"Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

"Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлнэ"

"Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлнэ"

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2022.05.20/ өргөн барив. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, хүнсний хувьсгал хийх санаачилга дэвшүүлсэн. Энэ дагуу өнөөдөр ийнхүү тогтоолын төсөл өргөн барьсан байна. Тус тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтцолцоо бүрдүүлэх асуудлыг тусгажээ. Мөн хууль эрх зүй, татвар, санхүүжилтийн оновчтой тогтолцоо бий болгох асуудлыг хөндсөн байна.

Мэргэжлийн хүрээлэнгүүдийг нэгтгэх, хүний нөөц, үр сорт, малын өвчинтэй тэмцэх, бэлчээрийн даац, хүнсний хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгох, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эх оронч худалдан авалт хийх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ. Уг цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлбэл 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдэх аж. Тухайлбал, төв суурин газрын мах, сүүний хэрэгцээг хангахад цэвэр үүлдэрийн 50 мянган толгой үхэр импортлох шаардлагатай. Үүний дүнд мах, сүүний аж ахуй байгуулж, төв суурин газрын хэрэгцээг хангах боломжтой гэж үзжээ.

Хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангахын тулд 50 га талбайд өвлийн хүлэмжийн цогцолбор ажиллуулах зайлшгүй шаардлагатай Мөн 55000 тоннын багтаамжтай зоорийн аж ахуй хэрэгтэй. Тахиа, гахайны аж ахуй хөгжүүлэхэд жилд 1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай гэсэн тооцоо хийжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан тогтоолын төслийг УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногоос хэлэлцэх юм байна.

"ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛАХ, ДОТООДОД ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЖ БАЙНА"

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: 

-Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. 2021 онд гэхэд нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авсан байна. Мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүний 40 хувь, өндөгний 50 хувь, давсны 97 хувийг загас, будаа, элсэн чихрээ 100 хувь гаднаас авч байна. Импортын хамаарлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлж байна.

Олон хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. НӨАТ-ын албан татварын тухай хууль, Гаалийн албан татварын тухай хууль болон бусад хуулиудад үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих таатай орчин бий болгох, гаднаас импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахуйц хэмжээний татварын таатай орчин бий болгохоор оруулж ирж байна. УИХ дээр хэлэлцээд явах хүрээнд энэ зүйлүүд яригдана. Хууль, эрх зүйн орчны зохицуулалтууд чухал байна.

"ЗАСГИЙН ГАЗАР 420 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭР ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭСЭН"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Засгийн газар энэ жил хөдөө аж ахуйн чиглэлээр 380 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй хоёр жилийн хугацаатай зээлийн эх үүсвэр гаргасан. Энэ нь үр тариа эрхлэгчид, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэр эрхлэгчид арьс шир, ноос ноолуур, мөн гурилын үйлдвэрүүд дээр гарсан. Мөн үүний дараа Засгийн газар гол нэрийн бүтээгдэхүүний болон нөөцийн хомсдолын талаар хариу арга хэмжээний тухай хуулийг олон улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-аар баталж гаргасан.

Энэ хуулийн хүрээнд мах, гурилын төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар хоёр жилийн хугацаатай, 230 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргасан. Нийтдээ 610 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг одоогийн байдлаар  гаргаад байна. Сүүлийн 240 тэрбумын 130 тэрбумыг мах бэлтгэлд, 100 тэрбумыг гурил үйлдвэрлэгчдэд олгож байна. Бид нэг талдаа түүхий эд үйлдвэрлэгч нарт буюу үйлдвэрлэлийн орц бэлтгэгч үр тариа үйлдвэрлэгч, хүнсний ногоо үйлдвэрлэгч нартаа зориулж зээлийн эх үүсвэр, нөгөө талдаа боловсруулах үйлдвэрүүдэд гээд нийт 730 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг одоогийн байдлаар гаргасан.

Үүний дараа Засгийн газар хүнсний үйлдвэрүүд дээр очиж биечлэн уулзсан. Сая дурдагдаж байгаа агуулгын биенес эрхлэгч, хүнс боловсруулах үйлдвэрүүд, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд, импортлогч аж ахуйн нэгжүүдэд зээлийн эх үүсвэр гаргах ёстой юм байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ дээр Засгийн газар 420 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудлаар Монголбанк, арилжааны банкуудтайгаа ажиллаж байна. Гурилын үйлдвэрүүд, зарим импортлогчдод зориулсан урт хугацааны ямар хөшүүрэг байж болох вэ гэдэг дээр банк бус санхүүгийн байгууллага, Монголбанктайгаа ярилцаж байна.

Нөгөө талаар бид нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр төсвийн тодотголыг дагуулж, гурван төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн. Гол нэрийн бүтээгдэхүүн болох элсэн чихэр хүнсний хэрэглээнээс гадна үйлдвэрлэлийн хэрэгцээнд маш их жин дардаг бүтээгдэхүүн. Мөн ургамлын тос, цагаан будаа гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн. Сая Засгийн газрын хуралдаанаар гаалийн БИТКУС-ийн код баталж өгснөөр, хоёр хоногийн өмнөөс эхлээд гаалийн татвар бүрэн үйлчлээд эхэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж