Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын инфляци 14.4 хувь хүрэхэд цөөн хэдэн төрлийн бүтээгдэхүүн нөлөөлсний нэг нь хүнсний үнэ байв. Инфляцид голлон нөлөөлсөн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад дараах хурдаар өсчээ. Үүнд:
-Хүнсний ногооны үнэ +47.2 хувь
-Төрөл бүрийн өөх, тосны үнэ +48.2 хувь
-Талх, гурил будааны үнэ +20.1 хувь
-Сахар, чихэр шоколадны үнэ +16.8 хувь
-Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ +14.7 хувь байна.
Хүнсний үнэ дэлхий даяар хурдтай нэмэгдэж, өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар өсөөд байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас онцолж буй. Мөн "Ройтерс" агентлагийн мэдээлснээр, хүнсний үнэ 2020 оны дунд үеэс буюу цар тахлаас үүдэж бизнесүүд хаалгаа барьж, нийлүүлэлтэд саатал үүсч эхэлсэнтэй зэрэгцэн өсч эхэлжээ. Үүнд хэд хэдэн шалтгаан байна:
Цар тахал эхлэл болов
Тээвэрлэлтийн гацаанаас үүдэж фермерүүд сүүгээ асгаж, хүнсний ногоо ялзарч муудан, нөгөө талд хөл хорионд орохын өмнө иргэд хүнсээ нөөцөлж эхэлсэн нь хүнсний үнэ өсөх шалтгаан болж байв. Мөн улс орнууд хилээ хааж, хөл хорьсноор цагаач ажилчдын хомсдол бий болж, үр тарианы гарцад нөлөөлсөн байна.
Цаг агаарын нөхцөл байдал ба улс орнуудын хүнс нөөцлөх бодлого
Байгаль цаг уурын нөхцөл байдал ч зарим хүнсний үнэ өсөхөд чухал нөлөө үзүүлэв. 2021 онд шар буурцагны экспортоор дэлхийд тэргүүлэгч Бразилд ган болж, БНХАУ-д үр тарианы ургац хамгийн муу жил өнгөрөв. Хүнсний гол нэрийн барааны хомсдолоос сэргийлж зарим орнууд нөөцлөх, экспортоо хязгаарлах арга хэмжээ авсан нь үнийн өсөлтийг даамжруулж байна.
ОХУ, Украины асуудал нөхцөл байдлыг хүндрүүлэв
2022 оны эхний улиралд ОХУ, Украины геополитикийн асуудал үүссэн нь хүнсний үнийн төлөвийг улам муутгаад байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлснээр, энэ оны 2, 3 дугаар сард хүнсний үнэ түүхэн дээд түвшиндээ хүрчээ.
ОХУ, Украин улсууд дэлхийн үр тарианы экспортын бараг гуравны нэгийг, наранцэцгийн тосны гуравны хоёроос дээш хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Украин улс дэлхийд эрдэнэшишийн экспортоор дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг том нийлүүлэгч бөгөөд геополитикийн асуудал үүссэнээс хойш тус улсын боомтууд болон ХАА-н дэд бүтэц сүйдэж, нийлүүлэлтийг хэдэн жилээр хумьсан байна.
Хүнсний үнэ хэзээ буурах вэ?
Одоогоор таамаглахад тун хүнд байна. ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл цаг уурын нөхцөл байдал зэрэг тааварлашгүй хүчин зүйлсээс шалтгаалдаг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш дэлхийн хүнсний бүтээгдэхүүний хангамжид үүсээд буй асуудал Украины ХАА-н үйлдвэрлэл, ОХУ-ын хүнс болон бордооны гарц хэвийн болох хүртэл шийдэгдэх боломжгүй гэж байр сууриа илэрхийлжээ.
Дэлхийн банкны тооцоолсноор үр тарианы үнэ 2022 онд 40 хувь давж өсөх төлөвтэй. Гэхдээ 2023 оныг 2022 онтой харьцуулбал үнэ буурч магадгүй. Энэ нь Аргентин, Бразил, АНУ-д ургац өсөх тохиолдолд биелэх боломжтой хэдий ч баталгаагүй гэжээ.
Холбоотой мэдээ