуудтай харилцах болсон байна. Эдгээр орны аль нь ч Хятадтай дүйцэхүйц хэмжээний нөлөөг үзүүлж чадаагүй байгааг “The diplomat” хуудас онцлов.
Хятад улс нь Өмнөд Америкийн хамгийн том худалдааны түнш, тэр дундаа Латин Америкийн хамгийн чухал зээлдүүлэгч юм. Хятадын Латин Америкт оруулсан хөрөнгө оруулалтыг тооцоолж үзвэл Дэлхийн банк, Америк хоорондын хөгжлийн банк, Латин Америкийн хөгжлийн банкнаас ч илүү гарах аж.
ХЯТАД БА АНУ
Латин Америкт хамгийн том нөлөө үзүүлж буй орноор Хятад ба АНУ-ыг нэрлэж болно. Тус бүс нутаг дахь Хятадын нөлөө 2000 оноос хойш хурдацтай тэлж байна. Колумб, Эквадорыг эс тооцвол Өмнөд Америкийн бараг бүх орон АНУ-аас илүү Хятадтай худалдаа хийж байна. Харин Мексик, Төв Америк, Карибын тэнгисийн орнууд Хятадаас илүү АНУ-тай худалдаа хийдэг.
Хятад улс нь сүүлийн 15 жилийн хугацаанд улс төр, дипломатын талбараа Латин Америкийн таван орноор тэлж чадсан. Үүнд, Коста Рика, Доминикан, Сальвадор, Никарагуа, Панам гэсэн улсууд багтана. Мөн АНУ-ын хориг арга хэмжээнд ороод буй Латин Америкийн гурван улсыг Хятад улс цэрэг зэвсэг, хөрөнгө оруулалтаар дэмжсээр ирсэн. Энэ нь Куба, Никарагуа, Венесуэл улсууд юм.
Хятад нь Өмнөд Америкийн худалдааны гол түнш бөгөөд “Бүс ба зам” санаачилгаараа холбогддог. Түүнчлэн, Латин Америкийн сансар судлалын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн.
Эдийн засаг худалдааны дайн, хориг арга хэмжээ хэлбэрээр АНУ, Хятадын хооронд удаан үргэлжилсэн өрсөлдөөнийг Covid-19 улам бүр даамжруулах төлөвтэй байна.
Бразилийн эдийн засагч Отавиано Кануто хэлэхдээ, “Ирээдүй тодорхойгүй харагдаж байна. Латин Америк нь дэлхийн хоёр том хүчний дунд оршиж байна. Цар тахлын өдөөлт багасах тусам АНУ-аас хөрөнгийн урсгал буурч болзошгүй. Түүнчлэн Хятад улс өөрсдөө эдийн засгийн хямралд өртөөд байна” гэжээ. Цар тахлын дараах нийлүүлэлтийн сүлжээний хямрал, Орос, Украины дайн, түүхий эдийн үнийн өсөлт, олон улсын хориг арга хэмжээ зэрэг нь тодорхойгүй байдлыг улам томруулж, дэлхийн худалдаанд тогтворгүй байдлыг үүсгэж буй.
Ийм тодорхой бус цаг үед Энэтхэг зөв газраа, зөв цагтаа гарч ирж болзошгүй байна. Мэдээлэл технологи, эм, автомашины үйлдвэрлэлээрээ Энэтхэг улс Латин Америкийн бүс нутагт Хятадаас дээгүүр байр эзэлж байна.
Нөгөөтэйгүүр, АНУ болон түүний холбоотнууд Хятадын Латин Америк дахь хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг геополитикийн зорилготой гэж үзэж байна. Тодруулбал, Тайванийг цаашид тусгаарлах, авторитар дэглэмийг бэхжүүлэх зорилгоор ийн хөдөлж байна гэж эмээж байна.
ХЯТАД БА ЭНЭТХЭГ
Энэтхэг улс нь дэлхийн мэдээллийн технологийн акул бөгөөд энэ орон зайдаа Хятадтай өрсөлдөх нь бараг үгүй. Эмийн салбарын хувьд ч Энэтхэгийн компаниуд Латин Америкт Хятадыг илүүрхэж байна. 21 дүгээр зууны турш Энэтхэг нь Хятадаас илүү их эмийн бүтээгдэхүүнийг Латин Америкт тогтмол нийлүүлжээ.
Гэвч Covid-19 цар тахлын үеэр бүс нутгийн ихэнх вакциныг Энэтхэг биш Хятад нийлүүлсэн байна. Хятадын засгийн газар био эмийн салбарыг гол салбараа гэж үзэн чухалчлах болсон учир алсдаа Латин Америкийн бүс нутагт Хятадын эмийн компаниуд ноёрхож магадгүй юм. Автомашины салбарыг аваад үзье. Энэтхэг нь Хятадаас хамаагүй их машин экспортолж байгаа ч мотоцикл, автомашины эд анги нийлүүлэлтээрээ Хятад тэргүүлдэг. Мөн хөрөнгө оруулалт, худалдаа, зээлийн нийт хэмжээгээрээ Хятад улс Энэтхэгээс хол түрүүлж буй аж.
Энэтхэг, Хятад хоёр аль аль нь Латин Америкийн бүс нутгийн хувьд ижил тэнцүү чухал түнш хэвээр байна. Хятадаас ялгаатай нь Энэтхэг бол ардчилсан улс юм.
Тийм ч учраас эвслийн засгийн газар, үзэл суртал, улс төрийн авлига, эсэргүүцлийн жагсаал зэрэг Латин Америкт тохиолддогтой ижил төстэй сорилтууд Энэтхэгт мөн тулгардаг. Эдийн засгийн хувьд өсч буй Энэтхэг улс Латин Америкийн орнуудын сонирхлыг татаж, гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлээр тодорхойлоод буй. Энэ мэт ойр дотно байдал нь Энэтхэг, Латин Америкийн хооронд улс төрийн өндөр түвшний айлчлал хийхэд хүргэсэн боловч тодорхой гадаад бодлого дутагдалтай байгаа аж.
Эдийн засаг худалдааны салбараас гадна уран бүтээлчид, кино найруулагчид, хөгжимчид, эрдэмтэн судлаачид харилцан ашигтай ажиллаж, боловсон хүчин солилцож байна. Мэдээж бизнес, эдийн засгийн дипломат ажиллагаа чухал ч ийн солилцоо хийх нь хоёр талын засгийн газруудад харилцан ашигтай юм.
ЛАТИН АМЕРИК ДАХЬ ЭНЭТХЭГ, ХЯТАДЫН НӨЛӨӨГ ТООГООР ИЛЭРХИЙЛБЭЛ:
Латин Америк нь Энэтхэгтэй эдийн засгийн дипломат харилцаатай бол Хятадтай олон талт дипломат харилцаатай. Латин Америк дахь энэтхэг иргэний тоо 25 мянга бол хятад иргэн нь 3.5 сая ажээ. Хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад улс тэргүүлж байна. Тодруулбал, Латин Америкийн бүс нутагт оруулсан Энэтхэгийн хөрөнгө оруулалт 12-16 тэрбум ам.доллар бол Хятадынх 159 тэрбум юм. Эргээд Латин Америк өөрөө Энэтхэг, Хятадад оруулсан хөрөнгө оруулалт нь мөн сонирхолтой. Энэтхэгт 1.5 тэрбум, Хятадад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
Зээлийн хэмжээний хувьд ч ялгаагүй. Энэтхэгийн зээл нэг тэрбум орчим бол Хятадын Латин Америкт зээлсэн мөнгө 136 тэрбум ам.доллар хүрч байна. Латин Америкийн судалгааны төв Энэтхэг найм байдаг бол Хятадад 65 байдаг гэж “The diplomat” хуудас нэгтгэжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT, CFR
Холбоотой мэдээ