Монгол гэрт амьдардаг Канад хос

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Монгол гэрт амьдардаг Канад хос

Монгол гэрт амьдардаг Канад хос

Канадад амьдардаг залуу хос цар тахлын үеэр үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өсмөгц гарц шийдэл хайж эхэлжээ. Мелисса Антони нөхөр Винсент, хүү Исиа болон нохдын хамт амьдардаг. Олны хөлөөс зайдуу бүтээлчээр амьдрах байршил судалсны эцэст Канадын баруун хойд хэсэгт, Давсон хотын ойролцоо уламжлалт монгол гэрт амьдрах шийдвэр гаргасан байна.

Антони "Ядаж ноход хөршүүдэд саад болохооргүй газар амьдрахыг хүссэн" гэж хэлжээ. Мөн тэдний гэр бүл нугас, тахиа гэх мэт амьтан тэжээж, амар жимэр газар тогтвортой амьдрахыг хүсдэг байсан аж. Тэд өмнө нь байрны сарын түрээст 2500 ам.доллар төлдөг байжээ. Амьдралын өртөг маш өндөр байсан тул 2021 оны нэгдүгээр сараас монгол гэрт амьдарч эхэлсэн байна.

Мелисса Антони антропологийн чиглэлээр 13 жил сурсан ба Монгол орон, уламжлалт амьдралын хэв маягийг ихэд сонирхдог байжээ. Улмаар Монголоос гэр нийлүүлж, Канадад ирсэн хойно нь барьж өгдөг “Groovy yurts” нэртэй компанитай холбогдсон аж.

Монгол гэрт амьдрах байгальд ямар ч сөрөг нөлөөгүй учир тэдэнд маш их таалагджээ. Тэд “Хонины ноос, морины хялгас, модон дам нуруу гээд дан байгалийн гаралтай материалаар хийгдсэн үнэхээр сайхан сууц. Хэдхэн цагийн дотор бариад амьдрах боломжтой. Хамгийн боломжийн, хамгийн дулаан сонголт” гэж хэлсэн байна.

Цаг агаар дулаарах үед цас, бороо, үер ямар байхыг мэдэхгүй тул газраас нэг метр орчим өндөрт тавцан дээр гэрээ барьжээ. Тухайн байрлал нь мөнх цэвдэгтэй бүс учраас тэр тавцангаа хөргөгч болгон ашигладгаа ярьсан байна. Шалныхаа нэг хэсгийг өргөхөд доор нь хүйтэн зоорь гарч ирэх аж. Гэр нь зургаан метрийн радиустай. Интернэт байхгүй учир хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх болсон нь тэдэнд хамгийн их таалагджээ. Тэд 15-20 минут машинаар яваад хот руу ордог байна.

Энэ жил маш их цастай байсан ч тэд монгол гэрийн бүтэц, инженерчлэлийг үнэхээр биширчээ. Гадаа салхитай байсан ч гэр нь тогтвортой. Гадаа 32 хэмийн хүйтэн байсан ч галлаад л, гэртээ дан цамцтайгаа суудаг гэх мэт. Өвөлдөө тэд тооноороо туйлын туяа харж таашаадгаа ярьжээ.

Эх сурвалж: MACLEANS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж