“Mercedes Benz” компани өчигдөр /2022.05.19/ дэлхийн хамгийн үнэтэй машиныг зарлаа. 1955 оны маш ховор загварын “SLR Uhlenhaut Coupe” машин нь тус компанийн цуглуулгад хадгалагдаж байжээ. Машиныг нэгэн хувь хүн 142 сая ам.доллараар худалдаж авсан байна. Дуудлага худалдааг “RM Sotheby’s” компанитай хамтарч зохион байгуулжээ.
Цуглуулгын машины үнийг хянадаг “Hagerty” компаниас мэдээлснээр, энэ нь хамгийн өндөр үнээр зарагдсан машин болсон гэв. Үүнээс өмнө 2018 онд 1963 оны “Ferrari 250 GTO” машиныг 70 сая ам.доллараар зарсан нь хамгийн үнэтэйд тооцогдож байжээ.
Машины борлуулалтын орлогыг “Mercedes Benz” дэлхийн тэтгэлэгт санд ашиглана гэж тус компаниас мэдэгдлээ. “Mercedes Benz” компанийн цуглуулгад дахин нэг “SLR Uhlenhaut Coupe” куп машин байдаг аж. 67 жилийн настай эдгээр машинуудыг тухайн үеийн ерөнхий инженер Рудольф Уленхаутын нэрээр нэрлэсэн гэдэг. Машины дээд хурд нь 300 км/цаг хүрэх юм байна. Мөн 300 морины хүчтэй найман цилиндртэй хөдөлгүүртэй.
“Mercedes”-ийн “SLR” загварыг цахлай шувуу гэж нэрлэх нь бий. Яагаад гэвэл энэ загварын хаалга нь дэвж буй шувууны далавч шиг нээгддэг аж. Энэ нь дэлхийн хэрэглэгчдийн хамгийн мөрөөдлийн машины нэг ч гэж хэлэгддэг.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ