Екатеринбург хотын Уралын Холбооны Их Сургууль (Уральский федеральный университет буюу УрФУ) нь Монгол Улсад өөрсдийн боловсруулсан орос хэлийг гадаад хэлний хувьд заах арга зүйг нэвтрүүлэхээр бэлдэж байгаа ба энэхүү «Бүтээлч лаборатори» төсөлд оролцохоор 500 гаруй орос хэлний монгол багш нар өргөдлөө ирүүлжээ.
«УрФУ орос судлаач монгол эрдэмтдийн хэрэгцээг харгалзан бидэнд маш том боломжийг олгож байна. Орон нутгуудад бид 100 хүнийг сургалтад хамруулахаар төлөвлөж байсан боловч 500 хүн бүртгүүлсэн ба зохион байгуулагчид хүсэлт гаргасан бүх хүмүүсийг сургахаар болсон» гэж Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч Ц.Магсар гуай ярьж байна.
Ерөнхийлөгчийн тэтгэмжийн сангаас санхүүжилт авсан төслийн нээлтийг тохиолдуулан УрФУ-ийн нэгдүгээр проректор Сергей Кортов орос хэлний багш нар уг төслийн хэрэгжилтэд гол үүрэг гүйцэтгэх ба тус төслийн амжилт нь Монгол-Оросын соёл, шинжлэх ухаан, боловсрол зэрэг олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэв.
«Бүтээлч лаборатори» нь УрФУ-гаас монголын багш, сурагчид, Монголын болон Оросын их, дээд сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй хүүхэд залуучууд болон оюутнуудад зориулагдсан гурав дахь төсөл гэдгийг Свердловск мужийн Залуучуудын санаачлагыг дэмжих сангийн захирал Никита Кутявин хэлэв.
«Бид «Орос хэлний тест-драйв» олон улсын зуны арга хэмжээг манай хоёр орны оюутан залууст зориулан зохион байгуулж байсан ба хамрагдсан хүүхдүүд маань орос хэлний хичээлийг ажил хөдөлмөртэй амжилттай хослуулан сайхан амарч чадсан. Бид мөн «Кирилл үсгийн наадам» хэл шинжлэлийн зуны зуслан, орос хэлний марафоныг зохион байгуулж байсан ба хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан цахим хуудас нээсэн. Орос хэлний вебинар, хичээл, подкастууд нь хамгийн их эрэлттэй байна» гэж Никита Кутявин ярьж байна.
Арга зүйг боловсруулсан УрФУ-ийн Гадаад хэл, боловсролын технологийн тэнхимийн эрхлэгч Татьяна Рассказова болон УрФУ-ын профессор, сэтгэл судлаач Инна Крутько нар төслийн үр дүн нь уг төсөлд оролцогчдын идэвх зүтгэлээс их зүйл хамаарна гэдгийг тэмдэглэж байна. Түүнчлэн тус төсөл нь цахимжуулалт болон тоглоомын аргуудыг өргөн ашигласан учир хүүхэд залуучуудаас илүү бүтээлч хандлагыг шаардах бол багш нар нь арга зүйгээ өөрсдөө амьдрал дээр туршиж, бидэнд санал хүсэлтээ хүргүүлж, мөн үр дүнгээ хүүхэд залуучуудтай болон зохион байгуулагчидтай идэвхтэй хэлэлцэн, зөвлөгөө авах хэрэгтэй гэж сануулж байна.
Лавлагаа
«Орос хэлний бүтээлч лабораториуд» төслийг Свердловск мужийн Залуучуудын санаачлагыг дэмжих сан болон УрФУ нь «Россотрудничество» агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоотой хамтран Монголын УПИ, УрГУ и УрФУ их сургуулиудын төгсөгчдийн холбоод болон Екатеринбург дахь өргөмжит консулын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.
Холбоотой мэдээ