ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн хамтран зүтгэгчид өчигдөр /2022.05.19/ АНУ-ын Капитол Хиллд сенатчидтай уулзлаа. Тэд Украины дайнтай холбогдуулан ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлэв. Тодруулбал, зөвхөн олигархиудаар тогтохгүй төрийн албан тушаалтнууд, дунд шатны улс төрчид, олон нийтийн зүтгэлтнүүдэд ч санхүүгийн хориг арга хэмжээ авах шаардлагатай гэж тэд үзэж байна.
Энэ хүрээнд хориг арга хэмжээ авах боломжтой 6000 хүний жагсаалтыг сенатчидтай хэлэлцэв. Үүнд, Оросын батлан хамгаалах, аюулгүй байдлын албан тушаалтнууд, засаг захиргааны ажилтнууд, засаг дарга нар, парламентийн гишүүд, тэр бүү хэл төрийн зохицуулалттай хэвлэл мэдээллийн байгууллагын редактор, менежерүүд ч багтжээ.
Барууны орнууд Орост хориг арга хэмжээ авч буй хэдий ч цаашлаад доод түвшний албан тушаалтнуудад ч мөн анхаарал хандуулах шаардлагатайг Навальныйгийн Авлигатай тэмцэх сангийн гүйцэтгэх захирал Владимир Ашурков хэллээ. Шинэ хориг арга хэмжээнд багтах хүмүүсийн жагсаалтыг Навальный өөрөө гаргасан гэж албаны эх сурвалж мэдээлжээ. Навальный шоронд хоригдож буйгаас үл хамааран үйл ажиллагаанд маш их оролцоотой байгааг түүний сангийн дэд захирал Анна Ведута хэлэв.
Навальныйгийн хамтран зүтгэгчид Вашингтонд айлчилсантай зэрэгцээд АНУ-ын Конгрессоос Украинд 40 тэрбум ам.долларын цэрэг, хүмүүнлэгийн тусламж илгээх шийдвэрийг гаргав.
Хориг арга хэмжээнээс гадна Навальный саяхан твиттер хуудсаараа дамжуулан “Google”, “Facebook” зэрэг АНУ-ын технологийн компаниудад уриалга хүргүүлсэн. Тэрбээр цахим ертөнцөд сурталчилгааны хүчийг ашиглан Путины суртал ухуулгад хариу цохилт өгөх хэрэгтэй гэж үзэж буй.
Эх сурвалж: ABC NEWS
Холбоотой мэдээ