"Хүний ээжийг жагсааж, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байгаа нь шударга бус"

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Live"Хүний ээжийг жагсааж, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байгаа нь шударга бус"

17 : 08
2022-5-20

Э.Батшугар, Д.Өнөрболор нарыг түр хорооны гишүүнээр батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд "Монгол Улсын Их хурлын гишүүн Э.Батшугар, Д.Өнөрболор нарыг Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүнээр баталсугай. Тогтоолыг 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс дагаж мөрдсүгэй" гэжээ. Хуралдаанд оролцсон гишүүдээс 24 нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа. 

Үргэлжлүүлэн Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан эзгүй тул хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

16 : 06
2022-5-20

215 иргэнд амьд донороос бөөр шилжүүлэн суулгажээ

Үргэлжлүүлэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ж.Чинбүрэн гишүүн танилцуулав. 

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойш 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан),

194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн байна. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байгаа аж. 

Донорын тухай (шинэчилсэн найруулга) хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой гэж үзжээ. Үүнд: 

1. Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэнэ.

2. Эс, эд, эрхтэний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болно.

3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.

4. Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болно.

5. Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно.

Мөн хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хангагдана гэж үзжээ. 

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн асуусан амьгүй донортой холбоотой асуултад хууль санаачлагч Ж.Чинбүрэн гишүүн "Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан амьгүй донорын асуудал. Олон хүн аварсных нь төлөө төрөөс ар гэрт нь дэмжлэг үзүүлдэг байя гэж байгаа юм" гэж хариулав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Хүний болон эд эрхтэний наймааны асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ? Эд эрхтэнийг нь авахыг зөвшөөрөх боломжгүй хүмүүст хүний эрх хамгаалах талаас нь хэрхэн хандаж байна вэ? Эд эрхтэнийг дамлаж зарах, авлига авах зэрэг асуудлыг яаж хаасан бэ? 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 

-Чухал асуудал хөндөж байна. Баярлалаа. Энэ хуулийн үндсэн агуулга эрхтэний наймаанаас хамгаалах. Бид цусны донорыг алдаршуулах ёстой. Эд эс, эрхтэнээ өгч буй хүмүүс хайртай аав, ээж, ах эгч, дүүдээ хайр энэрлийн үүднээс өгч байх ёстой. Шан харамж хүсвэл энэ нь эрхтэний наймаа болно. Мэдээллийн сан байгуулахаар эрх зүйн орчинд тусгасан. Амьгүй донороос авсан эд эрхтэн гэдэг бараг бурхны бэлэг гэсэн үг.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Донорын хуулиас тусдаа эд эрхтэн шилжүүлэх тухай хуулийн төсөл гишүүд санаачлах гэж байгаа гэж дуулсан. Мэргэжилтнүүд тусад нь хууль батлах ёстой гэж үздэг. Ийм хууль хэзээ орж ирэх вэ? Энэ удаад хамтад нь оруулж ирж болоогүй юм уу? 

АШУҮИС-ийн Мэс заслын тэнхмийн эрхлэгч О.Сэргэлэн: 

-Маш чухал асуулт асуусанд баярлалаа. Эрхтэн шилжүүлэх тухай, цусны донорын тухай хууль хамтдаа байсан. 2018 онд сүүлд шинэчилсэн найруулга хийгдээд, маш цөөхөн асуудал нэмэгдсэн. Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг цусны донорын хуулиас салгахаар гишүүд ажиллаж байна. Ирэх намрын чуулганаар орох байх аа.

Одоо хэлэлцэж буй асуудалд зургаан зүйл зайлшгүй оруулах ёстой юм. Хамгийн чухал нь насны доод хязгаарыг 21 болгох. 25 байгааг өөрчлөөгүйгээс тухайлбал аав ээждээ донор болохыг хүссэн хүүхдүүдэд донор болохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Амьгүй донор болох тохиолдол Монголд их. Амь насыг нь аврах шаардлагатай олон өвчтөн хүлээж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Нар тусахад сүүдэр гардагтай адил сайн юманд ч гэсэн саар тал байдаг учраас Донорын тухай хуульд донортой зэрэгцээд хүний болон эрхтэний наймаа, элдэв гаж буруу үзэгдэл дагаж хөгжиж болзошгүй тул талаар гишүүдийн хэлж байгааг хэлэлцүүлгийн явцад тусгаж, болзошүгүй эрсдэл, буруу зүйлээс урьдчилан сэргийлэх хамгаалах хууль зүйн зохицуулалтыг хийх хэрэгтэй. Ялангуяа олон хүний амь аварсан донорын ариун үйлс гэдэг бол агуу чухал. Гэхдээ сөрөг үр дагавар байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гэж хуулинд олон талыг харж тусгах ёстой учир анхаарна буй за. 

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж гишүүд үзсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

15 : 45
2022-5-20

"Хортой хүнс өгөхөөс илүү хүүхэд хамгааллын бодлогоо зарлаасай"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 12 гишүүн 2021.03.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Төслийн талаархь Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг М.Оюунчимэг танилцууллаа. 

Хуулийн төслийг боловсруулахдаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гүүд Нейборс Олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийн саналд үндэслэжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжиж, төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүх түвшинд  тодорхойлогдож, хүүхэд хамгааллын үйлчилгээ мэргэжлийн түвшинд, шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрнэ гэж үзсэн байна. 

Хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшилнэ. Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна. Энэ хууль хэрэгжсэнээр төсвийн ачаалал бий болох хэдий ч хүүхэд бүрийн эрх баталгаатайгаар хамгаалагдах нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд оруулах үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна. Түүнлэн уг хуулийн төсөлд иргэдээс санал авах зорилгоор www.lawforum.parliament.mn сайтад байршуулсан ч санал ирээгүй байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Монгол Улсын хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэхийг анхаараарай. Байгууллага, аж ахуйн нэгж бүр эцэг, эхийн зөвлөл байгуулна гэж байна. Энэ зөвлөл юу хийх вэ? Айл гэрийн дотоод асуудал руу орохгүй юм байгаа биз дээ? 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Горимын санал хэлье. Энэ хуулийг өргөн барьснаас хойш УИХ-аар нэлээн олон хууль батлагдсан. Гэр бүлийн тухай хууль УИХ-аар удахгүй орж ирэх гэж байна. Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах тухай хууль тусдаа орж ирнэ. Засгийн газар Хүүхэд хамгааллын тухай нэгдсэн хуулийг оруулж ирэх гэж байна. Бидний санаачилсан хуулийг хамтатгаж оруулж ирэхэд таатай байх болно. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Бид хоёр хуулийг хамтатгаад хэлэлцээд явъя гэсэн байр суурьтай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь зүйл зүаалтыг улс даяар хэрэгжүүлэх ажлыг сая хийлээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд бүх яамны сайд, дэд дарга, цагдаа прокурор шүүхийн дарга нар, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцдог.

Бүх аж ахуйн нэгж байгууллага хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлнэ гэж хуульчилсан. Хүүхдийн эрүүл мэндэд хортой хүнс өгөхөөс илүү хүүхэд хамгааллын бодлогоо зарласан, зөвлөмж гаргасан, хүүхдийн зөвлөлийн дарга нар бүх байгууллагадаа хүүхэд хамгаалах бодлогыг тодорхойлсон, байгууллагынхаа үр хүүхдийг хамгаалахад онцгой анхаарч байгааг дуулгахад таатай байна. Хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудалд анхаарах хэрэгтэй.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг томъёоллоор санал хурааж, 25 гишүүн дэмжиж, 56.1 хувиар санал дэмжигдлээ. Үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгынхороонд шилжүүллээ.

15 : 11
2022-5-20

"Шүүх, төрд итгэх иргэдийн итгэл үнэхээр буурч байна шүү"

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг аль ч засгийн газрын үед тоог нь цөөрүүлэх, хувьчлах гэдэг. Сүүлийн үед төрийн өмчит компаниудыг бий болгох гэдэг болж. Олшруулах тал дээр ярьж байна уу? Хөрөнгийн биржийн асуудал Хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн хүрээнд яригдаж байна уу?

Казино, бооцоот тоглоом, хонжворт сугалааны хууль яригдаж байгаа юм байна. Хэзээ оруулж ирэх вэ? Би бооцоот тоглоомд амьдралаа үрсэн, байр, машин, эд хөрөнгөө алдсан олон хүнийг мэднэ. Иргэд ийм юм руу орж хамаг юмаа алдсан маш олон жишээ бий. Олон нийтийн маш сайн хэлэлцүүлэг хийж оруулж ирэх юм уу? Шүүхийн шинэтгэлүүдтэй холбоотой асуудлууд орж ирж байгаа юм байна. Хугацааны хувьд маш их асуудлууд байна. Аар саархан зүйлээр хойшлоод шийдэгддэггүй. Иргэдийн хувьд шүүх, төрд итгэх итгэл үнэхээр буурч байна шүү. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Манай улс шиг их жагсаж цугладаг, үзэл бодлоо ямар нэгэн фильтргүй илэрхийлдэг улс их ховор байх. Гэхдээ хүний ээжийг өөрийнхөө өмнөөс жагсаагаад, өөрийнхөө ээжийг жагсаахгүй байна гэдэг шударга биш. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Хэлэлцэж буй асуудалтай ямар холбоотой юм бэ? Боловсруулж буй хуулийн хүрээнд л ярь. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулж авч дууслаа. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр санал хураалт явуулж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаД.Тогтохсүрэн:

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Гишүүдийн санал бодол янз янз байна. Саналаа нэгтгэх шаардлага байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авч байна.

Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн,-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уншиж танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Хуулийн төслүүдийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 24 гишүүн дэмжиж, 58.5 хувиар санал дэмжигдлээ. Тус хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уншиж танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Хуулийн төслүүдийг нэгтгэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 26 гишүүн дэмжиж, 56.1 хувиар санал дэмжигдлээ. Тус хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан байхгүй тул хуулийн төслийг хойшлуулав. 

Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн  анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Сандагдорж танилцуулав. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураав. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Европын холбооны хүний эрхийг хамгаалагчийн шагнал хүртсэн" гэж мэдэгдэв. 

14 : 21
2022-5-20

Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар уншиж танилцуулж байна.

Монгол Улсад бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлсэн эсэх талаар Дэлхийн банкны "Бизнес эрхлэхүй" судалгааны статистикийг гол баримжаа болгож харвал 2010-2020 он хүртэлх 10 жилийн хугацанд Монгол Улс 59.9 онооноос 67.8 оноо болж өссөн үзүүлэлттэй байна. Тус судалгааны нэг бүлэг шалгуур үзүүлэлт болох "Гэрээний хэрэгжилийг хангах" үзүүлэлтийн хувьд 2004-2013 онд 71.8, 2014-2015 онд 70.2, 2016-2018 онд 58.5, 2019-2020 онд 61.4 оноо болж, тогтмол буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Монгол Улсад худалдаа, арилжаатай холбоотой харилцааг Иргэний хууль болон тусгайлсан хуулиуд (Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Даатгалын тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламмж, төлбөр тооцоо, үээлийн үйл ажиллагааны тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, Санхүүгийн түрээсийн тухай гэх мэт)-аар зохицуулж байгаа боловч аж ахуй эрхлэгч хоорондын харилцааг цогц байдлаар зохицуулсан эрх зүйн тогтолцоо байхгүй байна. 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Бодит байдал дээр хувийн хэвшилд үзүүлэх дарамт улам бүр нэмэгдэж, хувийн секторт хэрэгжих бодлого одоо ч хэрэгжихгүй байгаад харамсаж байна. Өргөн барьсан хуулийн төслүүдийг харахад эдийн засгийг дэмжих, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэжээ. Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулахгүйгээр, дампуурлын эрх зүйн тухай ярих боломжгүй юм. Монгол Улсад бодлогын баримт бичиг багадаагүй. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Covid-19-ийн улмаас чадваргүй болсон аж ахуйн нэгж, иргэд нэмэгдсэн байна. Энэ байдлаас болж амиа хорлож буй иргэд их байна. Хөдөлмөрийн чадваргүй болсон хүмүүсээ хамгаалах чиглэлээр ямар бодлого барьж байна вэ? Чанаргүй зээлийг шуурхай шийднэ гэжээ. Энэ асуудлыг яаж шийдэж байна вэ? Бичил бизнес эрхлэгчдийн хувьд хууль зүйн ямар зохицуулалт байна вэ? Гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх, мэргэшсэн шүүгч бэлтгэж байна уу? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл манай яаман дээр боловсрогдож байна. Хүйс солих асуудал яригддаг боллоо. Тээгч эхтэй холбоотой, дундаас нь хүүхэдтэй болох харилцаанууд бий болж байна. Өв залгамжлах тухай яригдаж байна. Удахгүй УИХ-аар орж ирнэ. Шүүхийн тухай хуулиар маргааны эрх зүйн харилцааг зохицуулах асуудал шийдэгдэж буй. Арилжааны шүүх байгуулах чиглэлээр судалгааны ажлууд яаман дээр хийгдэж байна. Гэр бүлийн маргаан, арилжааны маргаан шийддэг байхаар ажиллаж байна. Тоон гарын үсэг өнөөдрийн байдлаар 60 мянга гаруй хүнд олгосон байна. Бид бизнесийн эрх зүйн орчныг л боловсронгуй болгох чиглэлээр ажиллана. 

Чанаргүй зээлтэй холбоотой яригдаж буй нэг асуудал бол маргаангарсан тохиолдолд шүүхээр шуурхай шийддэг болгоод өгөөч гэсэн асуудал яригдаж байгаа юм.
Өнөөдөр 200 мянга гаруй аж ахуйн нэгж байна. Тухайн бизнес, ажлын байрыг аварч үлдэх бизнест оруулж буй хөрөнгө оруулалт эрсдэж болно. Өнөөдөр "зомби" компаниуд их болсон. 200 мянган аж ахуйн 70 орчим хувь нь идэвхтэй ажиллаж, үлдсэн нь "зомби" нэртэй байдалд байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хувийн эрх зүйн салбарт ажиллаж байгаа ажлуудыг сайжруулах тал дээр Засгийн газар сайн ажиллаж байна гэж хэлмээр байна. Хүмүүс идэвхтэй үйл ажиллагаа явуулах, аж ахуйн нэгжүүдэд боломжоо гаргаж ажиллахад анхаарч ажиллаж буй юм байна. Хэд хэдэн асуулт байна. Миний мэдэхийн Алтан гэж хүн байлаа, бизнесийн үйл ажиллагаанд оролцоод явж байсан. Эмчлүүлж чадахгүй явсаар шоронгийн орон дээр нас барлаа. Одоо бас Ундармаа гээд эмэгтэй байна. Энэ хүмүүс эмчлүүлэх, амьд явах эрхтэй баймаар. Суурь зарчим руу олонх хэтэрхий орчихоод байна. 

"Хөтөлийн цемент шохой"-н үйлдвэрийг Засгийн газар хувьчилсан. Эргэж буцах ёсгүй. Цаашид хэний ч өмч хөрөнгийг Засгийн газар ажлын хэсэг томилоод хурааж аваад байх юм уу. Ингэж болохгүй байх аа. Эргэж буцах бол шүүхээр шийдвэр гаргах ёстой. Төрийн махны машинаа ажиллуулаад, хувь хүнийг бизнес хийснийх нь төлөө шүүхийн шийдвэргүйгээр хүчингүй болгож байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Ганбат гишүүн Ерөнхий сайдын мэдээллээс арай өөр зүйл асуух шиг боллоо. Ганбат гишүүний хэлж байгаа зөв. Хуулийн өмч, хөрөнгийг хуулиар хамгаалах ёстой. Саяын асууж буй бодит кэйс бол шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмч хөрөнгийг булааж авлаа гэж ярьж байна. Монгол Улс эрх зүйт төрийг төлөвшүүлж байгаагаа хоёр хуулиар баталсан. Хэрэв хохирсон бол хуулийн байгууллагад хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. 

Манайх "Бизнес эрхлэхүй" индексээр хангалттай оноо авч чадахгүй байгаа үнэн. Манай улсын түүхэнд хамгийн урт хугацаанд шийдэгдсэн иргэний хэрэг 16 жил үргэлжилсэн. Бид аль болох маргааныг шүүхээр явуулахгүйгээр, эвлэрүүлэн зуучлах тогтолцоог идэвхжүүлж, урамшуулъя гэж байна. Арилжааны шүүхтэй болъё гэж бид төлөвлөж байна. 

10 : 54
2022-5-20

"Монголд адууны гурван янзын стандарт бий"

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл горимын санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-УИХ-ын нэр бүхий есөн гишүүнээс УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ хуулийн үзэл санаа нь УИХ дахь бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг тодорхой явуулах зорилготой. АН-ын бүлэг сүүлийн зургаан сар гацааны байдалтай байна. УИХ-ын даргад УИХ-ын хууль болоод АН-ын бүлгийн дүрмийн хүрээнд саналаа өгөхөд УИХ-ын дарга тодорхой зохицуулалт байхгүй байгааг хэлсэн. Энэ хүрээнд цөөн зүйл заалттай хуулийн төслийг өргөн мэдүүлж буй. Үзэл санаа нь Монгол парламентын засаглалтай орон. Парламент гэдэг олонхийн шийдвэрийг дагаж, цөөнхөө хүндэтгээд явдаг. Иймд даргын дэргэдэх зөвлөлөөр ирэх долоо хоногт энэ асуудлыг оруулж өгөхийг, энд байгаа МАН-ын гишүүдээс парламентын үйл ажиллагааг явуулах, олонхыг дагаад явах шийдлийг дэмжиж өгөхийг хүсч байна.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны тогтоолын төслийг батлах тухай анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Хууль хэрэгждэг, чанартай гардаг байх хэрэгтэй. Уг нь баталж буй хууль бүрээ яавал амьдрал дээр илүү нийцүүлэх үү гэдгийг бодож байж гаргадаг байх ёстой. Монгол Улсын жилийн төлөвлөгөө бол бодлогын баримт бичиг. Уг баримт бичгийг дутуу байвал Засгийн газар сайжруулах хэрэгтэй. Төрийн бодлогоо зөв тодорхойлоод, зөв хэрэгжүүлээд, зөв үр дүн гардаг байх ёстой. Тамгын газрын ажилтнууд гишүүдээс илүү цалин авч байгаа шүү. Ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй.

УИХ-ын өнөөдрийн чуулганаар ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Хурдан морины стандарт гэдгийг юу гэж үзээд байгаа юм. Монгол адуу, эрлийз адууг тусад нь уралдуулна гэж болохгүй юу. Стандартад нийцсэн адууг уралдуулна гэж бичихээр яаж ялгах юм. Алслагдсан дүүрэг наадам зохион байгуулаад аймгийн цол өгөөд байгааг хэрхэх вэ. Допингийн шинжилгээг Монголдоо хийх боломж юу байна вэ?

Хууль санаачлагч Х.НЯМБААТАР:

-Зөвхөн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багануур дүүрэг наадмаа хийж ирсэн. WADA-гийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээгээ хийдэг боломжтой болох ёстой. Үндэсний спортыг мэргэжлийн спорт болгох хэрэгтэй. Монголд адууны гурван янзын стандарт бий. Үйлдвэрлэг байдал, сэрвээний өндөр, сүүлийнх нь энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж. Даагыг 120 см-аас өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг. Үйлдвэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг юм билээ. Цаашид бид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй. Тэр хүртэл шилжилтийн үеийн буюу сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулна.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Үндэсний их баяр наадамдаа зөвхөн монгол адууг уралдуулах ёстой гээд тодорхой бичээд өгчих хэрэгтэй. Тэгэхгүй бол өндөр сэрвээтэй монгол адуу, намхан эрлийз адуу ч байдаг. 

Хууль санаачлагч Х.НЯМБААТАР:

-Харин тийм. 50 хувьтай буюу хоёрдугаар үеийн эрлийз адууг ялгаж чадахгүй болохоор л ингэж бичиж байна. Тогтоох боломж байхгүй болохоор сэрвээний өндрөөр монгол морины дунджаар хэмжээд уралдуулъя гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Алслагдсан дүүрэг, аймгийн цол олгох хэрэгтэй. Яагаад сумын цол олгох ёстой юм. Аймаг, дүүрэг гэдэг биз дээ.

Хуулийн төсөл санаачлагч Х.НЯМБААТАР:

-Таны хэлдэг их хурдууд, тойргийн барилдаан, тойргийн харваа зэрэг үндэсний спортуудынхаа харилцааг, Үндэсний спортын тухай хуулиудыг боловсруулна гэж төлөвлөж байна. Бооцоот морин уралдааны хуулийг тусад нь бичихээр төлөвлөж байна. Дүүргүүд 256-128 бөхийн барилдаан хийдэг нь сумын цол өгөхөд чамлалттай. Таны хэлдэг дүүргийн цол өгөхөд бас болохгүй зүйлгүй учраас хэлэлцүүлгийн шатанд яриад явъя.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Бүх наадмыг нэг өдөр хийдэг болох ёстой. Тэгж байж баяр цэнгэл болно. Тэгэхгүй бол наадам хэсч найраа хийдэг. Үүнийг зохицуулсан зүйл харагдахгүй байна.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Үндэсний баяр наадмыг нэг өдөр хийнэ. Онцгой байдал зарласан, цар тахал зэрэг үүссэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийдэг болъё гэдэг байдлаар томъёолсон.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

Уг хуулийн төслийн хэлэлцүүлэг уяачид, бөхийн холбооны хурал болж хувирлаа. Нэг хэсэг нь Монгол морь уядаг уяачид, нөгөө хэсэг нь эрлийз морины уяачид. Үндэсний их баяр наадам гэдэг агуулгаар нь авч үзвэл Монгол үндэстний эв нэгдэл, их эеийн чуулган бол ирсэн түүхтэй. Наадам гэдэг зөвхөн наргиж цэнгэх утга биш. Эв нэгдлийн баяр яагаад хэрүүтэй болоод байна гэхээр улстөрчид оролцсонтой холбоотой гэж хардаг.

Улстөрчид Үндэсний баяр наадмын тухай хууль гаргаад, оролцоод эхэлснээс хойш болохоо больсон. Одоо ахиад л самраад сууж байна. Улстөрчид нь бөхийн холбоо руу давхиж ордог. Өөрөө өөрийнхөө удирдлагыг хэрэгжүүлж байгаа холбоод муугаасаа ангижраад явах бололцоотой. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дүрэм гаргаад зохицуулаад явах боломжтой асуудал гэж үздэг. Гэтэл УИХ морины өндөр хэмжих тухай яриад сууж байна. Ийм хэрүүлийн сэдэв рүү УИХ ороод явчихсан. Тиймээс эв нэгдлийн гэдэг агуулгаар нь хандаасай гэж гишүүдээс хүсч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Монгол Улсын газар нутаг, нүүдлийн соёл иргэншлээс шалтгаалж эрх зүйн зохицуулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс шаардлагатай үед аймгуудын наадмыг хэдийд зохион байгуулахыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой. Тэгэхгүй бол аймаг, аймгийн наадам хэсч будлиан үүсгэх асуудал үүсэх эрсдэлтэй.

Морины сэрвээний өндрийн тухайд мөн судалж үзсэн. Хэрэв хууль батлагдсал лазераар харваж буудаж тодорхойлдог төхөөрөмжтэй болно. Дараагийн асуудал бол бөхийг спортын төрөлд тооцох тухай. Бөхийн холбооны байр суурь нь бөхөд спортын шаардлага тавьж, их спортын дүрмээр явах ёстой.

Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав:

-Одоо мөрдөгдөж байгаа баяр наадмын хуулийн дагуу Э.Оюунболд, Б.Бат-Орших нарт өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нь өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхөд цол, чимэг нөхөж олгох боломжгүй. Б.Ганзориг гэдэг бөх 2015 оны наадмаар допинг хэрэглээд цолоо хураалгасан. 2003 онд Адъяабат, Суманчулуун гэдэг хоёр бөхийн цол хураагдсан байсан. Түүнийг 2021 оны зургадугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураасан зарлигийг хүчингүй болгосноос одоо Улсын начин цолтой байгаа. Б.Ганзоригийн цолны тухайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх нь нээлттэй.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 27 гишүүн дэмжиж, санал 10 хувиар дэмжигдлээ.

Төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

10 : 37
2022-5-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна.

УИХ-ын чуулганы хуралдааны нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

УИХ-аас баталсан "3асгийн газрын 2020-2024 оны уйл ажиллагааны хөтөлбөр", "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох ундсэн чиглэл", "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг бодлогын баримт бичигт Засгийн газар хувийн эрх зуйн шинэтгэлийн  бодлогыг хэрэгжүүлэх  талаар зорилт, арга хэмжээг тусгасан.

Үүний дагуу 3асгийн газраас хувийн эрх зуйн шинэтгэлийн бодлогыг дараах гyрван чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

1. Хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох,

2. Хуyль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруyлах, иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай  мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургyулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох,
3. Олон улсын хувийн эрх зүйн асуудлаар олон улсын байгууллага, бусад улстай хамтын ажиллагааг сайжруулах.

Хэлэлцэх асуудал:

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр, Засгийн газар 2019.04.30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 12 гишүүн 2021.03.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

· Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар

· Бусад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж