Хамтарсан цахим сургалтыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Хамтарсан цахим сургалтыг зохион байгуулав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хороо хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд хамтарсан цахим сургалтыг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Тамгын газрын дарга Д.Баянбилэг, тус газрын ажилтнууд болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо. Мөн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хорооны дарга Ли Фэй,  хорооны зарим гишүүд, БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яамны зарим ажилтнууд оролцов.

Сургалтыг нээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлсэн үгэндээ, “Монгол Улсын хувьд БНХАУ-ын эрх зүйн тогтолцоог харьцуулсан эрх зүйн хүрээнд ерөнхийлөн судлахаас гадна БНХАУ-ын хуулиудыг монгол хэлээр орчуулан судалгааны эргэлтэд оруулж байгааг” дурдаад “тухайлбал, Үндсэн хуулиас гадна татвар, аж ахуйн шинжтэй 10 гаруй хуулийн эмхэтгэл гаргаж, түүнчлэн БНХАУ-ын Иргэний хууль болон Эрүүгийн хуулийг орчуулан хэвлэжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентын тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг хятад хэл рүү хөрвүүлсэн нь хятадын судлаачдад хэрэгтэй эх сурвалж болсон хэмээн итгэж байгаагаа” илэрхийллээ. Мөн  БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хорооны дарга Ли Фэй үг хэлэхдээ, хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаарх Монголын талын санал, санаачилгад өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлон тэмдэглэв.

Сургалтын үеэр тус хорооны дарга Ли Фэй, хорооны зарим гишүүд  БНХАУ-ын Үндсэн хууль ба түүний хэрэгжилт, хяналт, иргэн, эрүү, захиргааны эрх зүйн эх сурвалжийн талаар мэдээлэл өгч, парламентын хөгжлийн түүх, хууль тогтоох туршлага  болон Хорооны эрх, үүрэг, үйл ажиллагааны онцлог зэрэг сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хорооны дарга Ли Фэй нар 2021 оны 12 дугаар сард  хийсэн цахим уулзалтын үеэр хоёр байгууллагын  хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд тогтмол харилцааны механизм бий болгох, хоёр талын ажлын албаны харилцааг өргөжүүлэх хүрээнд хамтарсан сургалт, судалгаа хийх, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах санал дэвшүүлж байсан билээ.Үүний дагуу  хамтарсан цуврал сургалтыг ийнхүү зохион байгуулж байгаа бөгөөд дараагийн сургалтыг энэ оны 10 дугаар сард хийхээр товложээ.

Энэ онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ой, БНХАУ-ын Үндсэн хууль батлагдсаны 40 жилийн ой тохиож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж