"Улсын мөнгөний эргэлтийн 80 хувь 3 банкны эзэн дээр төвлөрч байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Live"Улсын мөнгөний эргэлтийн 80 хувь 3 банкны эзэн дээр төвлөрч байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


 

15 : 14
2022-5-19

"ОУВС 2021 оны баланс худлаа болохыг олж харсан шиг байна"

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа. 

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

-Үндсэндээ 2020 оны сонгуулиас хойш МАН-ын бүлэг, улсын парламент улс орны нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн салбаруудад том реформын чанартай өөрчлөлт хийх ёстой байсан. Үүний нэг нь банкны реформын асуудал байсан. Бид олонхоороо дэмжиж, банкны салбарт реформ хийе, олон нийтийн болгоё, нэг хүний эзэмших хувийг багасгая гэж дуу нэгтэй баталсан.

Үүний өмнөх өр зээлтэй холбоотой асуудалд гишүүд байр сууриа илэрхийлж байна. Үүнтэй агаар нэг асуудал бол банкны шинэчлэл мөн. Банкны IPO-г нэг жилээр хойшлуулах нь зохимжгүй юм. Гурван банк Хөрөнгийн бирж дээр IPO гаргах гээд зохих бүх үнэлгээгээ хийлгэсэн юм билээ. Өгөөгүй 2-3 банк байна. Энэ асуудлыг жилээр хойшлуулж болохгүй.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ашигтай ажиллаж байгаа банкны хувьцааг авч, ашиг хийж, ард иргэд таван төгрөгөө 10 болгох боломжтой. Энэ асуудлаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос асуулт асууя. Хүсэлтээ өгсөн гурван банкаа хугацааны хувьд дэс дараатайгаар бусад банк IPO гаргах боломж бий юу. Миний хувьд 3-6 сарын хугацаанд хойшлуулах санал гаргаж байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-УИХ-ын гишүүд нэг жил хойшлуулж байна гэж буруу ойлгож байна. Хугацааг нь сунгаж байгаа шүү. Ингэж буй шалтгаан нь таван банк ойрхон хугацаанд IPO гаргах нь банкуудад өөрт нь хүндрэл учруулна гэж үзэж буй. Монголбанк ямар шаардлага тавих нь эрх мэдлийн асуудал. Тэр шаардлагыг хангасан гурван банк нь IPO шууд гаргаж болно. 

Ажлын хэсгээс гишүүний асуултад хариулахдаа "Байнгын хорооны даргын хувьд Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд системийн нөлөө бүхий таван банкийг олон нийтэд нээлттэй компани болох хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах гэж тодруулж хэллээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар зургадугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, банкууд ХК болох ёстой. Энэ хувьцаат компани болох хугацааны зохицуулалтыг л сунгаж буй юм. Нөгөө талаасаа бид цар тахлын улмаас Монголбанк хэд хэдэн журмыг банкны салбарт мөрдүүлж, зогсоосон. Тодруулбал, актив ангиллын журам гэх мэт. Тиймээс төв банкнаас активын чанарын үнэлгээг арилжааны таван банкинд хийх нь зүйтэй гэж үзэж буй. Энэ жилийн долоо, наймдугаар сараас голлох таван банкинд хийж, хувьцаа гаргах үйл ажиллагаа нь зохицуулагдана" гэсэн хариулт өгөв. 

-УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Монголбанкныхан энэ асуудлыг ойлгомжтой тайлбарламаар байна. Т.Аубакир гишүүнтэй санал нийлж байна. Энэ хуулийг 2016-2020 онд хийх гэж оролдоод чадаагүй. Шинэ УИХ-аар дэмжиж, баталсанд санхүүгийн салбарынхан таатай хандаж буй. Бид энэ шинэчлэлээс буцалгүй чанартай болгож байна.

Олон улсын байгууллагаас "Та нар одоо хөрөнгө оруулагчдаа хуурах гээд байна. Энэ хуулийг гаргаж, бүх зээлийн ангиллыг хийлгээгүй. Одоогийн баланс худлаа байна. Тийм учраас шалгалт хийж, хөрөнгийн зах зээл дээр тавь" гэсэн шаардлага тавьж байна. Монголбанкнаас активын шалгалтыг аль эрт хийчихсэн байсан бол энэ хугацааг сунгах ямар ч шаардлагагүй байсан юм.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

-Ж.Ганбаатар гишүүн хойшлуулах биш сунгах асуудлыг ярьж байна гэлээ. Нэг жил бол арай урт хугацаа учраас 3-6 сар болгож болох уу. Бид улс эх орныг урагшаа нэг алхуулахын тулд дэмжих хэрэгтэй байна. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-Энэ хуульд хугацааг өөрчилсүгэй гэж бичсэн байгаа шүү, гишүүн ээ. Таны хэлсэн саналаар сунгаж болно гэж Монголбанкныхан хариулаад байна. 

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Ийм чухал асуудал ярьж байхад Монголбанкны ерөнхийлөгч хаачсан юм бэ. Тэр хүнийг ирүүлж байж энэ асуудлыг ярья. УИХ дээр хүндэтгэж ирэх ёстой биз дээ. Энэ асуудлыг хойшлуулах хэрэгтэй байна.

Ажлын хэсгээс хариулахдаа "Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаар чуулганы хуралдаанд ирээгүй" гэв.

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үйлчлэх хугацааг сунгаж байна. Энэ банкуудад хэрэгтэй гэж тайлбарлаад байх шиг байна. Зарим нэр бүхий системийн ач холбогдолтой банкуудын актив чанар муу байгаа юм байна. Өнгөрсөн оны баланс нь худлаа юм байна гэдэг шалтгаан байгаа юм байна. Тэр балансыг үндэслэж, хувьцаа гаргах гэж байгааг ОУВС олж харсан юм шиг байна. Яг жинхэнэ шалтгаан нь энэ юм байна. Хоёр банк нь ямар ч асуудалгүй юм байна гэж ойлгож байна. Ирэх наймдугаар сард таван банкны активын чанарын дүн гарчих юм байна. 

-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Банкны шинэчлэлийн хуульд хамгийн идэвхтэй ажилласан хүний нэг байна. Хугацааг нь сунгахаас өөр арга байхгүй. Одоо ганцхан сар үлдлээ. Бид хэтэрхий яарч, эсвэл хойшоо тавьж болохгүй. Улсын эдийн засаг мухардалд орсон нь банкны тогтолцоотой холбоотой. Улсын мөнгөний эргэлтийн 80 хувь нь гурван банкны эзэн дээр л төвлөрч байна. Ийм байж болох уу. 

Ажлын хэсгээс "Арилжааны банкны эрүүл мэнд муудсан зүйл огт байхгүй. Арилжааны банкуудын үйл ажиллагаа хэвийн, Монголбанкнаас хяналт тавьж байна. Хуулийн хугацааг сунгаж байгаа нь боломж олгож буй нэг хэлбэр. 2023 оны зургадугаар сарын 30 болгосноор таван банк дэс дараатайгаар хувьцаат банк болж, хувьцаа гаргах боломжтой гэж үзэж буй" гэв.

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн сахилга хариуцлагын дэд хороо болгож өргөтгөсөн. Зөвхөн гурван асуудал хариуцдаг байсан бол одоо 10 болсон. УИХ-д хүндэтгэлгүй хандах гэх мэт бодлогын заалт орсон. Сүүлийн үед УИХ-аас томилогддог Монголбанкны ерөнхийлөгч эзгүй, Банкны тухай хууль хэлэлцээд байдаг. Мөн Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл алга. Ийм байж таарахгүй ээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монголбанкны ерөнхийлөгч маргаашийн чуулганы хуралдаанд ирэхгүй бол асуудлыг ярина. 

 

14 : 39
2022-5-19

“Өрөнд баригдсан хүн өтөнд баригдсан ямаатай адилхан”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас үргэлжилж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар санал хурааж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Бид Төсвийн хүрээний мэдэгдлийг батлах ёстой юм. Төсвийн тухай хуулиараа буцаана гэж байхгүй, засч сайжруулах асуудлыг хэлэлцдэг. Олон гишүүн өрийн менежменттэй холбоотой асуудлаар үг хэллээ. Би энд хоёр зүйл хэлье. Өр Монголд төгрөгөөр тооцогддоггүй.

Төгрөгийн ханш унаснаас болж өрийн хэмжээ өндөр харагдаж байна. 2016 онд 8.4 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 34.3 тэрбум ам.доллар болчихсон байна. Ханшийн зөрүүнээс болж Монгол Улс хохирч байна. Өрийн менежментэд Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа үр дүн багатай ажлуудыг зогсоох шаардлагатай.

Бид 2023 оны өрийн стратегид онцгой анхаарах ёстой. Нэмэгдсэн төсөвт өртгийг шийдэж өгөөгүйгээс олон компани хохирч байна. Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам энэ асуудлыг шийдэхгүй бол баахан царцсан барилгатай болох гээд байна. Халамжийг хавтгайруулахгүйгээр хүүхдийн мөнгийг танах хэрэгтэй гэж бодож байна.

Мөн цалин хөлсийг тодорхой хэмжээнд нэмэх хэрэгтэй. Бид бага албан тушаалтны цалинг нэмэх шаардлагатай. Төрийн албан хаагчид тэтгэврээс бага цалин авч байна. Ийм саналуудыг ажлын хэсэгт хэлэх байна.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой биз дээ. Дэмжлээ гээд сайн байна гэсэн үг биш. Гурван санал хэлье. Улсын секторын өр, Засгийн газрын өр гэж байна. Одоо энэ Засгийн газрынхан болимоор байна. Хөгжлийн банкны өр Засгийн газрын өрөнд орохгүй гэж маргаад байх юм. Энэ Монгол Улс өрөнд орж байгаа асуудлыг Засгийн газар хариуцахгүй бол хэн хариуцах вэ. Монголын эдийн засгийн 60 хувьд Засгийн газар оролцож байж бидний өр биш гэж хэлж болохгүй шүү.

Хоёрдугаарт, эдийн засгийн нөөц бололцоог үр ашигтай зарцуулна гэж байгаад итгэхгүй байна. Хамгийн үр ашигтай шийдэл бол төрийн зардлыг багасгах юм. Цаашдаа хууль гаргаж, ДНБ-ий хэдэн хувиас төсвийн зарцуулалт байх ёсгүй гэж хязгаарлах ёстой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Ирэх 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжиж байна. Улсын жилийн төлөвлөгөө, төсөв хоорондын уялдааг сайжруулахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Одоо төсвийн хүрээний мэдэгдэл, төлөвлөгөө хоёр уялдах шаардлагатай байна.

Монгол Улс ирэх жил хэдэн төгрөгийн орлого, зарлага, алдагдалтай байх вэ, хэрхэн яаж санхүүжүүлэх вэ гээд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг гаргаж, тулгуурлан ирэх жилийн төлөвлөгөөг уялдуулж байх ёстой. Тийм болохоор төсвийн хүрээний мэдэгдэлд ажлын хэсэг байгуулж байгаа шиг төлөвлөгөөнд ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна. Засгийн газрын анхны төлөвлөгөө нэлээн сул, 300 гаруй зарчмын зөрүүтэй санал гаргаж байсныг 2021 онд сайжруулсан. Харин 2022 оны төлөвлөгөөний зорилго зорилтын суурь түвшин байгаагүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2021-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилттэй танилцлаа. УИХ-ын гишүүдийн санал дүгнэлтийг нэгтгэж үзвэл “Өрөнд баригдсан хүн өтөнд баригдсан ямаатай адилхан” гэж ард түмэн ярьдаг. Энэ өрийн асуудал нам, бүлэг, найз нөхдийн асуудал биш. Манай гишүүд олон чухал санал хэлсэн. Сангийн сайд нь харамсалтай нь сонссонгүй. Дахин давтаж хэлэхээс өөр аргагүй боллоо. Эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой өрийн хавх үүсч болзошгүй учраас онцгой анхаарах ёстой шүү.

Засгийн газар тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэж бодож байна. Монголбанк, төсөв, сангийн бодлого болохгүй байна. Ийм учраас улс 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33.3 тэрбум ам.долларын өртэй болсон байна. Нийт улсын өр гэж хамаагүй яриад байх юм. Энийг дотоодын зах зээлээс валют цуглуулж байж л төлнө шүү дээ. Улсын өр, Засгийн газрын өр гэдэгт Монгол Улсын бүх салбар хамаарна.

Ам.доллар хэвлэхгүйгээр Монголбанк, Хөгжлийн банк, “МИАТ” компани тэр өрийг гадаад валютын нөөцөөсөө төлнө. Энэ бүхэн үндэсний аюулгүй байдал руу хөтөлж байна. Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороод өрийн удирдлагын стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд бодит дүгнэлт хийж, дараагийн стратегийг боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүд Төсвийн байнгын хорооны саналаар Монгол Улсын төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн стратегийн баримт бичгийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналт хураав. Санал хураалтаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

14 : 36
2022-5-19

"Чингис" бондоор 1.5 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн"

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Сонгуулийн жил төсвийн алдагдал дээд цэгтээ хүрдэг юм билээ. Дөрвөн жил болгон давтагддаг байдлыг болих хэрэгтэйг Сангийн сайдад хэлье. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төлөвлөлтийн их зөв сэдэв хөндлөө. Төсвийн хүрээний мэдэгдэлд тэрийгээ задалж оруулдаггүй. Удахгүй 2023 оны төсвөө ярина. Тэгэхээрээ зардлаа бууруулж, хөрөнгө оруулалт тал дээр бүтцийн оновчтой шийдэл гаргах шаардлагатай байна. Инфляци ирэх жил ямар байх нь тодорхойгүй байгаа энэ үед шинэ хөрөнгө оруулалт авахгүйгээр эхлүүлснээ дуусгана. Бид гадаад өрийг нэмэхгүй. Өнөөдрийг хүртэл нийтдээ 2012 оноос хойш Засгийн газрын долоон бонд гарсан байдаг. Ганц "Чингис" бондоор 1.5 тэрбум төгрөгийн төсөлг хөтөлбөр хэрэгжүүлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Бид хөрөнгө оруулалтыг багасгана гэж буй. Яг хөрөнгө оруулалтын орон зай ямар байгаа вэ. Ирэх жилийн дүр зургаа мэдмээр байна. Өрийн бодлого зохицуулалтыг Сангийн яам хариуцдаг. Гэтэл өр үйлдвэрлээд байна гэдэг. Мэдээж УИХ бодлогоо тодорхойлно. 2020 оны гадаад өрийн үлдэгдэл 2018 оноос 4.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 33.2 тэрбум ам.доллар болсон нь гадаад валютын нөөцөөр 7.5 дахин их байна гэж аудитын тайланд дурджээ.

Өрийн бодлого зохицуулалтын асуудал сайн биш гэж дүгнэсэн гэсэн үг. Төсвийн байнгын хороо яаж дүгнэлт хийж байгаа юм бэ. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын үед өр нэлээн нэмэгдсэн нь харагдаж байна. Энэ өрийн удирдлагын тогтолцоог хэрхэн харж байна вэ. Бид зарлага багасгах тал дээр сайн ажилласан. Одоо цомхтголын асуудал яригдах уу?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Бид 2019-2022 он болон 2023-2025 оны өрийн удирдлагын стратегийг хэлэлцэж байна. Бид өнгөрсөн хугацааны өрийн байдлыг дүгнэж ярих ёстой. Таван дүгнэлт хэлье. Өнгөрсөн 2019-2022 онд Засгийн газар хоёр л бонд гаргасан. Нэг "Номад", нөгөөх нь "Century" бонд. Хоёулаа өмнө байсан бондын бүтцийг өөрчлөх бонд. Өөрөөр хэлбэл, энэ бондын мөнгөөр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулаагүй. Өмнө нь авсан тав, зургаан бондын бүтцийг өөрчилж, дахин санхүүжүүлэх зорилгоор авсан бонд бөгөөд хугацаа нь урт, хүү бага гэсэн үг. Энэ бонд нь зөв зүйтэй байсан болов уу.

Дараа нь Засгийн газар нэг ч баталгаа гаргаагүй. Арилжааны нөхцөлтэй нэг ч төгрөгийн зээл авч, дотоодод үнэт цаас гаргаагүй. Нийтдээ 2016 онд дотоодод гаргасан үнэт цаасны хүүд 650 тэрбум төгрөг төлдөг байсан. Өнөөдөр энэ 150 тэрбум төгрөг төлж байна. Бид 550 тэрбум төгрөгийг хүүд өгдөг байсныг буулгаж чадсан. Дээр нь нэг ширхэг ч концессын гэрээ байгуулаагүй.

12 : 41
2022-5-19

"Монголбанкны инфляцийн зорилтот түвшин бараг 2 дахин нэмэгдсэн"

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Өнөрболор гишүүн танилцууллаа. 

Хэлэлцэх асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бид 2023-2025 онд улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүр зураг харагдах чухал баримт бичгийг хэлэлцэж байна. Баримт бичгийн гол үзэл баримтлал нь улсын макро эдийн засгийн төлөвийг харуулж буй. Үндэсний статистикийн газрын сүүлийн мэдээллээр, инфляци бараг 15 хувьтай, эдийн засгийн өсөлт 3.8 хувь болчихоод байна. Энэ бол маш ноцтой статистик үзүүлэлт. Үүнд гадаад, дотоод нөхцөл байдал нөлөөлж байгаа байх. Гэхдээ бид энэ үед дотоод нөхцөл боломжоо ашиглах талаар 2021 оноос ярьж, "10 их наядын хөтөлбөр" гэх мэт арга хэмжээ авсан. Тэглээ гээд -3.8 хувь руу орчихоод байна. Дээрээс нь 2023 оноос эхлэн гадаад өрийн дарамт нэмэгдэнэ. Иргэдийн худалдан авах чадвар маш тааруу болжээ. Үнэ ханшийн өсөлтийн дарамт бодитоор мэдэгдэж байгааг иргэд хэлж байна. Энэ асуудлыг яаж бодитоор тооцоолж байна вэ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монголбанкны үндсэн чиглэл дэх инфляцийн зорилтот түвшин бараг хоёр дахин нэмэгдсэн. Ийм өндөр инфляцитай үед төсвийн гүйцэтгэлээ гаргаж байна. Өрийн удирдлагын стратегийн тайланг тавьж байна. Энэ жилийн нэгдүгээр улирлын өсөлтийн дүн өнгөрсөн жилийн нэгдүгээр улирлын өсөлттэй харьцуулсан дүн юм. Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр улиралд бид багагүй өсөлттэй гарсан.

Засгийн газрын "10 их наядын хөтөлбөр" амжилттай хэрэгжиж эхэлсэн. Дотоод эдийн засгаа эрчимжүүлэх арга хэмжээ авсан. Үүнтэй харьцуулбал, энэ оны нэгдүгээр улирлын дүн буурсан. Харин жилийн эцэс рүүгээ эдийн засгийн өсөлт нэмэх гарах дүр зураг харагдаж байгаа. Оруулж ирж буй төсвийн хүрээний мэдэгдэлд 2023 оныхыг 2022 онтой зэрэг баталсан.

Энэ оны эдийн засгийн бага өсөлтийн суурин дээр жилийн эцсээр 5 хувийн өсөлттэй байна гэж төлөвлөсөн. Инфляцийн хувьд төв банкнаас өгсөн тоогоор 2023 оны эцэс гэхэд 8 хувийн голчтой байна гэж төсөөлсөн. Ингэж ирэх оны эдийн засгийн төсөөллийг хийсэн. ДНБ-ий хувьд энэ 5 хувийн өсөлтөө хадгалж, хамгийн бодитоор орлогоо төсөөлдөг. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Бид хууль баталдаг. Төсвийг тойрсон том хулгай хийдэг схем манай УИХ дотор байна. Бид 2019 онд Үндсэн хуульд УИХ дураараа төсвийн зарлага нэмэгдүүлдэг байдлыг таслан зогсоож, Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэмжээнд зарлагыг баталдаг ийм өөрчлөлт хийсэн. Тэгээд төсөв шударга, тогтвортой, улс төрийн барилга барьж, мөнгө угаадаггүй боллоо гэсэн. Би ч гэж би. Их романтик хүн юм. Үүнд нь итгээд л.

УИХ-д анх удаа сонгогдож, хоёр удаа төсөв баталж үзлээ. Засгийн газраас өргөн барьсан төслийг Төсвийн байнгын хороо нааш цааш нь  болгодог юм байна. УИХ-ын гишүүд Төсвийн байнгын хорооноос их хамааралтай. Тэр гишүүний улс төрийн хувь заяаг энэ байнгын хороо баздаг. Хадаг барьж гуйлгаж, царай хардаг. Гишүүдийг ялгадаг. Ар өврөөр нь төсвийг нь мэддэг.

Миний хувьд нэг л асуудал дээр төсөв ярьж байгаа. Би хамгийн том Баянзүрх дүүргийн 30 мянган хүнтэй 26 дугаар хороонд нэг сургууль барья гэсэн. Энэ оны төсөвт таван тэрбум төгрөг суулгасан ч хэмнэлтийн бодлогын хүрээнд 1.4 тэрбумыг нь хасчихсан. Нэгэнт улсаараа хэмнэж байгаа юм даа гэсэн, бусад гишүүдийн тойрог дээр нэмчихсэн.

Сая 2022 оны тодотгол дээр сарын өмнө Увс аймагт нэмсэн байна лээ. Бас манай Баянзүрх дүүрэгт "Шинэ хөдөө" төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэнэ. Төсвийн хулгай энд байна. Засаг дээр биш байнгын хороон дээр бужигнуулдаг байх жишээтэй. 

УИх-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Бид одоо төсвийн төсөөлөл ярьж байна. Төсвийн тодотголоо сарын өмнө шийдчихсэн. Төсөв яаж хэлэлцэж, баталдаг асуудал хуулийн дагуу явж байгаа. Тэнд хэн нэгэн хүн илүү эрх мэдэл эдэлж шийддэггүй. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр гишүүд дотор нь өөрийнхөө тойрогт холбоотой асуудлаар нөхцөл байдлыг нь үзэж байгаад хийх ажлын бага сага хөдөлгөөн хийдэг. Үүнийг УИХ-ын гишүүд гаргаж өгдөг. Тэрнээс биш хэн нэгэн илүү эрх мэдэлтэй хүн байдаггүй юм.

Ч.Хүрэлбаатар гэдэг хүнд дургүй байж болно. Гэхдээ УИХ руугаа нулимаад байх шаардлага байхгүй. Хэлж ярьж байгаа үгэндээ хариуцлагатай байх ёстой шүү. Баянзүрх дүүрэг дээр "Шинэ хөдөө" төсөл хэрэгжүүлж байгаа бол эзнийг нь олоод, тэр асуудлаа ярь. Битгий хий үсчээд бай.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-АНУ-ын биржийн индексүүд том уналтад орлоо. Энэ нь манайхаас хол сонсогдож байгаа ч өгч буй сигналь нь ач холбогдолтой. Учир нь америкчуудын өдөр тутмын бараагаа худалдаж авдаг сүлжээ дэлгүүрүүдийн ханш эрс унасан. Үүнд юу нөлөөлсөн бэ гэхээр тээврийн хэрэгслийн зардал, үнийн өсөлтөөс шалтгаалан энэ компаниудын ашиг төсөөлж байснаас 25-30 хувиар буурчээ. Энэ том зах зээл уналтад орж байна.

Манайд бүр томоор мэдрэгдэнэ гэж бодож байна. Үнийн өсөлтийг 2023 онд найм, 2024, 2025 онд зургаан хувь гэдэг худлаа. Өнөөдөр 14.4 хувийн инфляцитай байхад яаж ирэх жил найм болгох юм бэ. Одоогийн дэлхий даяарх үнийн өсөлт урт хугацаанд үргэлжилнэ. Үүнд, Сангийн яам, Монголбанк хэрхэн анхаарч байна вэ. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-ОУВС-гаас өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувь гэдэг бол 2028 оноос хойш ийм байх тооцоолол гаргасан байдаг юм. Бид дунд хугацааны стратегийн тайлангаа тавьж, шинэ гурван жилийн стратегиа тогтоолоор батлуулах гэж байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн стратегийг маш сайн барьж ирсэн. Үүний үр дүнд арилжааны шинэ өр, төсвийн алдагдлыг санхүүлжүүлэх гадаад өр нэмэгдээгүй. Байгаа өрийнхөө хугацааг уртасгаж чадсан. Дунджаар зургаан жил байсан өрийг 8.5 жил болголоо. Хүүг нь 3.5 хувь болгон бууруулж чадсан. Ингээд бид өнгөрсөн гурван жилд өрийн бүтцийг сайжруулах стратеги хийсэн.

Сангийн сайд Б.Жавхлан:

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зөв асуудлыг хөндлөө. Захууд дээр ойрын хугацаанд хэлбэлзэлтэй байна. АНУ-ын зах зээлийн мэдээллийг харж амжсангүй. Өрийн бүтцийн хувьд ирэх гурван жилд онцгой анхаарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жил юун өрийн бүтэц байх вэ. Зардлаа түрүүлж бууруулъя. Өрөө нэмэхгүйгээр дахин санхүүжүүлэх хэлбэрээр өрийн хугацааг бууруулах зарчмаар ажилласан. Ирэх гурван жил эрсдэлийн бүтэц рүү ажиллана.

Манай өрийн 98 хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэж буй. Ханшийн эрсдэлд маш мэдрэмтгий байна гэсэн үг. Ирэх жилүүдэд төсвийн бодлоготой уялдуулж, аль болох төсөв дотроо орон зай гаргаж, гадаад өрөө төсвөөс бууруулж, ханшийн эрсдэлээс өөрсдийгөө суллах шаардлагатай. Тэгснээр дотоод зах зээлийн бондыг илүү идэвхжүүлж, тэлнэ. Одоо шилжилтийн үед дотоодын бонд гаргах боломжгүй. Аль болох гадаад өрөө төсвөөс төлж барагдуулаад, дотоод бондоо тэлэх шаардлагатай гэж бодож байна. 

10 : 36
2022-5-19

"Үндэсний баяр наадмын тухай хууль маргааныг цэгцэлж чадахгүй байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан тов дарааллыг өөрчлөх, горимын санал гаргах дэгийн дагуу УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар үг хэлэв.

Тэрбээр "Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулж байр сууриа илэрхийлье. Өнөөдөр төрийн сүлдэндээ монгол морио залсан монголчууд энэ хуульд онцгой ач холбогдол өгөх нь зүйтэй. Монголын өв соёлын нэг хурдан морины уралдаан юм. Гэтэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улс төр, эрлийз мориор бизнес хийдэг хүмүүсийн оролцоотойгоор энэ наадам зугаа цэнгэл, алдар цол, байр шагналын төлөө болсонд сэтгэл эмзэглэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ хуулийн үзэл баримтлал монгол наадмын маргааныг цэгцлэх ёстой байсан. Гэтэл тийм байж чадахгүй байна. Энэ хуульд төрийн үүрэг оролцоог зөвхөн мэргэжлийн холбоод руу түлхэж, төрөөс алдаа завхралыг засахыг хүсэхгүй байгаад харамсч байна. 

Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын оролцдог асуудал, оролцдоггүй асуудал гэж баймаар байна. Монгол морь, эрлийз морины тухай олон жил ярьж ирсэн. Монгол адууны сэлдийг нь тайрч байхад гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээсэн салбарын сайд Х.Нямбаатар, мал хамгаалах үүрэгтэй З.Мэндсайхан нар чих нь дүлий сууж байна" гэв. 

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

Тэрбээр "Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2022 оны тавдугаар сарын 12, 13-нд хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх санал дүгнэлт явуулж, танилцуулж байна. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тогтоолын төслийн тав дахь заалтыг 2022 оны зургадугаар сарын 13-наас эхлэн дагаж мөрдөнө гэж өөрчлөх, тогтоолын төслийн хавсралтын агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёог жигдлэх, дэд заалтыг дугаарт нийцүүлж өөрчлөх, техникийн засвар хийх саналыг олонх дэмжсэн болно" гэв. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хоёр гурван асуулт байна. Жилийн төлөвлөгөө боловсруулж, баталдаг болоод хоёр жил болж буй. Ноднин бас анхных гээд баталж байсан. Энэ удаа хоёр дахь удаагаа орж байгаа учраас сайн боловсруулсан байх гэсэн тийм юм алга. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад бага хугацаа үлдэж байна. Ирэх 2023 он Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүтэн жил ажиллах сүүлийн боломж.

Энэ оны төлөвлөгөөнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан асуудлуудаас дутууг нь гүйцээх, таван жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээс гүйцээх гээд олон асуудал баймаар байна. Байнгын хороон дээр яриагүй юм уу. Зарчмын зөрүүтэй, найруулгын шинж чанартай хоёр л асуудал орж ирсэн байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна гэж тооцож байна вэ. Таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэдэн хувьтай гэж тооцоолж байна. Ирэх жил хэдэн хувьд хүргэх вэ. Хоёрдугаарт, жилийн төлөвлөгөө дотор өрхийн орлого, ядуурлын түвшин сайнгүй л байна. Ирэх 2023 оны төлөвлөгөөг харахаар Засгийн газар, яамдын төлөвлөгөөнд орчихоор жижиг санал байхгүй, бодлогын юм их байна тусгагдсан байна. Тухайлбал, ирэх жил цалин хөлс, өрхийн орлого, ажил эрхлэлтийг яаж нэмэгдүүлэх вэ. Үүнтэй холбоотой асуудал төлөвлөгөөнд огт алга. Бид ийм асуудлыг анхаарахгүй яваад байх уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-УИХ-ын гишүүн С.Чинзоригийн асуултад хариулъя. Бид дунд хугацаанд төлөвлөсөн байсан Монгол Улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ноднин жил бүрээр төлөвлөхдөө жил жилд нь хуваасан. Тухайлбал, 2021 онд таван жилийн үндсэн чиглэл 15 хувь, 2022 онд 38, 2023 онд 61 хувийн биелэлттэй байна гэж төлөвлөсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр маань 2021 онд 20, 2022 онд 42, 2023 онд 67 хувь байна. Ингээд 2024 оны сонгуульд орно. Шинэ хуулийн дагуу анхны төлөвлөлтөө ноднин жил хийсэн.

Анхны төлөвлөлтийн гүйцэтгэлийг гаргахад эрт байна. Хагас жилийнхээ хугацаанд явж байна. Жил жилийнхээ гүйцэтгэлийг хангаад явах нь чухал. Энэ жилийн хувьд төлөвлөлтийн нэлээн сайн хийсэн гэж бодож байна. Төсвийн гүйцэтгэлтэй нарийн тооцож оруулсан.

Ажлын хэсгээс статистик танилцуулав. Ажлын байрны талаар 2020 оноос хойш 28390 мянган ажлын байр бий болсон. Хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний оролцоо цар тахлын улмаас багассан ч 2021 оны эцсийн байдлаар 58.3 хувьтай болсон. Бодлогын хувьд халамжаас илүү хөдөлмөрийн зах зээлд нийцсэн ур чадвартай ажилтан бэлтгэх зорилго, зорилт тусгасан. Бүтээлч хөдөлмөрийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээг тусгасан. Цаашид хөдөлмөр эрхлэлт тогтвортой өсөхөөр байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Ажлын байрыг хадгалах, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих чиглэлд онцгой анхаармаар байна. Зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч ажилтнуудын тоо 2021 онд 200 мянгаар буурсан гэсэн судалгаа байна лээ. Тэр хэмжээгээр ажлын байр хумигдсан гэсэн үг. Хоёр дахь асуудал нь төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилт орон нутагт их тааруу байх юм. Тухайлбал, би Өвөрхангай аймгийн хэдэн сумаар явахад ноолуурын үнэ 90 мянган төгрөгөөс доош орсон гэж байна. Энийг 100 мянга хүргэх арга байна уу. Тариалан эрхлэгчдийг дэмжихээр 100 тэрбум төгрөгийн зээл олгож байгаа гэсэн орон нутагт хэрэгжихгүй, 10 га талбайгаас дээш гэж заахаар хэдхэн аж ахуйн нэгж л хамаарна биз дээ. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Бид энэ асуудлыг анхааралдаа авч, салбар яаманд дамжуулъя. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатарын саналаар энэ асуудлаар хоёр цагийн завсарлага авч, түр хойшлуулав.

10 : 19
2022-5-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.05.19/-ийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах 16 асуудлыг хэлэлцэнэ. 

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр, Засгийн газар 2019.04.30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 12 гишүүн 2021.03.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

· Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар

· Бусад

“Их хуралдай” танхим

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж