Дайны дараа Украиныг сэргээх босгох ажилд Оросын олигархиудын царцаасан хөрөнгүүдийг ашиглах арга замыг Европын холбоо эрэлхийлж байна. Энэ тухай Европын комиссын ерөнхийлөгч Урсула вон дер Лейен өчигдөр /2022.05.19/ мэдэгдлээ.
Европын холбоо Лхагва гаригт есөн тэрбум евро Украинд зээлэх санал дэвшүүлсэн. Энэ нь Оросын түрэмгийлэлтэй тэмцэх болон дайны дараах сэргээн босголтод зарцуулагдана.
“Украиныг сэргээн босгоход олигархиудын царцаасан хөрөнгийг ашиглах боломжит арга замыг манай хуульчид эрэлхийлж байна. Оросууд ч бас хувь нэмрээ оруулах ёстой гэж бодож байна” гэж Урсула вон дер Лейен “ZDF” сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Түүнчлэн, Украиныг Европын холбоонд элсэхэд шаардлагатай шинэчлэлийг урт хугацааны сэргээн босголттой хослуулна гэв.
“Украинчууд өөрсдийн ирээдүйгээ Европын холбоотой холбож харж буй ч хууль, эдийн засаг, улс төрийн салбарт тодорхой стандартуудыг хангасан байх ёстой. Нэр дэвшигч орны байр байдал, юу хийхээс их зүйл шалтгаална. Тэд ямар ч үнээр хамаагүй Европын холбоонд элсэх хүсэлтэй байгаа нь шаардлагатай шинэчлэлийг хийх хүсэл эрмэлзэл төдий чинээ их байна гэсэн үг. Бид Украины сэргээн босголтыг хамтран санхүүжүүлэхтэй зэрэгцээд авлигатай тэмцэх, хууль дээдлэх тогтолцоог бий болгох гэх мэт шинэчлэлтүүдийг нэгэн зэрэг хийх учиртай” гэлээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ