"6 давж, харцага цол авах ёстой хүн начин гэж цоллуулж байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

"6 давж, харцага цол авах ёстой хүн начин гэж цоллуулж байна"

"6 давж, харцага цол авах ёстой хүн начин гэж цоллуулж байна"

Монголын үндэсний бөхийн холбоо, “SPS HD” телевиз хамтран энэ цаг үед ид сайн барилдаж байгаад бөхчүүдийг хамруулсан “Үндэсний цомын төлөөх багийн барилдаан”-ыг зохион байгуулахаар болжээ. Тус багийн барилдаан нь 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын багийг хамруулах бөгөөд төслийн гол зорилго нь үндэсний бөхийн дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэн тодруулах, цоо шинэ хэлбэр хийцтэйгээр үзэгчдэд хүргэх,  үндэсний спортын топ контентийг бий болгох аж.

Багийн бүрэлдэхүүнд тухайн аймаг, дүүргийн харьяаллын бус бөх легионер тамирчны хувиар барилдаж болох гэнэ. Ингэснээр багуудын хүч тэнцвэржиж, үзүүштэй олон барилдаан гарна гэж үзжээ.

Энэхүү төсөл 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжлэх гэнэ. Энэ хугацаанд багийн 52 барилдааныг зохион байгуулж, үндэсний цомын аварга багийг тодруулна. Нийт шагналын сан 650 сая төгрөг.

Цомын төлөөх барилдааны онцлох дүрэм

  • Баг тус бүр үндсэн таван гишүүнтэй байх бөгөөд сэлгээний нэг тамирчинтай байна.
  • Оролцогч 32 баг урьдчилсан нэгдүгээр шатанд сугалаагаар хүч үзнэ.
  • Энэ шатанд хоёр ялалт авсан шилдэг найман баг тойргийн барилдаанд өрсөлдөх эрхээ авна.

Тойргийн барилдаан

  • Тойргийн барилдаанд шалгарсан баг бусад долоон багтайгаа тойргоор барилдана.
  • Хожсон баг 3 оноо авах бол хожигдсон баг 1 оноо авна.
  • Тойргийн барилдаан дуусахад хамгийн олон оноо цуглуулсан баг “МҮБХ” Үндэсний цомын ялагчаар тодорно.

Барилдаан болох хугацаа

  • Тэгш тоотой сар бүрийн эхний 12 хоногт “МҮБХ” Үндэсний цомын барилдаанууд Монгол бөхийн өргөөнд болно.

Тусгай дүрэм

  • Барилдааны үргэлжлэх хугацаа найман минут байна. Энэ хугацаанд багтаж барилдаанаа дуусгавал давааны мөнгөө бүрэн авна. Харин барилдааны хугацаа 8 минутаас хэтэрвэл давааны мөнгө шатлан хасагдана.

Өнөөдөр/2022.05.20/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр бөхийн холбооны төлөөллүүдээс баяр наадмын тухайн хуультай холбогдуулан байр суурийг нь сонссон юм.

Бөхийн холбооны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням:

-Баяр наадмын тухай хууль батлагдах гэж байна. Хуульд бүх зүйл тодорхой заасан. “WADA”-ийн журмын дагуу л допинг хэрэглэсэн бөхөд хариуцлага тооцно. Жүдо, чөлөөт бөхийн дүрмээр явна. Бөхийн холбоонд ч, баяр наадмын комисст ч бараг хамааралгүй болно. Допингийн асуудал үүнээс цааш цэгцрээд дахиж асуудал гарахгүй гэж ойлгож болно. Цолыг нь нөхөн олгох нь зөв. Шинэ цол гараад ирчихсэн шүү дээ. Зарим нь амьд сэрүүн, зарим нь таалал төгсчихсөн байна. Гэхдээ үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Зургаа давсан харцага цол авах ёстой хүн начин гээд цоллуулаад байж байна. Нөхөөд олгох нь зөв. Нийт 60 гаруй бөх дээр энэ асуудал яригдаж буй. Өнгөрсөн зуны Хүй долоо худагт шөвгөрсөн бөхчүүдэд цол олгож өгнө үү гэсэн саналаа хүргүүлчихсэн байгаа. Гэхдээ бид шийдэхгүй. Хуулиас л шалтгаална.

Бөхийн холбооны гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу:

Цол нөхөн олгох бөх янз бүр л байна. Нийт 61 хүн байна гээд яриад байна. Үнэхээр олгомоор ч бөх байна, олгож болохооргүй ч бөх байна. Миний хувьд тийм хүмүүс байна. Есөн зүйлийн даншгаар надад цол олгоод буцаагаад авсан зүйл болоод л өнгөрсөн. Өөр асуудал байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж