АНУ Украинд 215 сая ам.долларын хүнсний тусламж илгээх болсон талаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр /2022.05.17/ мэдэгдэв. Энэхүү мэдэгдлийг НҮБ-д болсон дэлхийн хүнсний аюулгүй байдлын талаарх сайд нарын уулзалтын үеэр гаргажээ.
Мөн улам өсөн нэмэгдэж буй дэлхийн хүнсний хямралыг даван туулахын тулд дор бүрнээ яаралтай арга хэмжээ авахыг бусад улсад уриалжээ. Дээрх 215 саяас гадна хүмүүнлэгийн тусламж болгож 5.5 тэрбумын санхүүжилтийг АНУ-ын Конгресс батлахаар хэлэлцэж буй аж.
Дайны улмаас дэлхий даяар бордоо, үр тарианы хомсдолд ороод буй. Бордооны хамгийн том экспортлогч Оросоос бордоогоо авдаг байсан улс орнуудад эрэлт эрс нэмэгдэж байна. Тийм учраас АНУ-ын бордооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд 500 сая ам.доллар төсөвлөснийг Блинкен мэдэгдэв.
АНУ Украинд урт хугацааны дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа илэрхийлж, олон ч тэрбум ам.долларын батлан хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлээд буй. Тухайлбал, энэ сарын эхээр нэмэлт их бууны сум, радар болон бусад тоног төхөөрөмж зэрэг 150 сая ам.долларын аюулүй байдлын тусламж үзүүлэхээ амласан билээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын Украин дахь Элчин сайдын яам гурван сарын дараа эргэн хаалгаа нээжээ. АНУ-ын дипломатууд Киев дэх Элчин сайдын яаманд буцаж ирснээр өчигдөр /2022.05.17/ улсынхаа далбааг албан ёсоор мандуулсан байна.
Эх сурвалж: CNN, ABC17
Холбоотой мэдээ