УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар өнөөдөр /2022.05.19/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, гишүүд Төрийн ордон руу нэвтэрч буй иргэдийн хувцаслалтын шаардлагыг өөрчлөх саналаа Засгийн газарт өргөн барьсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 17-нд Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Тус уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг болохыг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг чиглэл болгосон юм. Өнөөдөр УИХ-ын зарим гишүүн шаардлагыг өөрчилж, журмыг шинэчлэх саналаа хүргүүлжээ.
Д.Цогтбаатар гишүүний хэлж байгаагаар “Энэ бол зөвхөн хувцаслалтын тухай асуудал биш. Иргэддээ хандах хандлага, шинэ зарчимд нийцэж ажиллах тухай асуудал. Миний хувьд ч залуу байсан. Надад хоёр жинс, нэг пүүзээс өөр хувцасгүй үе байсан. Тиймээс хувцасны код заасан журмыг өөрчлөх хэрэгтэй. Төрийн ордон руу иргэд пүүзтэй ч нэвтрэх эрхтэй” гэв.
Уг саналыг УИХ-ын гишүүн:
- Э.Бат-Амгалан
- Д.Цогтбаатар
- Э.Батшугар
- Х.Булгантуяа
- Д.Ганбат
- Г.Дамдинням
- Т.Доржханд
- С.Одонтуяа
- М.Оюунчимэг
- Н.Учрал нар дэмжиж, гарын үсэг зурсан байна.
"Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам"-д "Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай нэвтэрнэ" гэж заасан байдаг. Энэхүү журмыг өөрчилснөөр иргэд төрийн ордонтой танилцахад илүү нээлттэй болно гэсэн үг юм.
Холбоотой мэдээ