Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр (2022.05.18) нийтийн тээврийн үйлчилгээнээс смарт картыг хална гэж мэдэгдсэн. Өнөөдөр "Улаанбаатар смарт карт" ХХК-иас мэдээлэл хийж, эсэргүүцлээ илэрхийллээ.
"Улаанбаатар смарт карт" компани гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани аж. Төслийн нийт хөрөнгө оруулалт буюу 13 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Сөүл хотын өмчийн оролцоотой "Ти-мони" компани хийсэн бөгөөд нийслэлээс нэг ч төгрөгийн санхүүжилт гаргаагүй байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг хэрэгжүүлэгч компани долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа нийслэлийн төсвөөс өссөн дүнгээр 212 тэрбум төгрөг хэмнэжээ.
Нийтийн тээврийн санхүүгийн тогтолцоо гурван хэсгээс бүрддэг байна. Нэгдүгээрт, картаар төлсөн төлбөр, ахмад настан болон оюутан гэсэн хөнгөлөлттэй зорчих буюу нөхөн олговор, зардлын санхүүжилт буюу орлого зардлын зөрүү санхүүжилтээс бүрддэг. Зардлын санхүүжилт "Улаанбаатар смарт карт"-ын дансаар дамждаггүй, нийслэлээс автобус компаниудад хувиарлагддаг байна.
Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд "Зардлын санхүүжилт өссөн шалтгаан нь жолооч гар дээр бэлэн мөнгө авдаг. Шугамын орлого төвлөрүүлэхэд автобус компаниудын хариуцлага байхгүй, хот орчим буюу зайнаас хамаарсан тариф журмаа мөрдөхгүй байгаа юм. Хамгийн гол шалтгаан нь үйлчилгээнд гараад зам дээр явсан цагийг нь үнэлдэг нь алдаа болоод байна.
Төсөл хэрэгжиж эхэлснээр зорчигч урсгалын бүхий л дата мэдээлэл цугларсан. Энэ мэдээлэл дээр тулгуурлаад оновчтой, хүртээмжтэй нийтийн тээврийг төлөвлөх бүрэн боломжтой. Нийслэлд манай дата мэдээллийг ашиглах санал удаа дараа тавьсан боловч одоогоор авах боломж нь бүрдээгүй байгааг мэдэгдсэн" гэв.
Санхүү удирдлагын газрын дарга Н. Уянга "Аудитын шалгалт байнга ордог. Шалгалтын үр дүнд ноцтой зөрчил илрээгүй. Хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын өөрийнх нь гарын үсэгтэй захирамжаар аудитын шалгалт орж байсан. Уг шалгалтын хариу энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөлийн хурал дээр танилцуулагдсан, ямар ч зөрчил гараагүй" гэв.
"Улаанбаатар смарт карт" ХХК-ийн төв байрны серверийн төв дээр картын бүх мэдээлэл хадгалагдаж байгаа бөгөөд дотоодын бизнес болон арилжааны, үүрэн холбооны компаниудтай систем холболт хийж, үйлчилгээгээ сайжруулахаар ажиллаж байгаа ажээ.
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ