Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн мөч тун удахгүй биеллээ олох гэж байна. “Жакарта-2018” Азийн наадмаас хойш олон улсын нэг ч тэмцээнд оролцоогүй байсан манай шигшээ баг ирэх сард эх орондоо Малайз, Тайланд, Вьетнамын багуудтай Азийн аваргын эрхийн төлөөх тоглолт хийнэ. Хагаралтай байсан хоёр холбоо нэгдэж, нэг ерөнхийлөгчтэй болсон нь тамирчдад бэлтгэл сургуулилалтаа хийх сайхан боломжийг бий болгов. Шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гараад нэг сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэднийг “Уран ган” спортын төв бүх талаар дэмжин туслаж байгаа аж.
Нийт 24 тамирчинг багт дуудаж, өдгөө 14 нь үргэлжлүүлэн бэлтгэлд хамрагдаж байна. Эндээс 12 тамирчин нь эцсийн мэдүүлэгт багтаж, эх орноо төлөөлөн тивийн аваргын эрхийн төлөө өрсөлдөнө.
Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ С.Төгсжаргал ярихдаа “Лигийн 13 багийн дасгалжуулагчдын саналаар 24 тамирчин сонгосон. Шигшээ багийн дасгалжуулагчдыг мөн лигийн дасгалжуулагчдаас санал авч бүрдүүлсэн. Ахлах дасгалжуулагчаар хамгийн их санал авсан Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчдаар Ц.Чинзориг, Н.Алтан-Очир нар сонгогдсон. Өнгөрсөн Мягмар гаригт шигшээ багийн алба удирдах зөвлөлд тамирчдын нэрсийг оруулан 14 тамирчинг шигшсэн. Тэмцээний өмнөх техникийн зөвлөгөөн дээр 12 тамирчны нэрээ өгнө” гэв.
Мөн энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 3х3 сагсан бөмбөгийн тамирчид дуудагдсан байсан боловч олон улсын тэмцээнтэй учир багт нэгдэж чадаагүй гэнэ. Энэ талаар С.Төгсжаргал “3х3 сагсан бөмбөгийн дасгалжуулагчид, шигшээ багийн дасгалжуулагчид хамтдаа хурал хийсэн. 3х3 сагсныхан тавдугаар сард Их дуулгын тэмцээнтэй. Мөн зургадугаар сард Серби, Францад хамтарсан бэлтгэл, тэмцээнтэй. Үүний дараа Бельгид дэлхийн аваргатай. Ийм шахуу хуваарьтай байгаа учир 3х3 сагсныхан шигшээ багт тоглох боломжгүй болсон” хэмээн тайлбарлав.
3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг болон үндэсний шигшээ багийн нөхөрсөг тоглолт ирэх Даваа гаригт Спортын төв ордонд болно.
Шигшээ багийн бүрэлдэхүүний тухайд туршлагатай мөн залуу тоглогчид хосолсон байдалтай. Инчёоны Азийн наадамд түүх бүтээсэн шигшээ багаас Б.Билгүүн, Т.Санчир, Г.Баттөр, О.Сэргэлэн нар энэ удаад дахин хүчин зүтгэх бол залуу тамирчдаас хилийн чинадад өөрсдийгөө харуулж буй Н.Батбаяр, Ш.Энхийн-Од, Д.Баясгалан нар багт нэгджээ.
Г.Баттөр “Шигшээ багт дуудагдаад сар бэлтгэл хийлээ. Өмнө хэлсэнчлэн шигшээ баг дуудвал бэлэн байна гэсэн. Бэлтгэл сайн, өндөр хэмжээнд байгаа гэж бодож байна. Хуучны шигшээ багийн өв уламлжлалыг залуучууддаа өвлүүлэх, бэлтгэлдээ хариуцлагатай хандах талаас нь зөвлөж, ойлгуулж байна. Залуу үе гарч ирж байна. Тэдэнтэй ажиллах таатай байдаг. Хэрэв Азийн аваргын эрхээ авбал шигшээ багийн 70-80 хувь дан залуучууд болох байх. Эх орондоо ард түмнийхээ өмнө тоглоно гэдэг үгээр илэрхийлэшгүй мэдрэмж. Нэг талаасаа асар өндөр хариуцлага яригдаж байна. Тиймээс өдөрт бараг долоон цаг бэлтгэл хийж байна даа” гэлээ.
Дашрамд дурдахад, Этүгэн Баянгол Ирвэсүүд баг ирэх улирал дээд лигт оролцохгүй бөгөөд Г.Баттөр чөлөөт агент болж байгаа гэнэ. Тэрбээр “Эрдэнэтийн Уурхайчид” багт нэгдэхээр гэрээ хэлэлцэж байгаа аж.
АНУ-ийн коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд тоглох болсон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од шигшээ багийн бэлтгэлд нэгдсэн нь мөн анхаарал татахуйц үйл явдал байлаа. Түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Юуны өмнө эх орондоо тавтай морил. Шигшээ багийн бэлтгэлд нэгдлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Ах нартайгаа бэлтгэл хийгээд сэтгэгдэл өндөр байна. Миний хувьд зургадугаар сарын 15-ныг хүртэл эх орондоо байх болно. Үүний дараа эргээд их сургуулийнхаа багийн бэлтгэлд хамрагдана. Сая Дэйтоны багтайгаа долоо хоног бэлтгэл хийж байгаад ирсэн. Тэрнээс өмнө ахлах сургуулийнхантайгаа бэлтгэл хийсэн.
-Хэзээ “NBA”-д нэрээ өгье гэсэн бодолтой байна вэ?
–Байдлаасаа л болно доо. Энэ жил манай сургууль 17 дугаарт эрэмблэгдсэн. “Топ-25”-д орчихсон гэсэн үг. Нөхцөл байдлаа л харна даа.
-Их сургуулийнхаа дасгалжуулагчтай уулзсан уу. Ямар төлөвлөгөөтэй байгаа гэсэн бэ?
-Ярьсан. Би сургуулийнхаа шигшээ багт орж байгаа ганц шинэ тамирчин нь. Намайг талбай дээр их гаргаж, ашиглана гэсэн. Ер нь дан ганц холбогчийн байрлал дээр гэхгүй, хоёр болон гурван номер дээр тоглуулна гэж ярьж байна лээ.
Хамгийн сүүлд 2016 онд Монголд 5х5 сагсан бөмбөгийн олон улсын чанартай тэмцээн болж байв. Тухайн үед Азийн оюутны эрэгтэй сагсан бөмбөгийн зургадугаар тэмцээн Улаанбаатар хотноо болж, Монголын оюутны шигшээ баг түрүүлж байсан билээ.Тэгвэл тухайн үеийн бүрэлдэхүүнд багтаж, багийн гол тоглогчдын нэг байсан, лигийн тэргүүн тоглогч А.Тэмүүжин мөн энэ удаад шигшээд багтсан.
А.Тэмүүжин “Хамаг сайнаараа тоглох болно. Найман жилийн дараа “FIBA”-ийн албан ёсны тэмцээн болох гэж байна. Дээрээс нь Монголд болох гэж байна. Тиймээс байдаг чадлаараа тоглоно. Сагсан бөмбөг сонирхогчиддоо хандан хэлэхэд ирж дэмжээрэй” гэв.
Дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд лигийн шилдэг мэргэн буучдын нэг, шинэхэн аварга Ц.Азбаяр нэгдсэн нь сонирхол татсан. Түүний талаар ахлах дасгалжуулагч Ч.Ижилболд “Албан ёсоор мэдүүлэгт гурван дасгалжуулагч байх ёстой гэсэн. Гэхдээ бэлтгэлийг олон улсын түвшинд чанартай хийе гэвэл гурван дасгалжуулагч хүрэлцээтэй бус байна. Тиймээс Ц.Азбаярыг нэмж авсан. Өөрийнх нь санал ч бий. Мөн өглөөний шидэлтийн бэлтгэл дээр ур чадварын дасгалжуулагч н.Дашка ирж байгаа” гэлээ.
Монголын шигшээ баг эхний тоглолтоо Тайландын эсрэг зургадугаар сарын 2-ны өдөр хийх бол хоёр дахь тоглолтоо зургадугаар сарын 3-ны өдөр Малайзын эсрэг, хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 4-ний өдөр Вьетнамын эсрэг тус тус хийнэ. Дээрх бүх тоглолт Степпе Аренад болох бөгөөд хэсгээ тэргүүлсэн гурван баг дараагийн шатанд шалгарна.
Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ