УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.05.20/-ийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-аас гаргаж буй хуульд бүгд сэтгэлтэй зөв бодлогоор хандах ёстойг сануулав.
Тэрбээр, УИХ-аас батлан гаргаж байгаа хууль амьдралд нийцтэй, ард иргэддээ өгөөжтэй, хууль хэрэгждэг, чанартай гардаг байх хэрэгтэй. Уг нь баталж буй хууль бүрээ яавал амьдрал дээр илүү нийцүүлэх вэ гэдгийг бодож байж гаргадаг байх ёстой. Гэтэл энэ хууль бодит амьдрал дээр хэрхэн хэргэжих вэ гэдгийг зөв тооцоолоогүй, судлаагүйгээс болж хууль хэрэгжүүлэх албан тушаалтнууд ажлаа хийдэггүй, ард иргэд бухимддаг цаашлаад УИХ-ын нэр хүнд унадаг.
Монгол Улсын жилийн төлөвлөгөө бол маш чухал бодлогын баримт бичиг. Уг баримт бичгийг Засгийн газар маш сайн судлаж оруулж ирдэг, дутуу зүйл байвал УИХ сайжруулдаг байх хэрэгтэй. Ингэж байж үр өгөөжөө өгдөг байх ёстой. Төрийн бодлогоо зөв тодорхойлоод, зөв хэрэгжүүлээд, зөв үр дүн гардаг байх ёстой. Жилийн төлөвлөгөөний тухайд Эдийн засгийн хөгжлийн сайд, холбогдох байнгын хорооны дарга нь ажлын хэсэг байгуулан ажиллах санал тавьсан гэсэн. Гэтэл УИХ-ын Тамгын газрынхан хуулийн хугацаатай тул ажлын хэсэг байгуулахгүй гээд энэ асуудалд анхаарал бага хандуулсан асуудал үүссэн юм билээ. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд гишүүдээс илүү цалин авч байгаа шүү. Ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй гэв.
Холбоотой мэдээ