Английн хөлбөмбөгийн дээд лиг болох Премьер лигийн аварга баг өнөөдөр /2022.05.22/ тодорно. Гол өрсөлдөөн мэдээж Манчестер Сити болон Ливерпүүл багуудын хооронд өрнөж буй. Сүүлийн буюу 38 дугаар тойргийн арван тоглолт 23.00 цагт нэгэн зэрэг будинт Альбионы өнцөг булан бүрт эхэлнэ. Хүснэгтийг одоогоор Манчестер Сити 90 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Ливерпүүл 89 оноотой удаалж байна. Хоёр багт хоёуланд нь дарамт бий.
Манчестер Ситигийн эсрэг Астон Вилла
Манчестер Сити өнөөдөр зайлшгүй Астон Виллаг хожиж, бүтэн гурван оноогоо, аваргын цомын хамтаар авах ёстой. Харин Астон Виллаг Ливерпүүлийн амьд домог Стивен Жерард удирдаж, замналынхаа оргил үеийг Ливерпүүлд өнгөрүүлсэн Коутиньо тус багт хүчин зүтгэж байна. Жерард, Коутиньо хоёрыг хуучин багийнхаа төлөө гайхамшиг бүтээнэ гэж Ливерпүүлийн фэнүүд найдаж буй юм.
Ситид хожигдох, эсвэл тэнцэх эрх байхгүй.
Тоглолтын өмнө Жерард “Бид ирэх тоглолтод Астон Вилла болон дэмжигчдийнхээ төлөө талбайд гарч, оноо авахын төлөө байгаа бүхнээ дайчлах болно. Хэрэв энэ нь Ливерпүүлд туслаж чадвал үнэхээр гайхалтай. Гэхдээ миний нэн тэргүүний зорилго бол Асттон Виллад оноо авчрах” гэжээ.
2014 онд Ливерпүүл Премьер лигт түрүүлэх боломжтой байсан ч Стивен Жерард халтирч, бөмбөгөө алдсанаас болж, баг нь 24 жил хүлээсэн цомоо хүртэж чадаагүй билээ. Өнөөдөр түүний өрөө төлөх өдөр хэмээн фэнүүд нь, хөлбөмбөг сонирхогчид ярьж байна.
Ливерпүүлийн эсрэг Вулверхэмптон Уондерерс
Мерсисайдын улаанууд Жерард найдахаасаа өмнө Вулверхэмптоныг буулган авч, өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй. Юргенн Клопп тоглолтын өмнө “Манчестер Ситид дарамт учирч байгаа эсэхийг хэлж мэдэхгүй юм. Манай багт лав ямар ч дарамт байхгүй. Бидэнд алдах зүйл байхгүй” гэжээ.
Ливерпүүл лигтээ түрүүлэхийг хүсч л байвал өнөөдөр хожиж, Астон Виллад найдах хэрэгтэй.
Аваргын төлөөх өрсөлдөөнөөс гадна ирэх улирлын УЕФА Аваргуудын лигт оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн ширүүн байна. Дөрөвдүгээр байрын төлөө Тоттенхэм болон Арсенал багууд өрсөлдөж буй. Тэднийг мөн хоёр оноо зааглаж байна. Өнөөдөр аль хожигдсон нь УЕФА Аваргуудын лигийн эрхийг алдана.
Холбоотой мэдээ