“Хэний төлөө зулын гол болох гэж байгаагаа АН-ынхан мэдэхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

“Хэний төлөө зулын гол болох гэж байгаагаа АН-ынхан мэдэхгүй байна”

“Хэний төлөө зулын гол болох гэж байгаагаа АН-ынхан мэдэхгүй байна”

Ардчилсан намаас хууль бусаар намын нэр барьсан этгээдүүд Улсын дээд шүүхэд нөлөөлж байгаа асуудлыг эсэргүүцэж, хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр /2022.05.20/ цуглаан зохион байгуулж байна.


АН-ын гишүүн М.Тулгат:

-Ардчилсан намын үзэл санаа, эрх, эрх чөлөөг боомилж, хувийн эрх ашгийн төлөө явж байгаа хүмүүсийг намын даргаар бүртгүүлэхээр явж байгаад харамсч байна. Хүний эрх чөлөө, үндэсний эрх чөлөөг хамгаалах цаг болсон. Олон улсад дайн, үймээн самуун зэрэг олон асуудал үүсч байгаа энэ үед Монгол Улсын үндэсний эрх чөлөө рүү халдах эрсдэл их байна. Эх орныхоо төлөө тэмцэж, амиа алдан, хэлмэгдсэн хүмүүсийг бид мартах ёсгүй. Бид Орос, Украины талаар яриагүй. Хэн нэгэн хүн өөр нэгний эрхэнд халддаггүй байх, бусад жижиг улс орныг дарангуйлахгүй байх талаар ярьж байна.

Х.Баттулга АН-ын даргад өөртэйгөө өрсөлдөөд ялсан. Тийм байж ичихгүй Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хичээж байгаа нь харамсалтай.

Хууль ёсны хувьд харсан ч үзэл санааны тухайд авч үзсэн ч АН энд байна. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа хүний эрхийг уландаа гишгэсэн. Сүүлийн 10-аад жилд Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд саад болсон гол хүн гэж түүнийг хэлж болно. Үндэсний эрх чөлөөг уландаа гишгэсэн Х.Баттулгын эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хатуу анхааруулж байна.

"ДЭЭД ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГЫГ УДАА ДАРАА ГАРГАЖ БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА"

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

 

-Улсын дээд шүүх рүү, Үндсэн хууль руу нулимахыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Х.Баттулга тэргүүтэй хүмүүс төрийн тэргүүн байхдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр далайлгаж, улс төрийн эрх ашгаа хэрэгжүүлж байсан. Тиймээс өнөөдөр Улсын дээд шүүхэд нөлөөлөх оролдлогыг удаа дараа гаргаж байна. АН-ын гишүүд хүний эрхийн төлөө тэмцдэг болохоос намын даргаа сонгуулахын тулд өөрөө зулын гол болох ёсгүй. Бид өчигдөр Улсын дээд шүүх дээр жагсч байгаа АН-ын зарим гишүүнтэй очиж уулзахад хэний төлөө зулын гол болох гэж байгаагаа ч мэдэхгүй байсан. Тиймээс ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэхийг яаралтай зогсоохыг хүсч байна. Монголын шүүх цаашид Үндсэн хуульд захирагдаж ажиллахын төлөө явна. Хуулийн дагуу шийдвэр гаргах хэрэгтэй.

АН-ын гишүүддээ уриалахад нэг хүнийг дарга болохын төлөө биш нийт иргэдийн эрхийн төлөө тэмцэхийг хүсч байна.

АН-ын буруу ойлголттой яваа гишүүддээ хэлэхэд намын шинэ дүрмийн дагуу гуравдугаар сарын 31-нээс шинэчлэлт хийсэн. Тиймээс хэн нэгнийг үзэн ядаж нөгөө тал руу явах хэрэггүй. Намын даргын сунгаа, их хурлаа хэрхэн байгуулах талаар зохион байгуулалтыг хийж байгаа. Х.Баттулгаас болж жирийн гишүүдийн үзэл санаа хуваагдаж байна. Тиймээс нийт гишүүддээ хэлэхэд хууль ёсны АН ганц л бий.

"ТӨӨРСӨН, ТӨӨРӨЛДСӨН ГИШҮҮД АН-ДАА ИР"

АН-ын гишүүн Д.Сосорбарам:

-Монгол хүн бүрийн амьд байх, бизнес эрхлэх, тэгш боломжтой амьдрах нь ардчилалтай салшгүй холбоотой. Үзэл санаа, эрх чөлөө, өмчтэй байх эрхийнхээ төлөө нэгдэхийг нийт гишүүддээ хэлмээр байна. Төөрсөн, төөрөлдсөн АН-ынхан байгааг бид ойлгоно. Тиймээс УДШ-ийн гадна жагсч байгаа хүмүүст хандаж хэлэхэд хуулиа хүндлэх хэрэгтэй. Ямар ч шийдвэр гараагүй байхад тэмцэнэ гэдгээ илэрхийлж санаатайгаар нөлөөлөх явдал бол утгагүй. Ардчилсан улсад өөрийгөө золихыг илэрхийлнэ гэдэг бол буруу. Муу ёрлож, өөрийгөө зул гол болгоно гэж бүү хэл. АН-ын үзэл санааны төлөө явж байгаа бол түүний төлөө л нэгдэх хэрэгтэй.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж