Тойм: Х.Баттулгын “башир арга”-ыг Дээд шүүх хөхиүлэн дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Тойм: Х.Баттулгын “башир арга”-ыг Дээд шүүх хөхиүлэн дэмжсэнгүй

Тойм: Х.Баттулгын “башир арга”-ыг Дээд шүүх хөхиүлэн дэмжсэнгүй

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн зөвшилцлөөр шийдвэрлэх ёстой

Энэ долоо хоногийн улс төр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн Т.Доржхандыг хүлээн авч уулзан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагад нь хариу өгснөөр эхлэв. Ж.Мөнхбат шаардлагын заалт тус бүрийн хариуг танилцуулсан.

Тэрбээр “Аливаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн зөвшилцлөөр шийдвэрлэх ёстой. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Үндсэн хуульд тусгайлан заасан. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулж, гишүүдийн гарын үсгийг цуглуулах боломжтой.

УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо шаардлагад нь тусгасан асуудлыг нээлттэй хэлэлцээд явах боломжтой хэмээн үзэж байгаа тул цаашдаа үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр “УИХ-д АН 11, ХҮН нам 1 суудалтай байна. Мөн хоёр бие даагч гишүүн бий. Өөрөөр хэлбэл, цөөнх ердөө 14 хүний гарын үсэг цуглуулах боломжтой тул бид төслөө боловсруулаад, УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулахын төлөө явах болно” хэмээв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр боломжтой бүхнээрээ дэмжинэ гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дэр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмжийн аж ахуй болон шувууны аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Мөн Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь хаврын тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзсан билээ. Мөн тэрбээр “Монголиан грийн фармер” ХХК, “Хөх Баянбулаг” ХХК, “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуй, “Түмэн шувуут” ХК-ийн өндөглөгч тахианы аж ахуйн ажилтай танилцаад, хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр боломжтой бүхнээрээ дэмжинэ гэв.

Ял сонсгохын тулд шүүхийн шатанд хэргийг прокурорт буцааж, яллагдагчийн эрхийг хязгаарлаж байна

Энэ долоо хоногт УИХ-аар маш олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэв. Онцолбол, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

2019 онд анхан шатны шүүх 26 897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан, 2020 онд 13 470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан гэх тоо баримтыг төсөл санаачлагч танилцууллаа. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ.

Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан "ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх", мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг эрхтэй.

Шүүх хуралдаанаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэж зүйлчлэлийг хүндрүүлэх эсхүл шинээр ял сонсгохын тулд шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаах ерөнхий зохицуулалтыг хэрэглэж байгаа нь яллагдагч дээрх эрхээ бодитойгоор эдлэх боломжийг хязгаарлаж байгаа аж. Иймд Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм гэж үзэж, хуулийн төслийг боловсруулжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах саналыг бэлтгэн томъёолжээ.

Ажлын багийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дураараа донор болж болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, осол гэмтэл орж байна. Мөн анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологиуд нэвтэрч эрчимтэй хөгжиж байгаа нь иргэдийнхээ амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах өргөн боломж нээгдэж буй.

Монгол Улсад 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойш энэ оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгажээ. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байна.

Манай улсын хэмжээнд бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай олон зуун иргэн байгаа бөгөөд одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

Энэ хуулийн төсөлд оруулах гэж буй хамгийн чухал өөрчлөлт нь донор болох хүсэлтэй иргэдийн насны доод хязгаар 25 байсныг бууруулж өгснөөр Монгол Улсын 21 нас хүрсэн иргэн донор болох боломжийг бүрдүүлэх заалт байв.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монголбанкны ерөнхийлөгчийг гишүүд “байцаав”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэл дагуулж болзошгүй байгаа аж. Иймд банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг нэг жилээр сунгах тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дэмжиж, сунгах нь зүйтэй гэж үзэн, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гишүүдийн асуултад хариулахдаа "Системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгохоор хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн бөгөөд банкнууд бизнес төлөвлөгөө, бичиг баримтуудаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээд байна.

Хамгийн сүүлийн санхүүгийн тайлан дөрөвдүгээр сард бэлэн болж, дэлхийн компаниудаар аудит хийлгэсэн. Тайлан дөрөвдүгээр сард бэлэн болж, IPO хийх дараагийн зөвшөөрлийг авахаар хоёр банк хүсэлтээ өгчихсөн, үлдсэн гурван банк хүсэлт өгөх байх. Тиймээс ирэх сарын 30-наас өмнө амжихгүй болоод байна" гэв. Эцэст нь Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум доллар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 17 их наяд 312.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 19 их наяд 219.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 36.3 хувь байхаар тусгажээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 906.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудтай бүрэн нийцэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд дэвшүүлсэн зорилтот болон тоон шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаар төсвийн сахилга бат сайжирч, Засгийн газрын өрийг мэдэгдэхүйц багассан үр дүнтэй байгаа аж.

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг боломжит эрсдэлийн түвшинд, хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ гэж Сангийн сайд онцлов.

Монгол Улсын Засгийн газрын гадаад өр өдгөө 8.5 тэрбум ам.доллар байгаа аж. Үүнд зөвхөн Засгийн газрын баталгаат өр орж байгаа бөгөөд “Оюутолгой” болон бусад төрийн өмчит компанийн өр ороогүй байна. Б.Жавхлан сайд “Бондын өр 2.7 тэрбум, зээл 5.8 тэрбум ам.доллар байна. Энэ бол олон улсын түншээс 1990 оноос хойш авсан 305 төслийн өрийн үлдэгдэл. Цаашдаа донор улсаас авдаг зээлийг багасгах, нэмж авахгүй бодлого барина. Олон талт хөгжлийн түншээс авах зээлийг зөвхөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд УИХ-аас баталсан хөрөнгө оруулалтад л ашиглана” гэв.

Засгийн газар ирэх онд 18 зорилго бүхий 75 багц ажил хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүд Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлсэн бөгөөд нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, 18 зорилго бүхий 75 багц ажил хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Төсөлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилтийг хийхээр Засгийн газар төлөвлөжээ.

Монгол Улс хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хувь хангана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг боловсруулжээ.

Уг төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсныхаа дараа хэвлэлийн хурал хийж, тогтоолын төслийг заалт бүрээр нь уншиж танилцуулсан юм.

Монгол Улс нийт хүнснийхээ 50 орчим хувийг гадаадаас худалдан авч байна. Ноднин гэхэд л 1 тэрбум ам.доллартой тэнцэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан. Мөн мах, гурил, төмсөө дотоодоос 100 хувь хангаж байгаа бол гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүний 40, өндөгний 50 хувь, загас будааг 100 хувь, тахианы мах, ургамлын тосны 90 орчим хувийг импортоор авч буй. Иймд хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хувь хангах, экспортод гарах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дуулгав.

Тогтоолын төслийн хавсралтад хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ирэх таван жилд 4 зорилт, 35 чиглэлээр 134 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр нийт 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдэх ажээ.

Тогтоолын төслийг Засгийн газар дэмжсэн бөгөөд ирэх таван жилд бүрэн хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.

Тогтоолын төслийг ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Халуун сэдэв

Хоёр хуваагдсан Ардчилсан намын “зодоон” нэг мөр шийдэгдэж, Х.Баттулгын “башир арга”-ыг Улсын дээд шүүх хөхиүлэн дэмжсэнгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд ХНямбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэж буй асуудлаасаа хазайж, “Бусдын ээжийг жагсаагаад, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байгаа нь шударга бус явдал” гэж хэлнэ лээ.

Өнгөрсөн өдрүүдэд Х.Баттулгын төлөө зулын гол болж, амиа өгөхөд ч бэлэн гэсэн бичиг барин жагссан эхчүүдийг өрөвдөх, үзэн ядах, өөгшүүлэх хүн олон байв. Үүний зэрэгцээ Ардчилсан намын хагарал бутрал болон иргэдийн бухимдлыг өдөөж, нийгэмд эмх замбараагүй байдал гарахаас сэргийлсэн шийдвэр гаргасанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдэд талархах хүн ч цөөнгүй байгаа юм.

Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаа хийж, Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очироос Улсын дээд шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авчээ.

Улмаар намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон бэлтгэл ажиллагааг явуулах, нийт шүүгчийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас баталсан “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” журмын дагуу гүйцэтгэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар захирамжаар уг өргөдөл болон бусад асуудлыг хянан хэлэлцэх нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарласан.

Хуралдаан болох өдрийн 10.20 цагт Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас 2022 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 02/116 дугаар бүхий /огноолсон/ албан бичгээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаар тогтоолоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр эргүүлэн авахаар шийдвэрлэсэн тул хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн 55 хавтас материалаа буцаан авахыг хүсэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж