СЭГСГЭР Ч ГЭСЭН ЭЭЖ МИНЬ…
Алдарт эхийн одонг албан тушаалаасаа буухаасаа өмнө алагчлалгүй өөрийн биеэр гардуулсан Ерөнхийлөгч явсан хүн албан тушаалд хүрэхийн тулд эхчүүдээс амиа золихыг нь зөвшөөрсөн албин чөтгөр болж хувирна гэж хэн санах билээ. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий боловч гэр минь гэж монголчуудын бурханчлан шүтдэг, булингаргүй сэтгэл рүү тэр ийн ус цацав. Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ үйлийн үрээ эдэлдэг хорвоод өөрийн ээж шигээ эмгэд, буурлуудыг халуун наранд хатаах, хамаг бүхнээрээ дэнчин тавин эцсийн амьсгалаа татах ч тэр хүнд юу ч биш бололтой. Миний ээж дэлхий, чиний ээж мэлхий гэснээс ялгаагүй, ийм адгийн бодолтой эр хүн бас байдаг аа. Өөрөө л албан тушаалд суух гэж шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж тэр шүү дээ.
Эхийн санаа үр, үрийн санаа ууланд гэгчээр үр хүүхдийнхээ төлөө эцсийн амьсгалаа хүртэл золих зүрхтэй, хүйтэн чулуун дээр хайрагдан суусан эхчүүдийг энэрэн хайрлах, эхтэйгээ жиших өчүүхэн ч сэтгэл түүнд алга. Ийм адгийн шаарыг монголчууд бид орой дээрээ залсан гэж бодохоор өөрсдийгөө үзэн ядмаар…
Гэхдээ тэр өчүүхэн эрх ашгаа хамгаас дээгүүрт тавьж, өрөөлийг золихоор шийдсэн анхны адгийн амьтан тэр биш. Тэр мэт адгийн шаарнуудыг монголчууд аль ч үед үзэн ядаж ирсэн ч буцаан босохгүй болтол нь дарж явсан түүх харин олон бий.
Нэгэн цагт урт шар дээлээрээ алдартай, авлигын загалмайлсан эцэг гэгдэж явсан Н.Энхбаярыг баривчилж хориход бас л эхчүүдийг ичгүүргүйгээр өлсгөлөн зарлуулж байлаа. Үр хүүхдийнхээ төлөө бус өөрсдийг нь өдий хүртэл өлмөн, зэлмэн амьдруулахад гар бие оролцсон хүний төлөө өлсгөлөн зарласан эхчүүдийг залуус үгүйсгэж байв. Үнэндээ тэдгээр эхчүүд ч үрсийнхээ төлөө, өгнө гэсэн амлалтынх нь төлөө өлсгөлөн зарласан юм. Өнөөдөр ч өдрөөс өдөрт уруудсаар буй үр, хүүхдийнхээ төлөө эхчүүд өөрийгөө золихоос буцахгүй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Х.Баттулгад тэд хэрэггүй ч үр хүүхэд, ач зээ, цөөхөн монголчуудад хэрэгтэй… Ийм муухай улс төр хийхийг хэнд ч, яаж ч зовсон бид зөвшөөрмөөргүй байна. Цөөхөн монголчуудад цөөнхийн даргын суудлаас цөхөрсөн хөгшид маань илүү үнэтэй.
ШУДАРГА ЁСЫГ Х.БАТТУЛГААС НЭХЬЕ…
“Хамгийн их шударга ёс ярьдаг тэр хүн хэн бэ” гэвэл Х.Баттулга. Харин түүнийгээ хэн хүнээс илүү үгүйсгэж ирсэн нь ч бас тэр. Монголчуудыг танкаар айлгаж, төмөр гацаасны балгийг бид одоо амсаж байна. Дэлхийн зах зээл дээр урьд хожид байгаагүйгээр түүхий эд, нүүрсний үнэ өссөөр буй алтан болгомжийг монголчууд алдсан нь түүнтэй холбоотой. Одоо харин тэр төмөр зам бариулсан баатар мэт хөлсний бичээчдээрээ бичүүлж тархи угааж суугаа. Намынхаа нэрээр Ерөнхийлөгч болчоод намаа хүчгүйдүүлэх нуман тулгуурт мэхийг хэн хийсэн бэ гэвэл бас тэр. Өрсөлдөгч хүчнийхнийн луйврын баримтыг өөрийнхөө өөдгүй бодлыг гүйцэлдүүлэх кноп болгон ашигласан тэр хэн бэ? Монгол ялна гээд монголчуудыг сөхрүүлэх бодлогыг хэн бариад байна вэ? Ичсэн хүн хүн ална гэгчээр эрх баригчдад дахин нэр дэвших эрхээ муриулаад ичихгүй намыг нь татан буулгах хорон санаа сэдэхдээ иргэдийн дэмжлэгийг авч, Дээд шүүхэд нөлөөлөх гэж хэн гарч ирлээ.
Шударга ёсыг өөрсдөөсөө эхлэхийг УИХ-ын танхимд шаардсан Ерөнхий прокурорт нөлөөлж, нөхрөө матсан матаасаар нь хавтаст хэрэг нээхийг шаардахдаа иргэний нэрийг барьдаг ичгүүргүй Ерөнхийлөгч хэн билээ дээ. Ийм байтлаа тэр монголчуудыг элэг барьж, ичгүүргүй үйлдэл гаргасаар явна. Шударга ёс түүний сувдаг сэтгэлээс илүү үнэтэй.
ЭРХ БАРИГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Өнөөдөр түүний дэмжлэгтэйгээр гарч ирсэн хүмүүс төрийн эрхийг барьж байна. Нэгэнд нь одоо ч зөвлөсөөр байгаа. Хэрэг бишдвэл эрх баригчдыг хооронд нь хагаралдуулж, өөрийг нь өнчин ботго шиг үлээгээд явж чадна гэдгийг бичигч бус эрх баригчид барьцаанд нь байхдаа хангалттай мэдэрсэн биз. Тэгээд ч намд нь нөлөөтэй байгаа учраас намын дарга зөвлөхөө болгосон байж таараа. Тиймээс Ардчилсан намаас бус энэ хүн л эрх мэдэлд хүрэхээс болгоомжлох хэрэгтэй. Хууль ёсыг гажуудуулж, холыг харалгүй тохиролцоо хийвэл хойдхыг чинь унших хүн тэр байх болно. Эцэст нь, МАН-ынхнын байнга бамбай барьж, эгнэгт хэлдэг ганц үгийг чинь сануулахад, “Хэн нэгэн дарга, хүнээс илүү намын эрх ашиг илүү үнэтэй”.
ШҮҮГЧДИЙГ ӨӨРӨӨ ТОМИЛСОН БАЙЖ БОЛОХ Ч ХУУЛИЙГ ШҮҮГЧ ДАГАНА
Шүүгчдийг томилж байсан албан тушаалтан шийдвэр гаргахаас нь өмнө эсэргүүцэн, нөлөөлөх гэж өчүүхэн сэтгэж байна. Монгол хуульт ёстой улс. Гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх хуулийн хүрээнд тогтоодог болохоос эмгэд, эхчүүдээр түрээ бариад болчихдог юм биш. Үүнийг бичигч бус хууль хэлээд байна.
Шүүхийн тухай хууль
42.5.“Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж заасныг сануулж байна.
73 дугаар зүйл. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах 73.1.Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
73.1.1.энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах;
73.1.2.шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх;
73.1.3.авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулах;
73.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
73.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ.
73.3.Энэ хуулийн 73.2-т зааснаас бусад этгээд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл үйл ажиллагаа явуулсан, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, дээрх шийдвэр, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол, нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэрэг хэлбэрээр авч хэрэгжүүлнэ.
73.4.Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хууль
Дөчин есдүгээр зүйл.
1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.
Дээд шүүхэд Х.Баттулга байна уу, аливаа улс төрийн хүчин байна уу хамаагүй. Хууль илүү үнэтэй байх ёстой. Иргэнийх нь амь наснаас илүү үнэтэй эрх мэдэл энэ улсад байтугай эх дэлхийд байх ёсгүй.