–Монголын үндэсний Малчин телевизийн үндсэн зорилго чиглэл юу вэ?
-Монголын үндэсний Малчин телевиз 2012 онд монгол малчны аж амьдрал, ахуй соёлыг сурталчлан таниулах зориготойгоор үүсгэн байгуулагдсан. Манай телевиз “Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч” уриатай. Энэ нь бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн аж амьдарлын онцгой ухаан, үнэт өв хэмээн ойлгож хүндлэн биширч тэр хэрээрээ үзэгч түмэндээ бахдан харуулахыг зорин уран бүтээлүүдээ туурвидаг. Дөрвөн цагийн эргэлтэд таван хошуу малаа даган, үйлс зүтгэлээ цаг наргүй зориулдаг малчин хүний хөдөлмөрийг алдаршуулан таниулах нь бидний үүрэг хэмээн ойлгодог.
–Малчин телевизийн үйл ажиллагааны цар хүрээ нэвтрүүлгийн бодлогын тухай?
-Мэдээж 21 аймгийн 300 гаруй сумдад манай телевизийн эфир хүрч байна. Малчдад хэрэгцээтэй мэдээ мэдээлэл хүргэхийн зэрэгцээ соёл боловсролын чиглэлийн нэвтрүүлгүүдийг бэлтгэдэг. Мөн малчдын тулгамдсан асуудлыг шууд утсаар хүлээн авч шийдэл гаргалгааг ярилцах, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай уулзаж малчдын дуу хоолойг нь хүргэх гэх мэтээр аль болох цэнхэр дэлгэцээр дамжуулан асуудлын учрыг олохоор тал талаасаа хамтран ажилласаар ирсэн. Бид монгол ахуй соёлоо түгээн дэлгэрүүлж сурталчан таниулах зорилгоор орчин цагийн шилдэг залуусыг оролцуулан “Энэ цагийн илгээлтийн эзэд”нэртэй реалити шоуг тун амжилттай зохион байгуулж ялагчдаа таван хошуу мал гардуулан өгсөн. Мөн манай телевиз малчдын залуу халаа цөөрч байгаа тухай олон удаа бүтээлүүдээрээ хөндөн харуулсан. Ахмад малчдын дуу хоолой үнэт зөвөлгөөг ч хүргэсэн. Энэ удаад дэргэдээ "Хүннү" нэртэй пикчерс байгуулан, “Миний шинэ хот” нэртэй контент бүтээгээд байна. Цаашид ч үүгээрээ дамжуулан олон өгөөжтэй бүтээлүүдийг хийхээр төлөвлөөд байгаа.
-"Хүннү пикчерс"-ийн энэхүү контентод юун тухай өгүүлэх вэ?
-Бүтээл бүр ямар нэгэн санааг дэвшүүлсэн байдаг. Бид ч гэсэн уг контентоор хотруу чиглэсэн их нүүдэл болон хөдөөгийн төрх, залуусын үзэл бодол, малын хулгай зэргийг харуулахыг зорисон. Гэсэн ч бараан талаас нь бус гэгээлэг хөгжилтэй байдлаар санаа дэвшүүлэхийг хүссэн юм. Тэр ч утгаараа “OI” энтертайнментийн авьяаслаг залуу уран бүтээлчид болон нийтийн дууны шилдэг дуучдыг уг бүтээлдээ оролцуулан хамтран бүтээгээд байна. “Миний шинэ хот”контентоо IP ТВ-д байршуулаад багагүй хугацаа өнгөрсөн ч маш олон үзэгчид инээд баясал, шинэ санаа сэдэл төрүүлсэнд баяр хүргэн холбогдож байгаад бид баяртай байна. Цаашид монгол малчид болон хөдөө ахуй, онгон дагшин байгаль газар шороо, ахмад буурлын үнэт сургааль, үнэт өв соёлын талаар олон сонирхолтой контент бүтээхээр манай уран бүтээлчид ажилласаар байна.
Баярлалаа. Амжилт хүсье.
Холбоотой мэдээ