Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээлэл Төрийн ордонд боллоо. Энэ удаа Ардчилсан намын нэр барьсан хууль бус этгээдүүд Улсын дээд шүүхэд нөлөөлөх гэж оролдож байгаа талаар мэдээлэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Маргааш буюу тавдугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд өөрийгөө Ардчилсан намын дарга гээд яваад байгаа хэсэг бүлэг хүн нөлөө үзүүлэх гэж байна. Тиймээс АН-ын Удирдлагын зөвлөл энэхүү мэдээлэл хийж байна. Тэр хүн “хаан” байх үеэсээ шүүх рүү дайрсан, түүний Тамгын газрын дарга байсан нэг нөхөр бий. УИХ-ын даргын дүрээсээ одоо болтол гарахгүй яваад байна. Энэ хоёр хүн үргэлж хараат бусаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийн дархлааг үгүй хийхийг оролдож байсан.
Үүнээс гадна манай хэдэн гишүүн өчигдөр хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан ч хууль гэдэг нь нийтлэг ашиг сонирхлыг илтгэнэ гэж мэддэг. Гэтэл УИХ-ын гишүүд нэг хүнд албан тушаал бий болгохын тулд хуулийн төсөл өргөн барьж байгаа нь инээдтэй байна. Ийм хуулийг УИХ хэлэлцээд сууна гэж байхгүй. Энэ хүмүүст хуулийн ямар ч мэдлэггүй хүмүүс зөвлөөд байна. Эсвэл үнэт зүйл, зарчимгүй, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн үйлдэл гэж харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн нэг жил ч болоогүй байж аль нэг улс төрийн намын дарга болох гээд зүтгээд байна. Энэ хүнтэй холбоотой хууль шүүхийн байгууллагын асуудал маш их бий. Үүнийг эхлээд цэгцэл гэж хэлмээр байна.
АН-ын дарга М.ТУЛГАТ:
-Сонгогдсон болов ч бүртгэгдээгүй дарга гэдэг урт гуншинтай өнөөдрийг хүрлээ. Би өөрийгөө АН-ын дүрмийн дагуу сунгаанд оролцож ялаад баталгаажсан АН-ын дарга гэж боддог. Гэхдээ өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гурван удаа материалаа өгсөн ч буцаагдсан. Хоёр талаас намын даргын бүртгэл ирээд байна гэх шалтгаанаар буцаагдсаар өдийг хүрсэн.
Дээд шүүхэд улс төрийн нам жирийн гишүүдийг турхирч айлган сүрдүүлэх замаар нөлөөлж хэрхэвч болохгүй. Намын даргын бүрдүүлэх ёстой материал нь нарийн төвөгтэй. Нэг жилийн хугацаанд бид амаргүй замыг туулсан. Х.Баттулгын АН-ын даргаар бүртгэх ямар ч үндэслэлгүй. Ерөнхийлөгч болоод АН-ын гишүүнээс татгалзсан. Зохион байгуулсан сунгаа нь дүрмийн бус, Х.Батсуурь замын дундаас нэрээ татаад ганцхан нэр дэвшигч өөрөө өөртэйгээ өрсөлдсөн. Ямар ч хяналтын механизм байхгүй. Нам нь тамга, гэрчилгээ, бүртгэлгүй. Бүх зүйл нь будлиантай. Монголын хуулийн дээгүүр хэн нэгэн алхах ёсгүй.
Монгол Улс Х.Баттулга гэдэг эрх хүүхэдтэй болчихлоо. Энэ хүнийг эрхлүүлэх гэж Монголын төр, гурван сая иргэн байгаа биш шүү.
Ерөнхийлөгч байсан хүн нэг жил болоогүй байхад аль нэг намын дарга болно гээд зүтгэж байдаг юм. Ёс зүйн хувьд бодсон ч тэр санаанд багтахгүй байна.Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга байсан хүн шүү.
АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:
-АН-ын бүлгийн дарга гэдэг амар ажил биш. Ямар ч эрх ямба ч эдэлдэггүй шүү. Ард түмний дуу хоолой болж дуугардаг, эрх баригчдын зөвийг дэмжиж бурууг нь засч явах ёстой. Бүлгийн гишүүдийнхээ өмнөөс ард түмнээс уучлал гуймаар байна. 2020 оны сонгуулиар 11-үүлээ орж ирсэн боловч мордохын хазгай гэгчээр албан тушаал хөөсөн зарим улстөрчид бүлгээс гарсан. Авлига, албан тушаалын эсрэг тэмцэх, сөрөн зогсох ганц хүчин бол АН. Үүн дотор УИХ дахь АН-ын бүлэг. Нэг хүнийг албан тушаалд хүргэхгүй бол зулын гал болно гээд Улсын дээд шүүхийн гадаа жагсч байна. Эрх баригчид энэ асуудлыг даруй шалгах хэрэгтэй.
Нийслэлийн АН-ын дарга Э.БАТ-ҮҮЛ:
-Маргааш болох шүүхийн хуралдаанаар Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Х.Баттулга АН-ыг төлөөлөх, тус намын үзэл баримтлалыг төлөөлөх ямар ч эрхгүй. Учир нь тэр хүн намын үзэл баримтлалаасаа урвасан. Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох асуудлыг 2020 онд гаргаж тавьсан. Х.Баттулга шүүх хараат бус байх үзлийг уландаа гишгэсэн. В.Путины үзэл баримтлалыг дэлгэрүүлэгч. Үзэл баримтлалаасаа урвасан хүнийг Дээд шүүх бүртгэхгүй. Хэрэв шүүх түүнийг бүртгэвэл Үндсэн хуулийн хямрал үүснэ. Х.Баттулга Үндсэн хуулийн хямралыг хүсч байгаа. Х.Баттулгын гутамшигт урвалтыг бид хэрхэвч хүлээж авахгүй.