"МБҮА” ТББ-ын ерөнхийлөгчөөр Н.Баярсайхан сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

"МБҮА” ТББ-ын ерөнхийлөгчөөр Н.Баярсайхан сонгогдлоо

“Монголын барилгын үндэсний ассоциаци” (МБҮА) ТББ-ын ерөнхийлөгчөөр “Цаст импекс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Баярсайхан сонгогдлоо. Тэрбээр тус төрийн бус байгууллагыг анх үүсгэн байгуулалцсан бөгөөд Монгол Улсын барилгын салбарт төрийн бодлогыг түлхүү тусгах, хууль эрх зүй, эдийн засгийн шинэчлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, нийт гишүүд болон салбарын эрх ашгийг хамгаалах, ногоон барилгын хөгжлийг нутагшуулах чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар "МБҮА" ТББ нь барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй барилгын салбарыг тэргүүлэгч томоохон хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч, реалтор, барилга угсралт, архитектур, зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч чиглэлийн компаниудын үндэсний бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэж, гишүүддээ, нийгэмдээ үйлчилж буй юм.

Түүнээс гадна төрийн зарим чиг үүргийг буюу Барилга, хот байгуулалтын Сайдын тушаал, Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг барилгын салбарын мэргэжлийн 6 ТББ-уудын түншлэлийн хамтаар гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа салбарын, мэргэжлийн, манлайлагч, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага болоод байна.

"МБҮА" ТББ нь барилгын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг өмнө нь цаасан суурьтай материалын бүрдүүлэлттэй, мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагааг авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа, зардал их шаардсан, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй байсан зэрэг асуудлуудыг цэгцэлж, 2021 оны долдугаар сараас эхлэн бүрэн цахимжуулснаар www.licence.mcis.gov.mn-р дамжуулан явуулдаг болгосон нь барилгын тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын талархлыг зүй ёсоор хүлээгээд байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ цар тахлын хүнд үеийг туулж байх үед ч бид гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ба уялдааг сайжруулснаар хууль эрх зүйн орчинд шинэчлэлийг хийхэд нөлөөлөх, олон улсын барилгын гэрээний зарчим, тэргүүний технологийг нэвтрүүлэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, ижил төстэй гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, гишүүдийн чадавхыг сайжруулж барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахад нь хувь нэмрээ оруулан ажиллалаа.

Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой Европын холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл” төслийг Монгол Улс дахь Франц Улсын "Жэрэс Монгол" олон улсын ТББ болон салбарын бусад түншлэгч байгууллагуудтай хэрэгжүүлж, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг хувь хүн, бригад, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг мэргэшүүлэн чадавхжуулснаар хөдөлмөрийн зах зээлд чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлж, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед ч бригадуудыгаа ажилтай, орлоготой болгон ажиллалаа.

Мөн барилгын салбарын хөдөлмөрийн зах зээл дэх үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Ковид-19-ийн цар тахлын улмаас барилгын салбарын үйл ажиллагааны уналтыг багасгахын тулд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид (БЖДБЭ), бригадууд, хувь хүмүүс болон тусгай зөвшөөрөлтэй компаниудыг хамруулсан ажлын байрны цахим системийг бий болгох зорилгын хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Ур чадварыг дээшлүүлэх нь” төсөлтэй хамтран “Ажлын байрны цахим системийг хөгжүүлэх” богино хугацааны төслийг хэрэгжүүлэн уг системийг ажилд оруулаад байна.

Ийнхүү хүнд хэцүү цаг үеийг амжилттай даван туулсан МБҮА ТББ-ын хамт олон нь 2022.05.12-ны өдөр Бүх гишүүдийн V чуулганы хуралдааныг зохион байгуулан, өнгөрсөн гурван жилийн хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж, Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар "МБҮА" ТББ-ыг ирэх гурван жилд удирдах ерөнхийлөгчөөр Н.Баярсайханыг сонгоод байна.

Н.Баярсайхан нь Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, Политехникийн дээд сургууль, ОХУ-ын Москва хотын Залуучуудын дээд сургууль, ШУТИС (Хүндэт магистр), Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Манчестерийн Их Сургууль (Global MBA Programme)-ийг тус тус дүүргэсэн билээ.

Тэрбээр ажил мэргэжлийн гараагаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Хяналтын инженерээр эхлүүлж, Арьс, ширний үйлдвэр, “Гурван сайхан” ХХК-ийн Дэд захирал, Монголын Үндэсний радио, телевизийн Захиргааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 1998 онд “Цаст импекс” ХХК-ийг үүсгэн байгуулж Гүйцэтгэх захирлаар, 2010 оноос өнөөдрийг хүртэл тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот нь сүүлийн жилүүдэд олон шинэ барилгуудаар хүрээгээ тэлж, хот суурин газрын бүтээн байгуулалтад олон арван тулгамдсан асуудлууд нүүрлээд байгаа нь зөвхөн барилгын салбарын анхаарлыг хандуулах асуудал бус, бас харин хотыг бүхэлд нь цогцоор нь  төлөвлөж хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг нь шинэчлэн сайжруулах шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ ажилд өөрийн хувь нэмрийг оруулан, санал санаачилгатай ажиллаж байгаа Н.Баярсайхан нь Улаанбаатар хотын Худалдааны танхимын Үүсгэн байгуулагчдын нэг, УЗ-ийн гишүүн, Улаанбаатар Хотын хөгжлийн корпорац-д ТУЗ-ын Гишүүнээр ажиллаж байсан арвин их туршлагатай, нийгмийн хариуцлагатай удирдагчдын нэгэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж